Д.Ганхуяг: Би ангийнхаа гишүүдийг “шал дүлий” гэж дүгнэж байгаагүй
УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг "Ярилцах танхим"-даа урилаа.
-Саяхан таны орчуулсан "Өөрийгөө хурцлахуй" номыг уншсан. Яг үнэндээ энэ чиглэлийн ном зарим үед хэт их ухаантай амьдрахыг заадаг ч үнэхээр тухайн зохиогч, орчуулагч нь тэр бүтээлийн агуулга шиг тийм гайхалтай байж чадсан уу гэдэг нь надад сонирхолтой санагдах үе байдаг. Иймд би өөрийг тань "Өөрийгөө хурцлахуй" номын зааварчилгаа шиг тийм үлгэр жишээ хүн мөн үү гэж асуумаар байна?
-Энэ бол орчуулгын ном. Уг номын гол сэдвүүдийн зарчим нь надад их таалагдсан. Тэгээд л орчуулсан. Анх хэвлэгдсэн даруйдаа АНУ-д бестселлер болж байсан юм билээ. Миний хувьд би байдгаараа л байна. Ганхуяг гэдэг хүн хэн байсан тэр хэвээрээ л байж ирсэн. Мэдээж тэр номын зарчим, санаанууд нь таалагдсан гээд бодохоор миний амьдралын мөрдлөгөд ойрхон байсан гэж ойлгож болно. Хүнд өөрийн гэсэн нэг ерөнхий дүр зураг байдаг даа. Тэр үүднээс нь харвал миний амьдралдаа мөрддөг олон зарчим тэр номын агуулгатай нийцдэг гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Ер нь зөвхөн сайн ном ч бус энгийн сайхан ярианд хүртэл авууштай санаа, оноо олон байдаг шүү дээ. Тэгэхээр тэр номыг уншсан хүмүүс ч гэсэн авах, гээхийн ухаанаар л хандах хэрэгтэй байх.
-Уг номын наймдугаар хэсэгт "Нэр алдgр, магтаал сайшаалын "булгаас" оргилон гарах ус адил "амттай сайхан ус" энэ хорвоод байхгүй л болов уу. Харин энэ уснаас уух гэж ирж байгаа хүмүүсийг аюул хүлээж байгааг тэд тэр болгон анзаардаггүй. Нумыг хөвчлөн татсан гар яг отолтонд орчихсон байдаг гэдгийг санагтун" гэсэн байдаг. Танд ч гэсэн энэ болгоомжлол байдаг уу. Таныг магтах хүн хангалттай олон байдаг шүү дээ?
-Үүнийг нэр төрд хэт шунавал хүний ухаан самуурч, ирж буй цагийн аюул, ослыг анзаарахгүй болох тал байдгийг арай өөрөөр илэрхийлсэн санаа гэж ойлгож байна. Нөгөө талаас амьдралд "Урмыг нь хугалснаас, ууцыг нь хугалсан нь дээр" гэдгийг бодолцох тохиолдол олон байдаг. Хүн тэр бүхнийг ялгаж сурах хэрэгтэй. Хэт их магтаалд толгойгоо эргүүлчихсэн хүн өрөөл бусдад төдийгүй нийгэмд асар их хор хөнөөл учруулсан жишээ олон байдгийг бид өдөр тутмын амьдралаасаа анзаардаг. Нэг ёсны амьдралыг уулаар дүрсэлбэл бид их удаан авирдаг ч маш хурдан буудаг. Үүнийг бодолцоход гэмгүй гэж боддог.
-Тухайлбал Та юунаас болгоомжилдог вэ?
-Хар, цагаан хэл амнаас ихээхэн болгоомжилдог. Мөн бусдад хүндрэл учруулахгүйн тулд аливаад болгоомжтой, бодолтой хандах тохиолдолд гардаг л юм.
-Таны ажил болоод бизнесийн салбарын хамгийн найдвартай түнш тань, найз тань Ц.Сэдваанчиг гишүүн яах аргагүй мен. Та хоёр Улсын багшийн их сургуулийн оюутны ширээнээс хамтдаа Япон явсан, Японоос ирээд "Говь" компанид ажилласан, "Бридж" группийг хамт байгуулсан гээд бүхий л түүхээ хамтдаа бичиж байгаа найзууд. Та хоёрыг юу ингэж холбодог юм бэ?
