Ерөнхий сайдын баруун аймгуудад ажилласан томилолтын мөрөөр хийх ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж эхэллээ
Тухайлбал Ховд хотын тариаланчид, ногоочдыг Улаанбаатар хотод хүнсний ногоогоо борлуулах зах, байраар хангах, аймгийн худалдааны захыг битүү дээвэртэй болгох зэрэг хүсэлтийг судлан шийдвэрлэхээр болж байна.
Ховд аймгийн дулаан, хангамжийн хэвийн байдлыг хангах үүднээс зуухны засвар, нүүрс татан авч нөөцлөхөд зориулж 500 сая төгрөгийн төсвийн зээл олгохоор хуралдаанаас шийдвэрлэлээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг тус аймагт ажиллах үед дулааны станцыг хэвийн ажиллуулахын тулд хөрөнгө шаардлагатай байгаа тухай танилцуулж байсан юм.
Төсвийн зээлийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулан, аймгийн төвийн аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн дулаан хангамжийн найдвартай байдлыг хангах, зээлийг хугацаанд нь эргүүлэн төлөхийг аймгийн Засаг дарга Г.Нямдаваа, “Бадамлах дөл” компанийн ерөнхий захирал Д.Сурмаажав нарт даалгалаа.
Мөн Баян-Өлгий аймагт иргэдийг ажлын байраар хангах, Өлгий хотын 920 хүүхдийн сургуулийн хичээлийн барилга болон Увс аймгийн цэнгэлдэх хүрээлэнгийн барилгыг гүйцээхэд шаардагдах хөрөнгийг судлан шийдвэрлэхээр боллоо.
Баруун гурван аймгийн хэрэгцээг хангах цементийн үйлдвэрийг хаана, яаж байгуулах асуудлыг ойрын үед судлан шийдэхийг холбогдох сайд нарт даалгасан байна. Түүнчлэн дээрх гурван аймгийн иргэдээс гарсан алслагдсан бүс нутгийн нэмэгдлийн асуудлыг боломжит хувилбараар шийдэхээр боллоо.
Орон нутгийн удирдлага, иргэдээс гаргасан бусад санал, хүсэлтийг холбогдох салбарын сайдууд судлан, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгаж, биелэлтийг улирал бүр Засгийн газарт танилцуулах үүрэг хүлээсэн байна.