Ж.Батсуурь: Би хэн ч унаад зайдалж болох номхон морь байгаагүй
2010.09.10

Ж.Батсуурь: Би хэн ч унаад зайдалж болох номхон морь байгаагүй

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай улс төргүй яриа өргүүллээ.

-УИХ-ын хоёр Батсуурь хоёулаа нэг аймгаас сонгогдсон нь сонин тохиолдол. Таны нэр үргэлж Дорноговийн гэсэн тодотголтой явдаг учир нутаг орны тань талаар яриагаа эхэлье?

-Би Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул. Аймагтаа төрж өсөөд дээд сургуульд ортлоо нутагтаа амьдарсан. Одоо ч ээж маань аймгийн төвдөө амьдардаг юм. Жил бүр, Цагаан cap болгоноор би нутаг явдаг. Оюутан байхдаа амралт болгоноороо эх орондоо, тэр дундаа төрсөн нутагтаа ирдэг байлаа. Хэдхэн хоноод харилаа гэхээр намхан бор толгодоо санаж, зүүдлээд нойр хүрдэггүй байсан. Сэтгэлд уяатай, төрөлх нутаг, төрж өссөн газар шopoo, унасан газар угаасан ус гэдэг хүний хамгийн дээдэлж явах ёстой үнэт зүйл байгаа юм.

-Та хаана сургууль төгссөн юм бэ?

-1978 онд Чехэд инженер, эдийн засагч мэргэжлээр суралцахаар явж байлаа. 10 дугаар ангиа төгсөөд эмч болно гэж бодож байсан юм. Гэтэл конкурс болоход гадаадад сургуульд явах боломж таарсан. Хоёрдугаарт жагссан учраас Чехословак буюу тэр үеийнхээр баруун руу явж барилгын инженер, эдийн засагч мэргэжлээр сурч болно гээд. Ингээд л эмч биш инженер болохоор явж байлаа. Гэхдээ би хүсэл мөрөөдлөөсөө урваагүй ээ. Адилхан л хүсч, мөрөөдөж байж сонгосон мэргэжил.

-Тэр үеийн оюутнууд одоогийнхтой харьцуулахад их өөр байсан биз. Гадаадад сурдаг оюутнуудын ихэнх нь ганзагын наймаа хийдэг үе мөн үү?

-Тэр үеийн ганзагын наймаа одоогийнхоос тэс өөр. Хүмүүс ирж очихдоо хэдэн тарваганы арьс нууж хаагаад, малгай хийгээд оруулж ирэхийг л хэлдэг байлаа шүү дээ. Одоогийнх шиг дааж давшгүй юм гэж байхгүй л дээ. Одоогийнхоор бол инээдтэй ч юм шиг. Гэхдээ тэр үед тэтгэлэгтэй сурдаг, тэрийгээ зөв зарцуулчихвал хөөрхөн орлоготой болчихдог байлаа. Мэдээж нутагтаа хоосон ирэхгүй. Нэг цамц авч чадсан бол тэрнийгээ зарчих жишээтэй. Ер нь тухайн үедээ баян оюутан гэгдэж байснаас биш наймааг зорилгоо болгож байсангүй. Тэр үед жинс ховор, Польш, Унгарт сурч байсан хүмүүс ганц хоёр жинсэн өмд авчраад оюутнуудад зардаг байсан.

-Та хэр ганган оюутан байв. 70-80-аад оны оюутнууд бас их моод хөөдөг байсан шүү дээ. Урт үс, өргөн өмд гээд л?

-Европт сурч байгаа хүн чинь ирээд буцахдаа хэд гурван төгрөг хармаална. Тухайн үед хүмүүсийн шохоорхдгийг тэндээсээ авчих боломжтой учраас эндхийн оюутнуудтай харьцуулахад ганган л байсан байлгүй цээ. Гэхдээ гангалъя, моод хөөе гэхээсээ илүү хичээл сургуульдаа анхаарч, цаг их зарцуулдаг байж.

-Та оюутан байхдаа эхнэртэйгээ танилцсан уу?

-Сургууль дөнгөж төгсч ирээд, тэр үеийн Техникийн дээд, одоогийн ШУТИС-д багшаар орсон. Ажилд ороод удаагүй байхдаа эхнэртэйгээ танилцсан. Одоогийн залуучуудын танилцах, тэр үе хоёр огт өөр байлаа шүү дээ. Ядаж л мэссэж бичээд амраахгүй гэсэн юм байхгүй

-Тэр тухайгаа жаахан дэлгэрүүлж яриач. Захиа өгч байсан уу?

-Захиа өгнө гэдэг сурагч насны шахуу юм. 20 гаруй насанд захиа өгнө гэсэн ойлголт байхгүй. Уулзаж, кино үзэж найзалж байгаад л суусан. Энэтхэг киноны дурлал шиг романтик юм байгаагүй юм чинь.

-Та хэдэн хүүхэдтэй бил ээ. Хүүхдүүд тань хаана юу хийж байна вэ?

