Даваажавын ГАНХУЯГ
2010.09.12

Даваажавын ГАНХУЯГ

Малчны хотонд төрсөн энэ эр социлизмын үед Японд боловсрол эзэмшсэн “азтан”-уудын нэг. Тэрбээр “Бридж групп”-ыг үүсгэн байгуулж, Япон хэв маягийн менежменттэй шилдэг компани болгож чаджээ.


“Хуулийн дагуу явах нь хамгийн том өрсөлдөх чадвар” гэж “Бридж групп”ыг үүсгэн байгуулагч Д.Ганхуяг ярьдаг. Хөлд орохоосоо л хурга ишигтэй хөөцөлдсөн малчин хүү Улаанбаатартай ч сайтар танилцаж амжилгүй “хөрөнгөтөн” гэгддэг Японд суралцахаар явж байхдаа өөрийг нь чухам ямар ертөнц угтах талаар өчүүхэн ч төсөөлөлгүй байсан гэдэг. Социализмаар хүмүүжсэн Улсын аварга малчин аав нь хотод сурахаар одсон хүүгээ гэнэтхэн милитарист гэгддэг Япон руу явахаар болсоныг сонсоод цочирдсон авч нэгэнт “хүчрэхгүй”-гээ ойлгоод “Болгоомжтой л яваарай” гэж хэлүүлэхээс өөрийг хийж чадсангүй. Хүү нь ч ааваасаа дутуугүй хашир байлаа. Хорь хүрчихсэн болохоор бас чиг Японы Элчин сайдын яамнаас өгсөн 25 долларыг зарчихвал буруудах байх даа хэмээн болгоомжилж байсан гэдэг.

Наритагийн нисэх онгоцны буудал дээр буугаад л буузны жигнүүрт орсон юм шиг хөлс нь цутгаж эхлэхэд “Энд яаж тэснэ дээ” гэж бодсон гэдэг. Хорин хэдэн жилийн тэртээх энэ дүр зураг өнөөдөр үндсээрээ өөрчлөгдсөн.Социализмын үед “Говь” комбанитын инженерээр Японд бэлтгэгдсэн эдгээр хүмүүс яах аргагүй Монголын шилдэг боловсон хүчнүүд болж чадсан юм. Тэд зөвхөн өндөр мэргэшсэн инженерүүд болсон төдийгүй юм үзэн нүд тайлж, бас зөв шударгаар хөдөлмөрлөхөд суралцсан байдаг. Тэгээд ч ид төлөвших насаа Японд өнгөрүүлсэн болохоор хүн болоод хуулийг хүндэтгэх, зах зээлд бизнесийг жинхэнэ утгаар нь явуулах зэрэгт суралцсан нь ойлгомжтой. Монгол орон зах зээлийн эдийн засагт шилжихэд Д.Ганхуяг нөхдийнхөө хамт бизнес эрхлэхээр шийдэхдээ оюуны бизнесээр анхны мөнгөн хуримтлалаа бий болгож байсан түүхтэй.Д.Ганхуяг хүнтэй нөхөрлөхдөө багагүй цаг хугацаа зарцуулдаг. Нэгэнт өөрийнх нь шалгуурт нийцэж гэмээнэ тэр насан туршдаа түншилж чаддаг. Энэ нь яг л Япон зан. Ийнхүү Монгол малчны эвдрээгүй сэтгэлийг ажигч нарийн Япончуудын болгоомжлолтой зангаар баяяжуулсан Д.Ганхуягийн хүч хөдөлмөр түүнийг Монголын шилдэг бизнесмэнүүдийн эгнээнд оруулж чаджээ. “Бридж групп”-ыг үүсгэн байгуулагч Ганхуяг 1963 оны 12-р сарын 14-нд Архангай аймгийн Цахир сумын нутагт нэртэй малчин Даваажавын гуравдахь хүү болон мэндэлжээ.
Түүний эцэг Даваажав 10 хүүхдээ тэжээж өсгөхийн тулд борви бохисхийлгүй зүтгэсээр аймаг, Улсын аврага малчин болсон ажилсаг хүмүүн байв. Жилийн ихэнхид малаа оторлон адгуулсаар ийм амжилтанд хүрснийг хүү нь дурсан ярих дуртай. Д.Ганхуяг ч бараг л мэдээ орсон цагаасаа мал хариулж эцэг, эхдээ тусалсан бөгөөд 1-10-р ангидаа дотуур байранд суусан болохоор бие дааж амьдрах, шийдвэр гаргахад эртнээс бэлтгэгдсэн гэж хэлж болно. Түүнд амралт, чөлөөт цаг гарлаа гэхэд мал аа л хариулна. Энэ нь түүний хичээлд сөргөөр бус эерэгээр нөлөөлсөн нь хөдөлмөрийн хүмүүжил олсонтой холбоотой. Д.Ганхуяг 1971 онд Цахир сумын дунд сургуульд орсоноор “онц” сурлагатан болж бусдыгаа манлайлж эхлэжээ. Бас чиг “онц” сурдаг хэрнээ үе үе дэггүйтчихнэ. Мөн спортоор хичээллэж байсан учраас бие бялдар нь ч үеийнхнээсээ илүү хөгжсөн байсныг багынх нь найзууд дурсан ярьдаг.


