Францын ерөнхийлөгч ба Францын мэдээллийн хэрэгслийн харилцаа
Өөрийгөө өөрчлөлтийг дэлгэрүүлэгч, орчин үеийн хэв загварыг түгээгч мэтээр “сурталчилдаг” Францын ерөнхийлөгчийн нэр хүнд сүүлийн үед ихээр унах болсон нь түүний мэдээллийн хэрэгсэлтэй “буруу” харилцаатай байдагтай холбоотой байж болох аж. Тэрбээр эрчимтэйгээр уруудаж буй “хүчээ” сэргээх гэж тэмцэлдэж байгаа бөгөөд мэдээллийн хэрэгсэлтэй ажиллах шинэ стратеги боловсруулах тал дээр анхаарч байгаа юм байна.
BBC-ийн сэтгүүлч Эмма Жэйн Көрби өөрийн нийтлэлдээ Ерөнхийлөгч Николас Саркози тус улсын ерөнхийлөгч болон мэдээллийн хэрэгслийн хоорондын харилцааг хэрхэн шинэчлэн өөрчилсөн, энэ нь Франц улсын сэтгүүл зүйд ямар нөлөө үзүүлсэн талаар сонирхолтой зүйлс бичсэнийг хүргэж байна.
Францын мэдээний Le Point сэтгүүлийн ахлах эрэн сурвалжлах сэтгүүлч Жиан-Марие Понтаут инээмсэглэн хэлэхдээ: “Юу гээч, би Саркозигийн зарим чанаруудыг биширдэг юм. Нэг талаасаа тэрбээр зааж, захирсан байдалтай харьцдаг, харин нөгөө талаасаа өмнөх ерөнхийлөгчдөөс хамаагүй илүү нээлттэй ханддаг.” гэв.
Жиан-Марие бид хоёр Саркозигийн өөрийн орны мэдээллийн хэрэгсэлтэй ажилладаг хэцүүхэн боловч сонирхолтой харилцааны тухай ярилцсан юм.
Ерөнхийлөгч Саркози жижигхэн дэлгэцийг дүүргэдэг, гэтэл хуучин ерөнхийлөгчид телевизээр ховорхон үзэгддэг, хувийн амьдрал, мэдээллээ төрийн нууц шигээ л далд, халдашгүй нууцлаг байлгадаг байсан.
“Саркозигийн уурын талаар ...” гэж Жиан-Мариег эхлэхэд би хэдэн жилийн өмнө Францын удирдагчын хөндлөнгийн иргэнтэй бүдүүлгээр харьцаж буйг нь авчихсан азгүй бичлэг гарч байсныг саналаа. “Саркозигийн уур бол бэлэн байж байдаг.” хэмээн тэрбээр үргэлжлүүлээд “Гэхдээ ерөнхийлөгч агсан Жакюз Чирак ч бас муухай авиртай хүн, зүгээр л тэрийгээ олон нийтийн өмнө ил гаргадаггүй байсан. Саркозигийн зан авир нэлээд “хэтэрсэн” мэт байдаг, гэхдээ тэрбээр ерөнхийлөгчийн засаглалд ил тод байдлыг тодорхой хэмжээгээр танилцуулсан. ” гэлээ.
Харин түүний мэдээллийн хэрэгслийн ноёрхлын тухай ярьвал: Аль ч франц ерөнхийлөгч Николас Саркози шиг мэдэээллийн хэрэгсэлтэй “үерхэж” байгаагүй билээ. Францын Ерөнхийлөгч улс төрийн ажил мэргэжлийнхээ өнгөрсөн 30 жилийг өөрийн мэдээллийн хэрэгсэл дэхь дүрийг “бүтээх”-ийн төлөө хичээн “хөдөлмөрлөж” өнгөрүүлсэн.
Тэр ч байтугай тэрбээр Кеннеди-маягийн буюу “од” хэлбэрийн загварыг уламжлалт, албаны маягийн Францын улс төрд гаргаж ирсэн. Тухайлбал тэрбээр хэвлэлийнхэн түүний далайн эрэг дээр шорттой зогсоод усны хувцастай поп дуучин, модел эхнэр Карла Бруниг үнсэж буй зургийг нь авахыг зөвшөөрдөг юм.
Энэ нь хуучны хатуу хадгалагдсан хуулийг өршөөлгүйгээр эвдсэн хэрэг байсан ч Ерөнхийлөгч Саркозигийн хувьд бол түүний стратегийн “заль мэх” байдаг юм.