-Бид олон жил нөхөрлөж явна аа. Цаг хугацааны хувьд гэвэл бидний нөхөрлөл 25 жил болж байна. Хүний хуучин нь, дээлийн шинэ нь гэдэг үг байдаг даа. Хүмүүс тэр бүр анзаардаггүй ч цаг хугацаа шиг үнэтэй зүйл хүний амьдралд байхгүй. Иймээс бид хэн хэнийхээ давуу болон сул талыг сайтар мэднэ. Цаг хугацааны шалгуураар ч, амьдралын нөмөр нөөлөг, сайн нөхрийн тус дэмээр ч, ажил хэргийн найдвартай хамтрагчийн хувьд ч Сэдваанчиг бид хоёрт энэ 25 жилийн хугацаа бол үнэхээр хэзээ ч нурахааргүй тийм гайхалтай итгэлцлийг бий болгосон.
-Өнөөдөр УИХ-д мөн л та хоёр хамтдаа сууж байна. Улс төрийн асуудлаас болоод зөрчилдөх үе бий юу?
-Хүн л юм хойно енгөрсөн хугатанд ч, өнөөдөр ч зөрчилдөх зүйл байлгүй л яах вэ. Хүн бүрийн гарын хээ хүртэл байдаг өөр биз дээ. Миний бодлоор сайн нөхөд гэдэг бол бие биенээ учир, утгагүй дагалдахын нэр биш. Гол нь өөр, өөрийнхөөрөө байх. Нэг нэгэндээ харилцан шүүмжлэлтэй хандаж, зөв үед нь хурцалж, алдаж эндсэн үед дэмжиж, тусалдаг байх хэрэгтэй. Түүнээс бус би л чамтай найз гээд тэр хүнийг өөртэйгээ адилхан бодолтой, адилхан шийдвэр гаргадаг байх ёстой гэж үзэж болохгүй. Тусмаа улс төрд тийм тулгалт бүр ч хэрэггүй. Харин үүний оронд хүн бүхэн өөр учраас зөвхөн бие биедээ хэрэгтэй байдаг байх нь чухал. Бид хоёрын нөхөрлөлийн зарчим бол ерөөсөө л энэ.
-Та өөр хэр олон найзтай вэ. Найз нөхдөөсөө харилцаагаа таслах үе танд байсан уу. Бизнесмэн болоод улстөрчийн хувьд найз нөхдийн харилцаа гэдэг их хатуу шалгууртай болдог гэх яриа бий?
-Найз нөхөд бий. Тэгтлээ харилцаагаа таслаад байсан тохиолдол байхгүй. Ажил бол амьдралын жамаар ойртох холдох, холдох ойртох гэсэн эргэх хөдөлгөөн бол байнга л явагдаж байдаг. Гэхдээ дээр дурьдсан зарчмыг баримталж явбал найз нөхдөөсөө харилцаагаа таслахгүй байх боломж бий. Бидний хооронд ямар нэгэн зөрчил гарлаа гэхэд би аль болох эхлээд бурууг өөрөөсөө хайж, тухайн нөхцөл байдалд өөрийгөө түүний оронд тавьж үзэх замаар асуудлыг зөвөөр ойлгохыг хичээдэг. Тэгэхгүйгээр миний бодол л ганцхан зөв гээд зүтгэчихвэл хажууд хэн ч үлдэхгүй шүү дээ.
-Та нэг ярилцлагадаа "шунал"-ыг хамгийн их жигшдэг гэж ярьсан байсан. Гэтэл хүмүүс бизнес эрхлэгчдийг цадаж ханахгүй шуналтай хүмүүс, яагаад мөнгөний хойноос ингэж үхэн хатан зүтгэдэг байна аа гэх нь бий. Тэгэхээр таны бизнесийн зорилго юу юм бэ?
- мэдээж бусдын гарыг харахгүй амьдрах гэсэн гол зарчим надад байдаг. Бидний сайн мэдэх "Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас" гэсэн сургаал ч байна. Эдийн засгаа тодруулбал, иргэдийнхээ өрсөлдөх чадвар хийгээд тэдний амьжиргааны түвшний өсөлтөөр дамжсан зах зээлийн эдийн засгийг хөгжүүлж чадсан орнууд хөгжил өндөртэй байна. Нөгөө талдаа тэд хувийн өмч, хувийн хэвшилд суурилсан эдийн засгийг хөгжүүлж чадсан. Би энэ зорилгоор бизнесийн салбарт зориг шулуудан ажиллаж байсан. Ер нь буруу замаар олсон орлогоос гарз нь дээр байдаг юм. Хүн гарз гарлаа гэхэд нэг удаа харамсаад л өнгөрдөг. Харин буруу замаар мөнгө олоод байвал энэ нь насан туршдаа "бэтэг үмхэнэ" гэсэн үг. Бүх муу юмны үндэс хэрээс хэтэрсэн шунал гэдэг үг үнэний ортой санагддаг юм.