Д.Ганхуяг 1981 онд Тариат сумын 10 жилийн дунд сургуулийг төгсч уралдаант шалгалтанд ороод ЗХУ-ын (хуучин нэрээр) Оддеса хотын Цэргийн дээд сургуулийн холбооны инженерийн ангид суралцах хуваарь авчээ. Зарим нэгэн осол, эндэгдэл хүний хувь заяаг гайхалтайгаар өөрчлөх нь бий. Хойшоо цэргийн сургуульд явуулах залуусыг 45 хоног карантилдаг байлаа. Карантины баяр дээр барилдаж байсан Д.Ганхуяг гэдэг сонсогч гараа гэмтээснээр “Сургуульд явах боломжгүй” гэсэн дүгнэлтийг эмч нар гаргажээ. Боловсролын яамнаас түүнийг “Дараа жил сургуульдаа яв, эсвэл дахин уралдаант шалгалтанд орж болно” гэсэн муйхардуу шийдвэр сонсгоход дэргэд нь зөвлөх бас дээгүүр доогуур хөөцөлдөх хүнгүй хөдөөх хүү ааваасаа л асуулгажээ. Үүнд нэг их цочирдож сүйд болохгүйгээр аав нь “Нэг зориод бүтээгүй юм дэмий. Өөр сургуульд орохоо бод” гэж хэлүүлсэн гэдэг. Д.Ганхуяг ч аавынхаа үгнээс зөрж заавал гадаадад сурна гэж мэрийсэнгүй.

Дахин уралдаант шалгалтанд орсоноор өөрийнхөө сонирхдог физикийн ангийг сонгож УБДС-ийн оюутан болов. Тухайн үед Япончууд “Говь” комбинатыг барьж өгсөнөөр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж өгөхөөс өөр арга байсангүй. Иймээс МУИС, УБДС-иудаас математик, физикийн хичээлд сайн оюутнуудаас Японы их, дээд сургуульд сонгон шалгаруулж авах болсон байдаг. Манай боловсролын тогтолцоо 10 жил, Японых 12 жил байсан учраас их, дээд сургуулиудаас 2-3 оюутан Японд суралцуулах шийд гарсан аж. Д.Ганхуягийн хувьд химийн инженерээр суралцах шийдийг дээрээс өгсөн учраас химийн хичээлээр нэмж шалгалт өгсөнөөр тэнцэж Япон явах болов.

