Ц.Баярсайхан: Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжинэ
2012.09.10

Ц.Баярсайхан: Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжинэ

Барилга, хот байгуулалтын шинэ сайд Ц.Баярсайхан амралтын өдрүүдэд Дархан-Уул, Хөтөлд ажиллалаа.  Тэрбээр барилгын материалын үйлдвэр аж ахуйн газрууд, хот байгуулалтын салбарт хэрэгжиж буй төслийн үйл явцтай танилцав.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь Дархан, Сэлэнгийн бүс нутагт дахь Төмөртэй, Төмөртолгой,  Хуст-Уулын төмрийн хүдрийн орд газрыг  түшиглэн байгуулагдсан.  Хаягдал төмөр  хайлуулан арматур үйлдвэрлэж эхэлсэн энэ үйлдвэр одоо хүчин чадлынхаа 60 хувийг ашиглаж байна.  Өөрөөр хэлбэл жилд 100 000 тонн цувимал ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой тус үйлдвэрийн одоогийн үйлдвэрлэл 56,7 мянган тонн байгаа юм.   Ган бэлдэц, арматур, булан төмөр, дугуй туйван үйлдвэрлэж байгаагаа Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд харууллаа.

 

Монголдоо гангийн хамгийн том нь  гэж нэрлэж болох Дарханы төмөрлөгийн үйлдвэр хаягдал төмрийн үнийн өсөлт болон цахилгааны үнээс болж алдагдалтай ажиллах болсон байна.  4 жилийн өмнө 1 тонн хаягдал төмөр 60 мянган төгрөг байсан бол энэ онд хаягдал төмрийн үнэ  300 мянган төгрөг болж үнэ нь 5 дахин нэмэгдсэн байна. Өнөөдөр нийт зах зээлийн  60-70 хувийг хойд урд хөршөөс нийлүүлж харин  үлдсэн хувийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон гангийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 16 үйлдвэр хангадаг байна.

 

Өнгөрсөн онд манай барилгын салбарынхан  261,8 тонн ган туйван, төмөр утас хэрэглэжээ. Монголд  гангийн хэрэглээ ийнхүү өсөн нэмэгдэж байгаа учраас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөн  Уул уурхай-хар төмөрлөгийн цогцолбор байгуулах төслийг  үйлдвэрийн удирдлагууд боловсруулсан байсан.  Ингэхдээ Төмөр толгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж,  хуурай соронзон баяжуулах 3 шугмыг шинэчлэх шаардлагатай гэв.  Хуст-Уулын ордыг ашиглах  ТЭЗҮ-г  Ашигт малтмалын газар, Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулжээ. Түүнчлэн үйлдвэрт машин техник, хүнд машин механизмийн шинэчлэл хийх цаг болсон гэж ярьж байв.

 

Цагаан тоосго, хөнгөн блокны Силикат үйлдвэр дуу чимээг дээд зэргээр тусгаарлахын зэрэгцээ, дулааны алдагдалгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм. Өнөөдөр тус үйлдвэр өдөрт  183 м куб хөнгөн бетон, 100 тонн боловсруулсан шохой үйлдвэрлэж байна. Үйлдвэрт 2008 онд технологийн шинэчлэл хийснээр жилд 360 мянган тонн цэвэр шохой үйлдвэрлэх боломжтой болсон байна.  Мөн төслийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр зорьж байгаа бөгөөд ингэж чадвал  хоногт 250 м куб хөнгөн бетон,  400 тонн шохой үйлдвэрлэх боломжтой болох аж.  Хөнгөн бетон, шохойны энэ үйлдвэрийн удирдлагууд үйлдвэрлэлээ “субботник” эрхэлж байгаатай зүйрлэв. Ашиг олж, үйлдвэрлэлээ өргөтгөх боломж бага байдаг тул төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх шаардлагатай байдаг  гэж хэлцгээлээ.  Улирлын чанартай барилгын материалын үйлдвэрлэлийг жилийн 4 улирлын турш ажиллуулах боломж бий. Барилгын салбарын хөгжлийг дагаад хөнгөн блок, шохойны үйлдвэрт ч  ирээдүй их байна гэдгээ салбарын сайддаа учирлалаа.