-Хоёр хүүтэй. Бага хүү маань осолд ороод өөд болсон. Одоо нэг хүүтэй. Хүү маань эхнэр, хүүхэдтэй.

-Өвөө болох мэдрэмж аав болохоос ямар байдаг юм байна?

-Илүү юм билээ. Цаанаа л нэг өөр. Тайлбарлаж хэлж чадахгүй юм байна аа.

-Дээхнэ үед эрчүүд ихэвчлэн морь, хөөргөөр гангардаг байлаа. Одоо бол том тэрэг, rap дахь цагаараа бэл бэнчингээ харуулдаг болсон байна...?

-Би хүмүүс шиг брэнд хөөж, бэнчингээ харуулах дургүй ээ. Боломжийн, өөртөө таалагдсан, биедээ тохирсон хувцас авч өмсөхийг хичээдэг. Шангриллагийн өндөр байшингийн дор хүн ойлгохын аргагүй үнэтэй эд зүйл байдаг гэж сонссон. Би орж үзээгүй. Би тэнд орж үзлээ гээд ч яах юм.

-Та ямар цаг зүүдэг вэ?

-"Seiko" л зүүдэг. Гэхдээ үнийг нь хүнд хэлэхэд инээдтэй дээ.

-УИХ-д урлаг, спортын авьяастай гишүүн олон. Таны төрсөн дүү Боловсролын их сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч. Тэгэхээр та ч бас шүлэг зохиол оролддог уу?

-Тийм авьяас ёстой байхгүй ээ. Бүжиг бараг мэддэггүй. Дуу сонсох дуртай. Дууны үгийг гайгүй сайн мэднэ. Манай ангийнхан нийлэхээрээ дууны үгийг надаас асуугаад байдаг юм. Спортод харин их ээлтэй шүү. Зав чөлөө гарвал спорт хөөгөөд алга болно. Аймагт байхдаа спортын том өдөрлөгүүдийг тогтмол зохион байгуулдаг байсан. Би Монгол Улсын даамын холбооны ерөнхийлөгч шүү дээ.Манай аав аймгийн алдарт уяач, моринд хорхойтой хүн байлаа. Тийм ч учраас би морь унах дуртай. Мэдээж говийн хүн учраас тэмээ ч унана.

-Хүмүүс их хурлын гишүүнтэй ихэвчлэн юм гуйх гэж уулздаг. Таны хувьд нутгийнхан чинь хэр их ирдэг вэ?

-Өө ирэлгүй яахав. Би нэг зарчим баримталдаг юм. "Дэм дэмэндээ дээс эрчиндээ" гэдэг. Ер нь хүний амьдрал харилцаан дээр тогтож байдаг. Тэгэхээр бие биеэ зөв ойлгож, дутуугаа нөхөж, гарсан бэрхшээл зовлонгоо хамтдаа давж амьдрах ёстой юм байна. Гэхдээ зарим хүмүүсийн хэтэрхий даврамтгай, бэлэнчлэх сэтгэлгээ давамгайлаад байх шиг байгаа юм.

-Хүмүүс таниас мөнгө гуйдаг уу?

-Гуйдаг. Ямар зорилгоор мөнгө нэхэж байгааг нь эхлээд сонсдог юм. Бүр өргөдөл өгөөд, юм аваад сурчихсан хүмүүс ч байдаг. Аргаа бараад ганц найдвар гээд тусламж хүсээд ирэх хүмүүс ч бий. Ер нь хүний амьдралын чухал асуудлыг шийдэхээр бол би дэмждэг.

-Ингэхэд, та хэр баян хүн бэ. Таныг "10 хувийн Батсуурь" гэдгийг та дуулсан л байлгүй...?

-Улстөрийн зорилгоор хүн бүр бие биедээ нэр хоч өгөөд сурчихаж дээ. Би аймагт байхдаа их зүйл хийсэн. Үнэхээр хүмүүсийн хэлдэг шиг би луйвардаад, тэр хүмүүсийн доромжлол дарангуйлал дунд байсан бол юун сонгуульд ялах. Харин ч ард түмэнтэйгээ би ойр байж, тэднийгээ ойлгож, дэмжиж, дэмжлэгийг нь авч ажиллаж байсан. Гэхдээ төр гэдэг эрхэмсэг байх ёстой. Тэр утгаараа би хэн ч бариад зайдалж болох номхон морь байгаагүй. Омголон хэн ч халдаж чадахгүй тийм л байсан. Улс төр муухай, бохир гэдэг. Ямар ч хүнийг "Цаадах чинь хөрөнгө оруулалтаа барилга барьж байгаа компанид өгчихсөн байна лээ, тэр өөрийнх нь компани" гэж хэлэхэд амархан шүү дээ. Гэтэл тэр бүхний цаана хэдэн хүүхэд сургуультай, цэцэрлэгтэй баймаар байна шүү дээ. Тэгэхээр миний хийсэн бүтээсэн рүү халдаад нэр хоч өгөх амархан л даа.Би баян хүн. Олон сайхан боловсролтой дүү нартай, гэр бүлтэй, ханьтай. Би өөрийнхөө олж авсан боловсролоор Чех улсад докторын зэрэг хамгаалсан. Намайг харьцангуй залуу байхад нийгэм солигдож, би зах зээлийн үед өөрийнхөө олж авсан авьяас боломж, чадвараараа өрсөлдсөн. Тэр үед миний хамгийн гол хөдөлмөрийн багаж зэвсэг боловсрол байлаа. Тэгэхээр боловсрол маань чанартай байсан болохоор би өнөөдөр өдий зэрэгтэй яваа гэж боддог. Худлаа хэлж, хүн луйвардаад явлаа гэхэд нэг удаа ажил бүтнэ. Харин дараа нь яах юм бэ. Хэнд ч үнэлэгдэхгүй, өөрийнхөө ирээдүйг балласан тийм л хэрэг болно.