Аав, ээж хоёр нь бага зэрэг дургүй байсан боловч ах, эгч нараараа ятгуулсаар зөвшөөрүүлж чаджээ. Ингээд МУИС дээр Укада гэдэг Япон багшаар хэл заалгаж эхэллээ. Өмнөх жил нь очсон найман хүүхэд маш сайн сурч байгааг Укада багш нь сануулаад хэлээ зааж эхэлсэн бөгөөд хэрхэн биеэ авч явах зэрэг олон зүйлд ганцхан сарын дотор суралцуулсан гэдэг. Япон руу явахын өмнөхөн Укада багш тэдэнд тус бүрт нь 25, 25 доллар өгчээ. Нэгэнт хөрөнгөтөн оронд явж суралцах нь тодорхой болсон хүүхдүүдэд холбогдох яамнуудаас үзэл суртлын талаар хүчтэйхэн санамж өгчихсөн учраас бүр Японд очсон хойноо сая нэг үрсэн гэдэг. Тухайн цагт насанд хүрэгсэд бүү хэл залуус ч гэсэн айдас түгшүүрт автдаг байсан нь мэдрэгдэж байгаа биз. Эндээс “14 хоногийн турш эх орондоо үйлдвэрлэсэн хувцас өмсөх ёстой” гэж чиглэл өгсөн боловч Японд буугаад л халуун агаар өмнөөс үлээх нь тэр.

Тэр үе бол 1984 оны 4-р сар байлаа. Угтагсадын дотор нэгэн Монгол эр байсан нь Японд хэлний боловсролоо дээшлүүлж байсан НАХ яамны хүн аж. Хаа очиж тэр хүн “Та нар наад хувцастайгаа барахгүй” гэж хэлсэнээр дагуулж  яван тэтгэмж болгон өгсөн 60 мянган иенээр шорт, футболк гээд халуунд таарахуйц хувцас авч өгчээ. Гял цал болсон ертөнц, бас буруу талдаа жолоотой машин, чийдэнгийн шил нь буруу эргэгдэж ордог гээд шал эсрэг орчинд очсон нь гайхал төрүүлсэн нь ойлгомжтой. Ингэж Токио хотын Гадаад хэлний дээд сургуулийн харъяа Япон хэлний сургуульд нэг жил суралцахаар болов.


Монголд байхдаа “Токиод агаар худалдаж авдаг. Үй олон ядуус нь хүчилтөрөгч дутагдаад ирэхээр пидхийтэл унадаг” энэ тэр гэсэн цуу яриа сонссон нь оргүй  болох нь ойлгогдсон төдийгүй капиталист гэгдэх ертөнцийн жинхэнэ мөн чанарыг таньж мэдрэв. Хэлний сургуульд сурах жил гурван сарын хугацаанд эх орон руу нь явуулсангүй. Ингэж хэл сурсанаар Киото хотын Политехникийн дээд сургуулийн хими-технологийн ангид орж нефтиэс будаг гаргах, утсаа будах зэрэг технологийн чиглэлээр суралцах болсон юм. Оюутнуудыг ЭСЯ-аас, бас нэгийг нөгөөгөөр нь хянуулдаг байсан учраас наймаа панз хийх боломжоор хомс, ганц хоёр зурагт, хөгжим авч ирж зарсаныг эс тооцвол  мөнгө олох ямар ч боломж олдсонгүй. Гэхдээ түүнд Наран улс их юм өгсөн нь ойлгомжтой. Үүнийг дэлгэрэнгүй нурших шаардлагагүй байх. 1989 онд хөгжингүй оронд боловсрол эзэмшсэн залуухан инженер Монголдоо ирж “Говь” комбинатад инженер –технологичоор ажилд орлоо. Японд ижил төстэй үйлдвэрүүдэд дадлагажигчаар ажиллаж байсан болохоор гайхан цочирдоод байх шинэ зүйл байсангүй. Тун удалгүй хүслэн болсон зүрхэн дамжлага дээрээ очлоо. Сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд чанартай утас ээрч, сайн будах хэрэгтэй. Гэхдээ гэмтэлгүйгээр будна гэдэг ярвигтай асуудал. Уг цехдээ технологич инженерээр ажиллаж байгаад ээрэх, будах үйлдвэрийн дарга болж дэвшлээ. Япон менежмент, ажиллах арга барилд суралцсан түүнд ажилчид бус хэвшмэл сэтгэлгээтэй, шинэлэг зүйлийг хүлээн авах чадваргүй хөшүүн хойрго дарга, удирдлагууд тээртэй санагддаг байсан гэнэ.