-Анх "Бридж" группийг байгуулж байх үедээ та ирээдүйгээ хэрхэн төсөөлж байв. Таны зорьж байсан тэр амжилтад өнөөдөр танай групп хүрч чадсан уу?
-Их л сайхан гэгээлгээр төсөөлж байсан. Анх компаниа 1991 онд байгуулж байлаа.Одоогийн хүрсэн түвшин чамлахаар амжилт биш. Хамгийн гол нь хууль, шударга ёсыг дагаж ирсэн. Энэ группийн цаашдын хөгжлийг ч би гэрэлтэйгээр хардаг. Анхнаасаа компанийнхаа алсын харааг Монгол, Японыг холбосон, цаашлаад дэлхийг Монголтой холбох оюун санааны бизнесийн гүүр болгоно тодорхойлж байсан.
-Анхны зорилго гэхэд танд дэндүү том санагдаж байгаагүй юу?
-Ерөнхийдөө нэлээд амбицтай санаа байгаа биз. Одоогийн байдлаар худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт 800 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн 10 жилийн турш "Үндэсний топ-100" аж ахуйн нэгжээр шалгарсан цөөхөн хэдэн компанийн нэг. Анх СЭЗДС-ийн жижиг умгар өрөөнд өдөр бүр гурвуулаа зэрэгцэж суугаад л баахан ярьдаг байсан юм. Тэгж байгаад орчуулга, зуучлалаар ажлаа эхлүүлсэн. Тэр үед Япон болон барууны орноос манайд зээл тусламж анх орж ирж эхэлсэн. Тэгээд л орчуулгынхаа өдрийн хөлсийг эхний удаад таван ам.доллараар тооцож байснаа сүүлдээ 120 ам.доллар болгож өсгөсөн.
-Компанийн санхүүжилтийг хаанаас гаргаж байсан бэ?
-Анхны бизнесийн санхүүжилтэд япон найз нөхөд их тус хүргэсэн.
-Олон хүний хувьд "Бридж" групп яг Японы зарчмаар ажилладаг. Ажил хэрэг хөөцөлдөхөд их амар байдаг гэх нь бий. Нөгөө талд танай группын цаана япончуудын эрх ашиг байдаг гэсэн таамаг ч дагалддаг. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Хувь нийлүүлэгчид нь Японд боловсрол эзэмшсэн учир япон маягийн менежмент байдаг байх. Гэхдээ одоо анзаараад байхад энэ менежментийн бодлого Монголын өнөөгийн нөхцөлд тийм их тохиромжтой биш юм шиг байгаа юм. Заримдаа ч бүр "Үхэр тэргээр туулай гүйцнэ" гэдэгтэй адилхан санагддаг. Гэхдээ мэдээж сайн тал нь илүү. Цаана нь япончууд байгаа гэдгийн хувьд "Бридж групп"-ийн толгой компанид гадныхан ердөө таван хувийн л хөрөнгө оруулалт хийсэн. Тэр хувь хэмжээ нь огтхон ч нэмэгдээгүй. Мэдээж хамтарсан охин компаниуд бол байгаа. Гэхдээ бизнест шууд утгаар нь хэлэхэд гадны их ч бай, бага ч бай хөрөнгө оруулалттай байсан хамаагүй цаашид хөрөнгө оруулагч талын эх орны эрх ашгийг илэрхийлнэ гэвэл үүн шиг өрөөсгөл бодол байхгүй болов уу.
-Япончуудыг бизнесийн талбарт хамгийн найдвартай түншийн тоонд оруулах нь байдаг. Тэдний ямар зан чанарыг нь монголчуудад "суулгачихмаар" санагддаг вэ?