 

Барилга, хот байгуулалтын сайдын ажил байдалтай нь  танилцсан дараагийн газар Эрэл цемент, Дархан Ус суваг зэрэг байгууллагууд байсан юм.  Дархан Ус суваг ХК-д Японы Жайкагийн шугмаар цэвэр усны хэрэглээг нэмэгдүүлэх төсөл хэрэгжсэн байна. Мөн төв цэвэрлэх байгууламж дээр нь  ХБНГУ-ын тусламжтайгаар шинэ технологи туршилтын журмаар хэрэгжүүлж байв. Дарханы хүн амыг цэвэр усаар хангах Хараа гол дагуух 18 худгийн 10 нь Жайкагийн төслөөр шинэчлэгджээ.  Харин цэвэрлэх байгууламж дээр туршилт хийж буй шинэ технологийн тухайд бохирыг 98 хувь цэвэршүүлдэг байна.   Аймгийн  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрынхан Дархан хотыг орон сууцжуулах төлөвлөгөөг танилцууллаа.  100 мянган айл хөтөлбөрийн хүрээнд орон сууцны 13 дугаар хороолол барих төлөвлөлт хийгджээ.  Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр дээр баригдах 13-р хороололд нийтийн орон сууц, таун хаус, сургууль цэцэрлэг, үйлчилгээний төвийг цогцоор нь барихаар төлөвлөлт хийсэн байв.

 

Хөтөл тосгон дахь цемент шохойн үйлдвэр цементийн үйлдвэрлэлд хүчин чадлынхаа 60 хувийг, шохойд 60-70 хувийг ашиглаж байна.   Үйлдвэрлэлээ өргөтгөх үүднээс жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хуурай аргын үйлдвэр байгуулах ажлыг  тэд  эхлүүлжээ.  Өнөөдөр дэлхий нийтэд цементийн үйлдвэрлэл хуурай аргын  технологид шилжсэн байдаг талаар үйлдвэрийн удирдлагууд сайдад танилцуулж байв.  Түүнчлэн  хуурай аргын шинэ шугам нь хоногт 2500 тонн чулуунцар үйлдвэрлэх боломжтой.  Ингэснээр хүчин чадал нэмэгдэж  жилд 1 сая тн цементийг Хөтөлийн цемент шохойн үйлдвэр зах зээлд дангаараа  нийлүүлэх юм.  Энэ төсөл дээр нь  ХБНГУ Бэйзмент ХХК хөрөнгө оруулагчаар, гүйцэтгэгчээр БНХАУ-ын компаниуд ажиллаж байна.

 

Барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа энэ цаг үед дотооддоо материалын үйлдвэрлэлээ хөгжүүлэх,  байгаа үйлдвэрүүдийнхээ  хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага бийг салбарын сайд очсон газар бүртээ онцолж байв. Орон нутагт ажилласан энэ удаагийн ажил нь ч энд чиглэсэн юм.  Ер нь гол зорилго болж өгвөл барилгын материалын  үйлдвэрлэлээ хөгжүүлж,  дотоодын зах зээлээ хангах.  Шинэчлэлийн засгийн газраас хийж,  хэрэгжүүлэх гол   ажлуудын нэг нь  “100 мянган айл орон сууц”  хөтөлбөр байх болно. Энэ бүхний цаана барилгын материалын үйлдвэрүүдээ хөгжүүлэх асуудал  багтана.  Цемент, арматур, шохойн зэрэг үйлдвэрүүдээ яаж дэмжих вэ,  үйлдвэрүүд хэрхэн ажиллаж байна вэ гэдгийг газар дээр нь очиж харлаа гэдгээ  Барилга, байгуулалтын сайд Ц.Баярсайхан хэлэв.  Хөгжлийн банк  дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийхээр анх  байгуулагдсан. Одоо  барилгын салбарт ч  тус банк хөрөнгө оруулалт хийж инженерийн дэд бүтцийг шийдэх хэрэгтэй байна. Тухайлбал Дарханд газар, дэд бүтэц нь байна. Инженерийн шугам сүлжээ оруулж,  санхүүжилтийг шийдэхэд орон нутагт орон сууцны барилга баригдах бололцоо нээлттэй байна гэлээ.

 

Сайдын ажил байдал, үйлдвэрлэлтэй нь танилцсан барилгын материалын үйлдвэрүүд ч мөн адил үйлдвэрлэлээ өргөжүүлэх талаар дор бүрнээ хөндөж байв. Ингэвэл барилгын салбар ч, барилгын материалын үйлдвэрлэл ч аль аль нь хөл дээрээ босож ирэх талаар яригдлаа. Гол нь үйлдвэрүүд төрийн зүгээс үзүүлж болох дэмжлэгийн талаар тодорхой  саналаа өгөх хэрэгтэй.  Ингэж байж Засгийн газраас ямар дэмжлэгийг хаана хэрэгжүүлэхээ гаргаж ирнэ гэдгийг салбарын сайд хэлж байсан юм.

bayarsaikhan_said_darhand

bayarsaikhan_said_darhand03

 

 

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.