“Говь”-д ганц хоёрхон жил ажиллах хооронд л монополь хувийн хэвшлүүд үй олноороо төрж толгойтой болгон наймаанд хошуурлаа. Америкийн ардчилал, Японы эрх зүйт төрийн байгууллыг ихэд дэмждэг, аль эрт нүд тайлсан Д.Ганхуяг нөхдийнхөө хамт Ардчилсан холбооны салбарыг байгуулж даргадаа загнуулж байсан гэдэг. Шинэ нийгэм түүнд шинэ биш байсан нь ойлгомжтой. Тийм ч учраас тэр хувийн хэвшлийг сонгохоор шийджээ. “Говь” үйлдвэр нэгэнт технологийн дагуу хэвийн ажиллаж чадахаар болсон, тэгээд ч Японы ЭСЯ-аас олон төсөл хэрэгжүүлэхэд өндөр боловсролтой, хэлтэй хүн хайх болсон зэрэг нь ийм шийдвэр гаргахад нөлөөлөв. Уг шийдвэрийг гаргахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь хэзээ мөдгүй зогсчих гээд байсан 4-р цахилгаан станцыг хэвийн ажиллуулахад Японы төсөл нөлөөлөх байсан учраас орчуулагчаар явсан явдал байлаа.


“Говь”-ийн удирдлагууд “Дахиж орчуулганд явбал ажлаас нь хална” гэдгээ хэлсэн учраас хэсэг нь үлдэж, нөгөө хэсэг нь хувийн хэвшилд хүч сорихоор болов. Түүнтэй хамт хоёр найз нь гарахад гурван чухал инженерээ алдсан “Говь”-ийн дарга нар орон сууцнуудыг нь хурааж авах нь тэр. Холхон алхахаар шийдсэн хүмүүст орох оронгүй боллоо гээд эргэж буцах санаа байсангүй. Харин ч байр хөлслөөд амьдрал ахуйгаа шийдэхийн тулд хоёргүй сэтгэлээр зүтгэхээр шийдсэн аж. Гурван нөхөр ч нэн тэргүүнд Японтой харьцах нь тодорхой гэдгээ мэдэж байсан учраас хоёр улсын хооронд “гүүр” болъё гэсэн санаатайгаар “Бридж” гэсэн нэрийг компанидаа өгчээ. Тэдэнд Японд сурч байхад нь “Та Япон улсын хуулийг зөрчихгүй байх, та бусдад хүндрэл саад учруулахгүй байх ёстой” гэсэн зарчмуудыг суулгаж өгсөн нь бас нөлөөлснийг үгүйсгэх аргагүй.


Компан нь өөрийн технологи, өөрийн засаглалтай байх ёстой гэдгийг сайтар ухамсарлаж байлаа. Үүний тулд хүнээ ажилтай болгож, өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэсэн нэгдмэл зорилготойгоор ажилдаа орцгоожээ. “Тахь ко” компанийн байранд хугархай хөлтэй шар ширээ тавьснаар ажлаа эхлүүлж байсан гэдэг. “Бридж” компанийн анхны мөнгөн хуримтлал орчуулгын хөлснөөс бий болсон аж. Японд боловсрол эзэмшсэнийхээ хэрээр тэр үед Монголд хэрэгжиж байсан бүх төсөлд хуваагдан орчуулагчаар явдаг байснаас бус гахай зөөн ганзагын худалдаанд гарсангүй. Мэр сэр Япон хэлтэй хүмүүс өдрийн 20 доллараар орчуулганд явдаг байсныг “Бридж”-ийн гурав 1994 он гэхэд өдөрт 150 долларын хөлстэй болгон өсгөж чаджээ.