-Япончуудыг дэлхийн хамгийн найдвартай түншид тооцдог. Тэд буурай хөгжилтэй оронд хөрөнгө оруулахдаа бүх юмыг сорчилж, сорж аваад явдаггүй онцлогтой. Ядаж л тухайн хөрөнгө оруулсан улсынхаа иргэнийг нь хөгжүүлж, өөрсдийн ашигладаг сайн технологио, менежментээ өвлүүлдэг гэдгийг нь олон орны хамтрагч нь баталдаг. Тэд эхлээд өөрийгөө танихаас эхэлдэг. Хүмүүний харилцаанд ихэд хүндэтгэлтэй хандана. Аливаад чин сэтгэлээсээ хандаж, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанаас эхэлдэг. Эхэлсэн ажлаа хэнээс ч илүү чанартай дуусгахыг туйлын зорилгоо болгодог. Иймээс тэдний нийгэмд багаар ажиллах хамгийн тэргүүний менежментүүд нэвтэрсэн байдаг. Би Монголоороо бахархдаг. Монголчуудаараа ч бахархдаг. Үнэхээр япончуудын зан чанараас Монголд үлдээх, суулгах хэрэгтэй чанар нь дээр хэлсэн тэр зарчмууд л байх болов уу.
-Яагаад УИХ-ын сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргасан юм бэ. Хувийн бизнесээ хийгээд явахгүй улс төрд ингэж хутгалдах шаардлага таны амьдралд зайлшгүй байсан хэрэг үү?
-Анх санал тавьсан нөхөд ч байдаг. "Бридж"-ийн хөрөнгө оруулагчид ч намайг улс төрд орохыг санал нэгтэй дэмжсэн. Сүүлийн үед улс орны хөгжил бизнесийн салбарын хөгжлөөс ихээхэн хамаарах болсон. Тиймээс ч парламентын засаглалтай орны улстөрчдийн 40-өөс доошгүй хувь нь бизнесийн салбараас гарч байна. Тэдний давуу тал нь хөрөнгө, орлого нь олон нийтэд нээлттэй байдаг. Харин бизнес эрхлээгүй мөртлөө гэнэт тэрбумтан гэдгээ зарлах нь зохисгүй явдал. Иймд би өөрийгөө Монголын улс төрд байх ёстой хүний нэг гэдэгтээ итгэлтэй байдаг. Тэгээд ч энэ зуунд гадаад харилцааг эдийн засагжуулах, эдийн засгийн эрх чөлөөг бий болгох нь чухал гэдгийг ярьж байна. Би тэр бүх эрүүл орчныг л бий болгохыг хүсч байгаа.
-Бизнес эрхлэгчид яг таны хариултын адил хөрөнгөө хамгаалахын тулд, нийгмийг илүү ардчилсан болгохын тулд улстөрд орсон гэж тайлбарладаг. Таны хувьд УИХ-ын гишүүн болсонтой тань холбоотой давуу тал хэр олон байдаг вэ?
-Энэ нийгэмд хүн бүрийн хөрөнгийг хуулиар хамгаалах нь төрийн үүрэг. Хууль ёсны хувь эзэмшдэг аж ахуйн нэгжид улс төрийн дарамт ирэх нь харьцангуй бага байдаг болов уу. Нөгөө талаас бизнесийн салбар өөрөө дүрэлзэж байгаа галын дунд нь байдаг жамтай. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчдийг өдөр бүр л алдаж, онох нь мэдэгдэхгүй эрсдэл тосч байдаг. Тэр бүхнийг хувь нийлүүлэгч болох улстөрчтэй нь холбоод байх нь үнэндээ төвөгтэй санагддаг. Хөгжсөн улсад бол ийм зүйл ховор л доо. Ямар ч байсан хөрөнгө санхүүгийн тухайд хасагдсан уу гэхээс нэмэгдээгүй ээ. Энэ нь ч мэдээж.
-Сүүлийн үед та олон асуудал дээр цөөнхийн байр суурь баримтлаад байх шиг санагдсан. Өөрийн тань санал олонхийн дэмжлэг авч чадахгүй унахад танд ямар сэтгэгдэл төрдөг вэ. Энэ тохиолдолд дараагийн гарцыг олж харахад хэцүү байдаг уу. Тухайлбал, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээн дээр гэхэд л та эхнээс нь аваад эцсийг нь хүртэл эсрэг байсан цөөхөн гишүүний нэг шүү дээ?
