Г.Баярсайхан: Сангийн сайдтай холбоотой асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ
Сүүлийн үед Засгийн газрын гишүүд, тэр дундаа Сангийн сайд С.Баярцогттой холбоотой асуудал яригдах болсон. Сайд нарын хувийн зохион байгуулалт, хариуцлагатай холбоотойгоор УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнгөрсөн сарын 30-ны өдөр Ерөнхий сайд С.Батболдод албан бичиг илгээсэн. Тэрбээр албан бичигтээ “Сангийн сайд С.Баярцогт өнгөрсөн сарын 18-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн төсөл хэлэлцэх үед цаг гаруй дуудуулж байж ирсэн. Харин ЭБЭХ-ний сайд Д.Зоригт төсөвтэй холбоотой мэдээллийг Ц.Батбаяр гишүүнд өгөхөөс цааргалсан” гэдгийг тодотгосон юм.
Мөн иргэн Б.Лхагважав Сангийн сайд С.Баярцогтыг гадаадын байгууллагын урилга, зардлаар тухайн улсад зорчсон талаарх өргөдлийг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гаргасан аж. Тиймээс эдгээр асуудлын талаар хэлэлцэхээр УИХ-ын Ёс зүйн дэд хороо өчигдөр хуралдлаа. Гишүүдийн дунд харилцаа болон хариуцлагын асуудал олон гардаг. Харин үүнийг зохицуулахын тулд УИХ-ын Ёс зүйн дэд хороо байгуулагдаад нэг жил болж буй. Тус хорооны энэ удаагийн хуралдаанаар сайд нар асуудал хэлэлцсэн болохоор нэлээд анхаарал татахуйц болсон юм. Асуудлыг хэлэлцэх үед тус хорооны гишүүд улстөржүүлэх магадлалтай хэмээн хардаж байсан. Харин УИХ-ын гишүүн Г.Баярсайханаар даргалуулсан тус хорооныхон улс төрийн элдэв нөлөөлөлд автахгүй, ноён нуруутай гэдгээ харуулах шиг боллоо. Сангийн сайд С.Баярцогтын асуудлыг хэлэлцэхээсээ өмнө Засгийн газрын тухайн үед гаргасан протоколыг нягталж үзсэн аж. Протоколтой танилцаад “Сангийн сайд С.Баярцогтод Канад улсад ажиллах томилолт өгсөн. Тэнд очиж хувийн ашиг сонирхлоо илэрхийлж алга ташаагүй. Харин ч Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулахыг гадаадын хөрөнгө оруулагчдад уриалсан” гэж үзсэн. Тиймээс тус хорооныхон уг асуудалд нэг талыг барьж туйлширсангүй. Хуралдааны дараа Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайханаас дараах зүйлийг тодрууллаа.
-Ёс зүйн дэд хороо Сангийн сайд С.Баярцогтын асуудлыг хэлэлцлээ. Ямар дүгнэлт гаргав?
-Манай хороонд ирсэн өргөдлийг хэлэлцэх шаардлагатай юу, үгүй юү гэдгийг хэлэлцлээ. Хэрэв хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Ёс зүйн дэд хороо ёс зүйн зөрчил мөн үү гэдгийг нь шалгах ёстой. Харин өнөөдөр /өчигдөр/ уг гомдлыг хэлэлцэх шаардлагагүй гэж Ёс зүйн дэд хороо дүгнэлээ.
-Яагаад?
-Сангийн сайдыг Засгийн газрын томилолтоор албан ёсоор явсан байна. Засгийн газрын гишүүний хувьд Монгол Улсыг сурталчлах ажлыг хийсэн гэж үзсэн. Бид төрийн зохих байгууллагын шалгалтын дүнг үндэслэн шийдвэрээ гаргасан. Тэрбээр Нью-Йоркийн Хөрөнгийн бирж дээр очиж үйл ажиллагаанд нь оролцох зардлыг өөрөөсөө гаргасан байсан. Үүнийг ямарваа нэгэн байгууллагын зардлаар явсан гэж зохих байгууллагууд тогтоогоогүй.
-Тэгэхээр Засгийн газар албан томилолт өгчихөөд зардлыг нь дааж чадахгүй байна гэсэн үг үү?щ
-Засгийн газрын албан томилолтоор явсан. Үүнийхээ хүрээнд хуралд оролцсон. Зардлын тухайд УИХ-ын гишүүд бид ч зарим тохиолдолд тойрогтоо хувийнхаа зардлаар явдаг. Тиймээс хувийнхаа зардлаар явсныг нь буруутгах үндэслэлгүй.
-УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Засгийн газрын гишүүдтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдад албан бичиг илгээсэн. Энэ талаар танай хороо хэлэлцэнэ гэж байсан. Сая хэлэлцэв үү?
-Засгийн газрын гишүүдийн хариуцлагын асуудал учир манай хороо үүнийг хэлэлцэхгүй.