Тэд Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, 4-р цахилгаан станц, Багануурын уурхайд “Комацу”-гийн техник нийлүүлэх гээд л олон арван төсөлд орчуулагчаар явж ажиллан, өөрөөр хэлбэл тус компанийн үндсэн чиглэл оюуны бизнес болж байв. Энэ явцдаа иж бүрэн үйлчилгээ болж хөгжлөө. Ганцхан орчуулга хийх бус машин унаа, орон байраар хангадаг болсоноор цаашдаа танилын хүрээ өргөжиж, өөрсдөө хөгжихийн хэрээр зуучлалын үйл ажиллагаанд шилжсэн билээ. Харин эдийн засаг тодорхой түвшинд либералчилагдахын хэрээр ноолуурын бизнес рүү орохоор шийджээ. Ноолуурын бизнес нь “Бридж”-ийнхэний мэдэхгүй зүйл биш гэдэг нь ойлгомжтой. Хагас боловсруулсан ноолуурыг Япончууд сонирхож байсан учраас “Говь”-ийн удирдлагуудтай угаалгахаар тохиролцож 1995 онд ноолуурын бизнес рүү оров. Мэдээж хэрэг ноолуур бэлдэхэд санхүүгийн ихээхэн хэмжээний эх үүсвэр шаардагдана. Монголын арилжааны банкуудын хүү сардаа хоиос дээш хувиар яригдаж байсан учраас Японд цуг сурч байсан нөхдөөсөө тусламж хүсчээ.

Япон найзууд нь ч үг дуугүй тусалснаар банкнаас жилийн долоон хувийн хүүтэй хоёр сая долларын зээл өөрсдөө өмнөөс нь баталгаа гаргаж олж өгсөн нь бизнесээ амжилттай явуулахад үнэтэй хувь нэмэр болсон аж. Мэдээж хэрэг ноолуурын бизнесээсээ өндөр ашиг олж чадсан. Үүнийхээ үр дүнд бизнесийн бусад салбарууд руу хөрөнгө оруулах санхүүгийн эх үүсвэртэй болж чадсан байна.

Эхний ээлжинд хөгжиж буй орны хувьд барилгын салбар ирээдүйтэй гэж мэдэрлээ. Гэхдээ юу юуны туханд хүрэлгүй хотын мэрт мөнгө хаяж газар аваад болсон, болоогүй юм босгохыг завдсангүй. Тэд хөгжингүй орон гэгдэх Японы стандартад нийцсэн барилга босгохыг хүсч байлаа. Ийм ч учраас 40-өөд жилийн туршлагатай Япон хүнтэй хамтрахаар шийджээ. Тэд ашгаас илүү итгэлийг бий болгохыг зорьсон юм. Ингэж 1996 онд “Bridge construction” компани бий боллоо. Тус компани нь голдуу Японы хөрөнгө оруулалттай болон тусламжийн барилга босгох тендерт оролцон гүйцэтгэгчээр ажилладаг.


Энэ нь нөгөө л итгэл бас чанар нь өндөр түвшинд байгаа гэдгийг харуулаад байгаа юм. Ийм ч учраас Замын Үүдэд гүйцэтгэгчээр, мөн Япон улсын ЭСЯ-ны шинэ байрыг  босгоход туслан гүйцэтгэгчээр оролцон, Нарны зам, Мобиком болон өөрийн компанийн оффис, Япон тусламжаар босч буй дунд сургуулиудын гоёмсог өргөтгөл зэрэг олон арван барилга, байгууламжийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж чаджээ. Д.Ганхуяг өөрийн компаниуддаа Япон хүнийг ажиллуулах сонирхолтой байдаг нь Япон менежментийг хэрэгжүүлсэнээр бизнес жинхэнэ гольдролоороо явна гэж тооцоолсоных болов уу. Мөн барилгын компанитай зэрэгцээд “утаагүй бизнес” гэгддэг аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах санаа төрсөн гэдэг.