-Цөөнхийн байр суурь баримтлах гэхээсээ илүүтэй УИХ-аас гарч байгаа шийдвэрийн чанар, зохицуулах харилцааны чадамжид гол анхаарлаа төвлөрүүлдэг. Үүний тулд УИХ-аар хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой зохих газраас нь ирүүлсэн материалтай болон хувийн зүгээс олж мэдсэн судалгаатайгаа аль болох нэгд нэгэнгүй танилцдаг. Тэгээд шүүмжлэхээсээ илүү сайжруулах чиглэлээр санал хэлэхийг оролддог гэх үү дээ. Үүнийг л улстөрчийн үндсэн ажил гэж ойлгодог юм. Олонхийн санал авч чадахгүй тохиолдолд ихэнхдээ би дутуу ажиллажээ гэж боддог. Парламент ер нь хувь хүнээс нэлээд их тэвчээр шаарддаг газар юм. Тэр ч утгаараа санал унаж босох тусмаа сайн. Оюутолгойн гэрээг сайжруулах ёстой гэдэг байр суурь дээр би одоо ч гэсэн хэвээрээ байгаа. Энэ том ордын бүтээн байгуулалтыг хөдөлгөх нь чухал байсан уу гэвэл тэр үнэн. Гэхдээ олон жил болсон гэж ярьдаг боловч анхны гэрээний төслийг 2007 оны долдугаар сард оруулж 2009 онд баталсан. Энэ гэрээн дээр АН-аас З.Энхболд, Н.Батбаяр бид гурав, МАХН-аас Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Ш.Сайхансамбуу бид зургаа эхнээсээ аваад эцсийн хэлэлцүүлгийг дуустал эсрэг саналтай байсан. Шалтгаан нь хөрөнгө оруулагчийн эргэлтийн хөрөнгийг үндсэн хөрөнгөд тооцоод, өөрийнхөө баялгийг үнэлэхгүйгээр ордыг ашиглах компанийн 34 хувийг буцаан худалдаж аваад, түүнийгээ өрд оруулсныг дэмжих ямар ч боломжгүй байсан. Дээр нь гэнэтийн өсөлтийн 68 хувийн татвараа тэглэж, эргээд Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн тухай хуулийн төсөл оруулж ирэхдээ Оюутолгойг сугалж үлдээсэн нь асуудлыг бүр ч ойлгомжгүй болгосон.
-Та нар бас хувьцаатай холбоотой нэг зөрчилтэй санал дэвшүүлээд байсан?
-Тэр чинь Монголын баялаг дээр суурилсан компанийн хувьцааны ханш өсч, хангалттай олон тэрбум ам.доллар босгоод байхад тэр нь Монголын төрийн эзэмшлийн 34 хувьд ямар ч хамааралгүй байгаа нь шударга бус болсон тухай асуудал л даа. Үнэндээ энэ гэрээн дээр УИХ-аас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангах гэж оролдоод дийлээгүй ээ.
-Хууль үндсэндээ хэрэгжээгүй гэж үү?
-Тийм ээ, хууль хэрэгжээгүй гэсэн үг. Энэ бол төрийн түшээдийн хариуцлагатай холбож ярих ёстой асуудал. Цаашид Оюутолгойгоос бусад улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн 14 ордын өрмийг нь олон түмэнд ач холбогдолтой хүртээх тал дээр өөрөөсөө хамаарах бүхнийг дайчилж ажиллана.
-Гэхдээ таны алба сонгуулиас шууд хамаарах учраас нэг л өдөр улс төрийн идэвхтэй амьдралаас гарлаа гэхэд та юу хийх вэ?
-Амьдрал богинхон учраас л үнэ цэнэтэй байдаг шүү дээ. Би тийм нөхцөл байдалд бэлэн байдаг. Надад тэр тохиолдолд хийх ажил их бий. Мэдээж УИХ-ын гишүүн болсонгүй гээд л шууд улс орны шинжтэй асуудлаас ангид болно гэж бодохгүй байна. Би юунд зорьж, юуны төлөө энд ажиллаж байна, түүнийгээ цаашид ч үргэлжлүүлнэ.
-www.vip76.mn сайтаас танд ирсэн захидлыг уншхад "Би Японоос ирсэн ажил олж өгч туслаач. Би таныг бичиг баримтаа бүрдүүлээд өг гэхээр өгсөн. Хариу өгөөч. Зээл авахад туслаач" гэх мэт сонгогчдын захидал олон байсан. Та тэдэнд хариулт өгч амждаг уу?
