Барилга экспо-2012 үзэсгэлэн яармаг эхэллээ
Энэ 7 хоногт Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 86 жилийн ойн баярын өдөр болж байна. Жил бүрийн 9 дүгээр сарын эхний 7 хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг энэ баярын хүрээнд Дэлхийн хөгжлийг Монголд авчирна уриатай “Барилга экспо-2012” олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулагддаг юм.
Барилга хот байгуулалтын салбарт шинэ дэвшилтэт техник, технологи бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх зорилготой уг үзэсгэлэнд Швейцарь улс сэргээгдэх эрчим хүч, газрын гүний дулаан, нарны энергиэр барилга байгууламжийнхаа эрчим хүчийг хэрхэн шийдсэнийг, 2050 автомашины зогсоолын барилгыг сэргээгдэх эрчим хүч ашиглан монголын цаг агаарын нөхцөл, архитектурын онцлогт тааруулан хийсэн зэрэгтэй танилцаж болохоор байна.
Мөн барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд шинээр барьж байгаа орон сууцны хотхон, хорооллууддаа иргэдэд танилцуулах юм. Заг, Инэл констракшн, Термигес, Роял хаус зэрэг барилгын зарим компаниуд барилгачдын өдөрт зориулан орон сууцныхаа үнийг 5-20 хувь хямдруулсан байв. Орон сууцны лизингэд хамрагдах хүсэлтэй иргэдэд Голомт банк орон сууцны зээлд хамрагдах боломж олгож байна.
Нэг дороос цогц бүтээгдэхүүн үйлчилгээ авах боломж олгосон “Барилга экспо-2012” олон улсын үзэсгэлэнд Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан оролцлоо. Эх орны бүтээн байгуулалтын төлөө зүтгэж байгаа барилгачдадаа баярын мэнд хүргэхий зэрэгцээ барилга хот байгуулалтын салбарт хэрэгжүүлэх бодлогын ажлуудаасаа товч нэрлэв.
“Барилга экспо-2012” үзэсгэлэн энэ сарын 6-наас 9 ны өдрүүдэд Мишээл экспо төвд 10:00-:18:00 цагийн хооронд үүд хаалга нь нээлттэй байх юм. Үзэсгэлэн яармагийн ерөнхий зохион байгуулагчаар Барилга.МН БЗМТөв, хамтран зохион байгуулагчаар БХБЯ, МБХҮНТ, МҮХАҮТ, МБХ, МБИХ, МБМҮХ, ерөнхий ивээн тэтгэгчээр Номин консктракшн хамтран ажиллаж байна.