Гэхдээ Д.Ганхуяг хээр хэдэн гэр барьчихаад жуулчны бааз гэж нэрийдэхийг хүссэнгүй. Монголд цөөнгүй байдаг халуун рашааныг түшиглэн баазаа байгуулбал жуулчдыг татаж чадна гэж тооцоолсноор Архангайн Цэнхэр суман дахь халуун рашааныг түшиглэн эмчилгээ, сувиллын газар байгуулжээ. Мөн өөр олон халуун рашааныг түшиглэж баазаа байгуулсан аж. Аялал жуулчлалын “Жигүүр” компанийг нь Япон менежер удирддаг. Зочид нь ч дандаа Япончууд. Анхлан 50-60 хүн ирж байсан бол дунд нь бас бус шалтгааны улмаас тасалдсаныг эс тооцвол өдгөө жилдээ 1000-аад жуулчин авчихдаг болсон нь өндөр үзүүлэлт юм.

Мөн түүний сэтгэлд Япон болон Европын брэнд бүтээгдэхүүнийг борлуулах супермаркетын сүлжээ бүхий цогц үйлчилгээг нэвтрүүлэх санаа төрсөн юм. Энэ салбар өрсөлдөөнтэй, эмзэг гэдгийг мэдэж байсан авч менежмент болон үйлчилгээг нь Япон хэв маягт ойртуулж, өөрийн улсын онцлогт тааруулсанаар оршин тогтнож чадна гэж тооцоолсон нь алдсангүй. Тиймээс сүлжээ дэлгүүрийнхээ тоог нэмэгдүүлсэн авч зургаагаас хэтрүүлэхгүй байх зарчмыг барьж байна. Ер нь “Бридж” –ийн удирдлагууд л Японд сургууль төгссөн болохоос бус ажилтнууд нь Монголд боловсрол эзэмшсэн байгаа. тэгэхээр хүнээ сургах шаардлага гарна гэсэн үг. Энэ ч утгаараа тодорхой цаг хугацааны шалгуурыг давсан ажилтнууд нь Японд очиж мэргэжил дээшлүүлдэг аж. “Бридж”-ийн гурвыг “Говь”-гүйгээр төсөөлөхөд бэрх. Тиймдээ ч хөрөнгийн зах зээл дээрээс тус компанийн 12 хувийг цуглуулж дөнгөсөн аж. Дашрамд сонирхуулахад “Бридж групп” сүүлдээ хоёр хөрөнгө оруулагч нэмсэний нэг нь “Говь”-ийн захирал Ц.Сэдваанчиг байдаг.

Тэр ч мөн Японд сургууль төгссөн нэгэн. Бэлтгэсэн ноолуураа “Говь”-д угаалгаж, бас эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлүүлсэнээр зах зээл дээр борлуулдаг аж. Зөвхөн цамц л гэхэд гурван сая долларын борлуулалт хийдэг гээд бодохоор “Бридж”-ийнхэн ашигтай ажилладгаас гадна ухаан зарж байна. Мөн бэлтгэдэг хөрөнгө оруулж, Эрдэнэт дахь махны үйлдвэрээс хувь эзэмшдэг. Махаа Орос руу экспорлохоос гадна Япон руу өлөн гэдэс, үхрийн хэл, гүүний эхэс гаргаж байна. Монголчуудын дунд элэг өвчлөх нь түгээмэл байгаагийн улмаас “С” вирусыг эмчлэх эмийг чихэр өвснөөс гаргаж авахаар төсөл хэрэгжүүлж, Баянхонгор аймагт тариалалт явуулж байна. Энэ нь амжилтанд хүрсэнээр “Minophagen-E” гэдэг эм бэлдмэл гаргаж авчээ.