-Боломжоороо хариу явуулдаг. Олон хүнийг ажилд ороход нь хамтарч ажилласан. Гэхдээ бас бүгд бүтээд байна гэж байдаггүй. Аливаа зүйлд чинь хэм хэмжээ гэж бас байдаг шүү дээ. Зээлийн хүсэлтийн тухайд нэлээд олон хүнд хүүгүй шахуу зээл олгосон. Даанч буцааж төлөхгүй байх тохиолдол их байдаг юм билээ.
-УИХ-ын гишүүнийхээ хувьд сонгогчдын энэ олон хувийн чанартай хүсэлтэд .хариулт өгөхөөс залхах үе байдаг уу. Гишүүдийг хэт жижиг асуудал яриад улс оронд хийх ёстой ажлаа хийдэггүй гэж шүүмжилдэг шүү дээ?
-Залхах асуудал байхгүй ээ.Аль болох боломжоороо туслахыг хичээдэг. Нэг хун ч гэсэн улс орны эд эс л байдаг шүү дээ.
-Та УИХ-д хоёр дахиа сонгогдсон гишүүн. Дараагийн удаад дахин нэр дэвших бодол байна уу?
-Үүнийг өнөөгийн холбогдох хуулийн дагуу нам шийдвэрлэнэ. Өөрт бодол бол байгаа.
-Та зарим гишүүдийг "шал түүхий байгаа" гэж дүгнэсэн байсан. Тэр дүгнэлтээс тань үүдээд би өөрөөс тань "Та үнэхээр боловсорсон төрийн түшээ нь мөн үү" гэж асууя гэж бодож байлаа?
-Энэ үнэхээр ташаа зүйл болсон шуу. Ангийнхаа нөхдийг зөвөөр ойлгоно л гэж бодож байна.
-Яагаад ташаа зүйл гэж?
-Би хэзээ ч бусдыг өөртэйгээ харьцуулаад тэднийг "шал түүхий" гэж дүгнэж байгаагүй. Би тэдэнтэй л адилхан. Надад тэдэнд үлгэрлээд байх хэмжээний тийм мундаг төлөвшил байхгүй. Тэр дүгнэлтийн тухайд өнгөрсөн долдугаар сард гурван сэтгүүлч надаас хамтдаа сууж байгаад Сонгуулийн тухай хуулийн талаар ярилцлага авсан. Тэгэхэд нь би "Зөвхөн тогтолцоо ч бус улс төрийн намын санхүүжилт, сонгуулийн санхүүжилтийн мөнгөний ил.тод байдлын асуудлууд манайд шал түүхийгээрээ байгаа" гэж ярьсан. Тэгсэн чинь нэг сэтгүүлч нь миний яриаг "Манай улстөрчид шал түүхий байгаа" гэсэн гарчигтай гаргачихсан байсан. Гэхдээ яг ярилцлагын энэ хэсгийн агуулга нь болохоор яг миний ярьснаар байна лээ.
-Ярилцлагаа таны орчуулсан номоор эхэлсэн болохоор үүнтэй холбоотой нэг асуулт асуумаар байна. Та тэр номын орчуулгыг үнэхээр өөрөө хийсэн уу. Сүүлийн үед улстөрчид хүнээр нийтлэл бичүүлж, түүнийгээ сурталчлах нь их болох болсон болохоор сонирхолтой санагдсан. Найруулга болон агуулга нь их ойлгомжтой юм билээ?
-Орчуулга дээр нь нэрт орчуулагч Д.Төмөрбаатар, найруулга дээр нь зохиолч, яруу найрагч Д.Энхболбаатартай хамтарч ажилласан. Зөвхөн энэ номын орчуулга дээр гэхэд л би хувьдаа 100 гаруй цаг ажиллаж байж ард нь гарсан. Гол нь би энэ номыг хэн ч байсан уншаад үзэхэд өөрт нь хэрэгтэй юм болов уу гэж бодсоноос бус нэг их нэр төр хийх гэж бодсон зүйл байхгүй ээ.
-Дахиж ном орчуулах бодол байна уу?
-Байгаа.
-Та ямар чиглэлийн ном голчлон уншдаг вэ?
-Улс төр, эдийн засаг, санхүү, үнэт цаас. философи, бизнес гээд эрхэлж байгаа ажлын онцлогоос хамаараад олон салбарын мэдээ-лэл чухал байдаг.