-Хувийн бизнестэй юу?

-Би бизнесийн хүн биш эз. Дүү нартайгаа нийлээд түүхий тарваганы арьс худалдаж аваад түүнийгээ элдээд, хөдөлмөр шингээж зарах гээд янз бүрийн л ажил хийдэг байлаа. 1990-ээд оны эхээр юу эсийг хийхэв дээ. Ингэж л дүү нар маань бизнест хөл тавьсан. Одоо бол хүү минь тэдний компанид хамтарч ажилладаг. Түүнээс надад жалганы цаана нуучихсан үйлдвэр, бизнес байхгүй.

-Гэр бүлийн хүн тань хаана ажилладаг юм бэ?

-Жирийн нэг төрийн албан хаагч.

-Таны амьдралын зарчим юу вэ?

-Би Европт олон жил болсон. Эгч, дүү нар намайг Европ хүний итгэмтгий цайлган зантай гэдэг юм. Энэ нь зарим талаар алдаа ч байж магадгүй. Би эгч нар, гэр бүлийнх нийхээ хүчээр боловсролтой болж, өдий зэрэгт хүрсэн. Тиймээс юм олдвол гэр бүлийнхээ, ах дүү төрөл төрөгсдийнхөө сайн сайхны төлөө зарцуулчихдаг. Хүсвэл миний хэрэгцээтэй бүх юмыг дүү нар маань бэлэн болгоод өгчихнө. Тийм учраас би мөнгөний төлөө амьдардаггүй. Мөнгийг насныхаа зорилго болгодоггүй. Надад онгоц хэрэггүй. Жолоодож чадахгүй шүү дээ. 10 машин ч байхгүй. Би нэг л унаагаар хөл дүүжилнэ. Швейцарийн банкинд мөнгө аваачиж хадгалуулаад байх хүсэлгүй. Швейцарийн байтугай Монголын банкинд ч миний хадгаламж байхгүй дээ. Яахав, тав, гурван хоолны мөнгө л эргэлдэж байдаг том.

Би хөрөнгөтэй болох, компанитай байх, хувьцаа эзэмшихийн төлөө амьдардаггүй. Хүн нэг л өдөр төгсөнө. Тэгэхээр их мөнгөөр яах юм. Үлдэж байгаа хүмүүстай болох ч юм билүү. Бие жижигхэн учраас жижгэвтэрхэн байшинд багтчихна. Гэхдээ бас нэг машинтай, боломжийн гэр оронтой, гайгүйхэн хувцас мөрлөөд явж байхгүЙ бол хүн дээрэлхэх янзтай юм билээ. Америкт юм уу, Европт бол өөр шүү дээ. Тэнд би пүүз өмсөөд, футбок углачихаад явж байхад хамуутай бор даага байна уу, сайхан хурдан хүлэг байна уу гэж хэн ч сонжихгүй. Монголд бол энэ чихэндээ алттай юм уу гэж сонжоод байх шиг байна лээ.

-Та ямар машин унадаг юм?

-Би "Лексус 470" уна-цаг. Жирийн орон сууцанд амьдарч байгаа. Энэ бүхэн минь болж л байна. Илүү юм хэрэг байхгүй.

-Хамгийн сүүлд хэзээ пүүз өмссөн бэ?

-Ийш ийшээ хөдөө гадаа явахдаа дандаа пүүз өмсдөг. Суманд очихоор сумын залуучууд тоглоё гэж өднө шүү дээ. Аймаг дээр би нэлээн спортлог имижийг бүрдүүлсэн. 8-9 суманд спорт заал барьсан. Сумын зааланд өөрөө тоглохгүй ч найзуудаа дэмжээд, орилоод сууж байхад архи уух завгүйгээр баяр өцгөрчихдөгийг хүмүүс ойлгодоггүй. Тиймээс эрүүл мэнд талаас нь спортыг хөгжүүлье гэж бодсон. Аймгийн төв дээр би усан бассейн анх удаа байгуулж байлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.