2012.10.01
Өнөөдөр намрын чуулганыг нээнэ
УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлт өнөөдөр 10.00 цагаас болно. Өмнөх чуулганы нээлтүүдийг ихэвчлэн морин цагаас буюу 11.00-12.00 цагийн үед хийдэг байсан бол УИХ-ын дарга З.Энхболд энэ намрын чуулганыг эрт эхлүүлэхээр болжээ. Чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдах төлөвлөгөөтэй байна.
Наадмын өмнө тангаргаа өргөсөн УИХ-ын гишүүд анхдугаар болон ээлжит бус хоёр ч чуулганы нүүр үзэж, шинээр сонгогдсон түшээд ямар ч гэсэн Төрийн ордонд төөрөхөө больж, дардаг товчлуурынхаа учрыг олоод хууль батлах үйл ажиллагааны цагаан толгой “үзэж” дуусган “үсэглэлийн баяр”-аа хийчихээд буй.
Эрхэм гишүүд намрын чуулганаар Монгол Улсын 2013 оны төсвийг батална. Хуучин парламентаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийг гаргачихсан болохоор төсөв хийхэд суурь байгаа гэж болно. Улсын төсөв, мөнгөний бодлого батална гэдэг гишүүдээс ихээхэн ур чадвар, ухаан шаардаж, цаашдаа улстөрч болох уу, дөрвөн жил зүгээр л кнопчин хийх үү гэдгийг ялгаад өгдөг талтай.
Түүнчлэн энэ чуулганаар таван суудал нь эзгүй байгаа УИХ элэг бүтэн болно. Өвөрхангайн тойргийн маргаан нэг тийш болж, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт явуулж, “Шударга ёс” эвслийн эзнээ хүлээсэн нэг суудал дүүрч, УИХ 76-уулаа болж, ам бүл бүрэн бүтэн болох нь тодорхой. Бас энэ чуулганаар УИХ дахь МАН-ын гишүүд бүлэгтэй болох нигуур бүрдэж байгаа. Тэгвэл УИХ-д бас нэг дэд дарга нэмэгдэж, түүхэндээ анх удаа гурван дэд даргатай парламент гэгдэнэ. Мөн МАН-ын гишүүд байнгын хороодод хуваарилагдаж, бүрэн эрхээ бүрэн эдлэх боломж намрын чуулганаар нээгдэх билээ.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай“ захирамжийг өнгөрсөн долоо хоногт гаргасан байгаа. Уг захирамжид Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг дор дурдсанаар тогтоосон юм.
Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал:
- Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлан,
- Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,
- Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл,
- Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл
- Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл
- Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүд
- “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
- “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
- Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл,
- Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл
- Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл
- Бусад.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.