-Их хурдан уншдаг гэж ярьсан байсан. Хурдан уншиж, хурдан ойлгох дасгал энэ тэрд суралцсан юмуу
?-Хурдан уншиж бол болоод байгаа юм. Харин одоо хурдан бичих дасгал хийж байна. Хурдан унших арга, хэлбэрүүд олон байдаг. Эхлээд номын зохиогчийг харах хэрэгтэй. Шууд уншиж зхлэхээсээ өмнө сэдвүүдийг нь өөрийнхөөрөө бодож үзэх. Тэгээд эхлээд хэд, хэдэн удаа гүйлгэж уншаад, хэд хоногийн дараа дахин унших гэх зэрэг олон арга байдгийг өөрийнхөө хэмжээнд судалж, бас ном уншихдаа хэрэглэдэг юм.
-Таныг Их аваргын зургийг дуудлага худалдаанаас 1600 ам.доллараар авсан гэж сонссон. Тэр зургийг та хаана тавьдаг вэ?
-Тийм ээ. Тэр зураг манай гэрийн хойморын хананд байдаг. Манай сумочид Япон хийгээд олон улсад эх орноо сурталчлахад онцгой үүрэг гүйцэтгэсэн. Д.Дагвадорж аварга маань хийморьтой хун шүү дээ
-Ярилцлагын төгсгөлд жаахан улстөржсөн асуулт тавих хэрэг бас байна аа. Яагаад гэхээр Ардчилсан намынхан энэ зун нэг хэсэг нь намын уулзалт хийгээд,нөгөө талд нь Ардчилсан хүч-ний холбооныхон тусдаа цуглаан зохион байгуулаад байхюм. Та бүхэн хоорондоо зөржажиллахаар тохиролцсон юмуу,эсвэл төөрөлдөөд байгаа хэрэгүү. Нэг бол Ардчилсан намын лидерүүд албан ёсоор өөрөөрийнхөө эрх ашгийг хамгаалахаар тус тусын цугларалтзохион байгуулаад байна уу?
-Ардчилсан нам бол улс төрийнолон нийтийн байгууллага. Парламентад олон суудалтай нам. Ардчилсан хүчний холбоо болI төрийн бус байгууллага. Энэ зуундтөрийн бус байгууллагын оролцоо нийгэмд асар их хэрэгтэй. Иргэнийг төртэй, төрийг хувийн хэвшилтэй холбох гүүр болж байна. Хүн байгаа газар шинэчлэл, өөрчлөлт байнга явагддаг. Энэ шинэчлэл хурдацтай байх тусмаа хөгжил хурдасна. Ардчилсан хүчний холбооны хувьд "Монголоо шинэчлэе" гэсэн алсын хараатай.ардчилсан үзэлтэй бүх иргэнд нээлттэй клубын зарчмаар ажиллаж байна.Энэ нийгэмд намгүй бол ажил амьдрал олигтой явахгүй болсон гэх хэт улстөржилтийг өөрчлөх бодол бидэнд бий.Тиймэзс намаас түдгэлзсэн төрийн албан хаагчдад ч энэ төрийн бус байгууллагад гишүүнчлэл нээлттэй. Бүх аймаг, дүүрэгт салбараа байгуулсан. Эдгээр салбарууд бүг-дээрээ Монголоо шинэчлэх хүрдийг зогсолтгүй эргэлдүүлэх зорилготой. Иймд бүх салбарыг шинэчлэх, ардчиллыг бэхжүүлэх, хурцлах зайлшгүй шаардлага байгаа.
-Уулзалтууд давхардахдаа давхардаж, ар араасаа нэхсэн, уралдсан байдалтай хуралдаж байгаагийн тухайд?
- Уг нь манай холбоо таван бүсэд чуулга уулзалт хийнэ гэдгээ аль хавар төлөвлөсөн байсан. Харин Ардчилсан намын бүсийн чуулга уулзалт болно гэсэн мэдээллийг бид УИХ-ын чуулган засварласны дараа мессежээр авсан. Уг нь АН-д ийм шийдвэрүүдийг гаргадаг Гүйцэтгэх зөвлөл гэж бий.Энэ бүтэц ажиллахгүй, хуралдахгүй болсоор удсан. Дүрэмгүй байгууллагын ажил замбараагүй байдаг гэж үг бий. Аливаа намыг удирдлага нь төлөөлдөг нь ч үнэн. Гэхдээ намыг өмчилж, бүх шийдвэрийг хэдүүлэхнээ сууж байгаад гаргах эрх байхгүй. Би энэ талаар өөр зүйл яримааргүй байна аа.