Монголчууддаа Япон ахуйг сонирхуулах, цаашлаад жуулчдад зориулж Япон хоолны газар бүхий ажил хэрэгч хүмүүсийн уулзалтыг зохион бйгуулах үүднээс клуб байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Бас тавилгын болоод шахмал түлшний үйлдвэртэй. Ер нь өнгөрсөн хугацаанд “Бридж”- ийнхэн шинэ шинэ салбаруудад хөрөнгө оруулж, өчүүхэн ч амсхийлгүй ажилласан билээ. Мөн группын харъяа худалдааны компани нь “Бриджстоун” дугуй, “Сузуки” машинаас эхлээд Япон болон дэлхийн нэртэй брэндүүдийн албан ёсны борлуулагч юм. Тэр нэг л зүйлд ихээхэн санаа зовниж явдаг. Энэ нь хоёр хөрштэйгөө ижил тэгш эрхтэй чөлөөт худалдааг хийж чадахгүй байгаа явдал юм. Нэг дарга очоод л нэг орд газраа “бэлэглэдэг” явдлыг таслан зогсоож, харилцан ашигтай гэрээ, хэлэлцээрийг батламжлахгүй бол эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа юм.
Ингэснээр гуравдагч орнуудтай хамтран ажиллаж чадна гэж үзэж байна. Мөн хоёр хөрш маань Дэлхийн худалдааны байгууллагад элсчихвэл ижил тэгш эрхтэй худалдааг хийхэд дөхөм болно гэж Д.Ганхуяг ярьдаг. Энэ ч утгаараа өмнөд хөрштэй худалдаа хийхийг сүүлийн үед илүүтэй сонирхож, барилгын материалын болоод замын ажилд хамтарсан компани байгуулах талаар гэрээ, хэлцлүүдээ хийж эхэлжээ. Д.Ганхуяг нь дотоодын зах зээл дээр ажиллахаас гадна экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл компани төдийгүй улс орны эдийн засаг өснө гэж үзээд Монгол сүүг Европын холбоо руу гаргахаар Францтай хартран ажиллах замыг сонгожээ. Тэр 1995 онд Америкт суралцахаар яваад иртэл хөрөнгийн зах зээл дээрх хувьчлал бараг л “дуусах” тийшээгээ хандчихсан байсан аж. Гэвч “Говь”-иос гадна “Монгол шуудан транс” компанийн хувьцааг авч, уналтыг нь зогсоон үйл ажиллагааг нь сэргээж чаджээ.


Д.Ганхуяг бизнесмэн хүнийг баялаг гэж ойлгодог. Тийм ч учраас элдэв бохир зүйлд хутгалдахгүй байх, өндөр чанартайгаар тасралтгүй ажиллах механизмтай л болох зарчмыг баримталж явдаг гэнэ. Д.Ганхуяг нь “Бридж” компанийг босоо тогтолцоогоор бус хамтын удирдлагын зарчмаар ажиллуулахыг гол болгодог. Ингэснээр эцсийн шийдвэр хувь нийлүүлэгчдийн хурлаас гардаг аж. 780 ажилтан, ажиллагсадтай энэ нүсэр “айл” улсад 10 гаруй тэрбум төгрөгний татвар төлсөн нь чамлах үзүүлэлт биш. Учир нь тэд архи, тамхи, алт, зэсний алиныг нь ч арилжаалдагггүй.

Д. Ганхуягтай Монгол хүн харьцахад бэрхшээлтэй зүйл бий. Тэр ид төлөвших насаа Японд өнгөрөөсөн учраас аливаа зүйлд хэт няхуур хандаж, судлаж үздэг “дутагдалтай” Мөн Япон хүмүүжил нь өндөр ашиг олох бизнест оруулахгүй “тээг” болсон гээд бичээд байвал их юм бий. Хөдөөх малчны хотноос хөгжингүй Японд суралцсан. Орон байрнаасаа хөөгдөхийг үл ажран зорьсондоо хүрч чадсан гээд туулсан амьдрал нь үлгэр шиг энэ эр зөв явахыг л өөрөөсөө, өрөөлөөс шаарддаг. Тиймээс Д.Ганхуягт нууц гэж үгүй.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.