Түүний ерөнхийлөгч болсноосоо хойш хийсэн хамгийн гол цохилт бол тэрбээр хоёр дахь эхнэр Сисилиагаас салахаар болсноо зарласан явдал байсан. Дараагийн өглөө нь сонины эхний нүүрүүд бүхэлдээ түүний салалтын талаарх мэдээлэлд зориулагдсан байхад долигонуур бус үйлдвэрчний эвлэлүүдийн маргаан дотоод хэсэг буюу хамгийн чухал бус булан руу шахагдсан байсан шүү дээ.
Гэвч ерөнхийлөгчийн мэдээллийн хэрэгслийн ноёрхол дандаа уян зөөлөн байдаггүй...
Түүнд таалагдаагүй буюу дургүйг хүргэсэн сэтгүүлчид амархан солигддог. Үүний нэг жишээ бол Францын хамгийн олон үзэгчтэй ТВ суваг болох TF1-д удаан тогтсон гол сэтгүүлчийн хувь тавилан байсан юм. Учир нь тэрбээр G8-ын дээд хэмжээний уулзалтын өмнө Францын Ерөнхийлөгчөөс түүнд “том хөвгүүдийн өрсөлдөөний талбар дээр бяцхан хүү шиг санагдаж байна уу?” гээд асуучихсан аж.
Мөн ерөнхийлөгчийн үнэнч бус байдлын талаар баримтгүй цуурхал нийтэлдэг байсан Sunday хэмээх интернэт сонины редактор дуугүй болжээ. Үүний адил тэр үед ерөнхийлөгчийн нууц харилцааны талаар түүний эхнэр байсан Сисилиагийн өгсөн үнэн түүхийг нийтэлсэн сэтгүүлийн редактор ч бас алга болсон билээ.
Одоогоор Николас Саркозигийн France Televisions -ийн инженер рүү “Сайн байна уу?” гэж мэндлээгүйн төлөө хашгирч буй дүрсийг ил гаргасныхаа төлөө өөр нэг франц сэтгүүлч шоронд хоригдох ял аваад байна.
Саркозигийн хувьд сэтгүүлчдийн ажил мэргэжлийг зохицуулж, эвдэхэд тун амархан байгаа шалтгаан бол Францын тэргүүлэх сонин, сэтгүүл, хувийн ТВ-үүдийн олныг нь түүний дотны найз нар эзэмшдэг буюу тэд Францын хамгийн баян, тэргүүлэх үйлдвэрүүдийн эзэн хүмүүс байдаг аж.
Ерөнхийлөгчийн найз нараас нэг нь эзэмшдэггүй Le Pointсэтгүүлийн сэтгүүлч Жиан-Мариегийн харамсан өгүүлж байгаагаар Францын хэвлэл болон ерөнхийлөгчийн хооронд тодорхой хэмжээний хүндэтгэл бишрэл оршсон хэвээр байгаа аж.
ТВ-ийн хөтөлбөрт оролцуулахыг хүсвэл Ерөнхийлөгчийн Ордон заримдаа сурвалжлагчын нэрийг заадаг тул зочныг сандаргах зүйлс гардаггүй байна.
Гэхдээ Францын хэвлэл эсэргүүцэн тэмцэж байгаа гэдэг бодол дээр Жиайн-Марие надтай санал нэгдэж байгаа. “Сэтгүүлчид эхэндээ Саркозид автаж байсан. Гэвч одоо бол тэд “хууртах” нь бага болчихсон гэвэл болох байх. Тэрбээр “өдөөх” чадвартай. Нөгөө талаасаа тэрбээр биднийг захирч чадна гэж боддог, тэгээд тэр хэвлэлийн эсрэг ямар нэг хатуу зүйл хийх бүрт л түүний эсрэг шүүмжлэл шууд л ам дамжин дэгдээд л, дэгдээд л байдаг.
Николас Саркози 2012 оны сонгуульд дахин зогсох талаар төлөвлөж байгаа эсэхээ зарлаагүй байгаа ч тэрбээр хэрэв ялах бодолтой байгаа бол түүнд ардаа хэвлэлийн олонхийг байлгах нь зайлшгүй хэрэгтэй байх болно гэдгийг тэр мэдэж байгаа.
Ерөнхийлөгчийн үнэнч найз болох Le Figaro сонинд бичсэн нийтлэлд өгүүлэхдээ түүний одоогоор хийх эн тэргүүний чухал зүйлсийн нэг нь Францын хэвлэл болон түүний хооронд буй хайрлах-үзэн ядах маягийн харилцааг хэвийн байдалд оруулах юм гэсэн байна.