“Шилдэг эмэгтэй улс төрч”-өөр Д.Оюунхорол шалгарлаа
Нийгмийн хамгийн хүнд ачааг нуруун дээрээ үүрч, өрх гэр, улс орныхоо төлөө өдөр шөнийг ялгалгүй зүтгэж яваа эмэгтэйчүүдийн идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх зорилгоор Олон нийтийн харилцаа тандалт судалгааны төв, Монголын сайтуудын нэгдсэн холбооноос “Шилдэг эмэгтэй улс төрч” бүх нийтийн санал асуулгыг орон даяар зарлаж дүнгээ гаргалаа.
Санал асуулгын 1-р шатанд нийтдээ 50 гаруй эмэгтэй нэр дэвшиж, хамгийн олон санал авсан 12 эмэгтэй улстөрчийн нэрийг нийтэд зарлан gogo.mn, olloo.mn, zaluu.com, shudarga.mn сайтуудаар санал асуулга явууллаа.
Санал асуулгад оролцсон 64 мянга гаруй уншигчаас 35 хувийн саналаар УИХ-ын гишүүн Дуламсүрэнгийн Оюунхорол тэргүүлж, 33 хувийн саналаар УИХ-ын гишүүн, Иргэний зориг намын дарга Санжаасүрэнгийн Оюун удаалсан байна.
Монголд байнгын ажиллагаатай Парламент үүсч хөгжсөний 20 жилийн ойн өдөр Олон нийтийн харилцаа тандалт судалгааны төв, Монголын сайтуудын нэгдсэн холбооны гишүүд энэхүү санал асуулгад хамгийн өндөр санал авсан УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд “Шилдэг эмэгтэй улстөрч”-ийн батламжийг гардуулсан бөгөөд амжилттай оролцсон С.Оюун, Д.Арвин, Т.Ганди, Д.Оюунгэрэл нарт хүндэтгэл үзүүлсэн батламж бичгийг гардууллаа.
Мөн энэ үеэр Монгол улсын хууль тогтоох дээд байгууллагад эмэгтэйчүүдийн оролцох оролцоо хангалттай биш байгааг зохион байгуулагчид онцлов.