Сайд Ц.Баярсайхан салбартаа хэрэгжиж буй төсөл хөтөлбөртэй танилцлаа
Барилга хот байгуулалтын яам болон Азийн хөгжлийн банкнаас хамтран хэрэгжүүлж буй “Өмнөговь, Дорноговь аймгийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн G0204-MON” төсөл дээрхи аймгуудад ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулж дуусжээ. Одоо төслөө Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах ажлын төлөвлөлттэй уялдуулах, Цогтцэций сумын төлөвлөлтийг уул уурхайн төлөвлөлттэй холбох, 2 аймагт хийгдэх дэд бүтцийн байгууламжийн зургийг зөвлөхүүдэд хүргэх ажил хийгдэж байгаа юм байна.
“Сум дундын төсөл” 2008 оноос хойш Монгол улсын Ерөнхий сайдын санаачлагаар Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд батлагджээ. Өнгөрсөн жил төслийн нэгжийг байгуулж, нийт 329 сумын ерөнхий судалгааг гаргасан байна. Төслийн нэгжийнхэн хүн амын тоо нэмэгдэх хандлагатай сумдыг тодорхойлсон байв. Төслийг бүх сумдад хэрэгжүүлэхээр тооцоолсон бөгөөд эхний ээлжинд Төв аймгийн Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Баянхонгорын Өлзийт, Өвөрхангайн Хужирт суманд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ сумын захиргаа, сургууль, дотуур байр, цэцэрлэг, соёл спортын төв, эмнэлэг гэсэн зургаан барилга барих юм байна. Сумын төвд шинээр цогцолбор барилга барих шаардлага нь бүх сумын төв дэх барилга байгууламж хэт хуучирсантай холбоотой гэж тайлбарлалаа. Олон сумын сургууль, цэцэрлэг зориулалтын бус эрүүл ахуйн шаардлага хангахгүй байранд байрлаж байна. Тэдгээрийн их засварт гэхэд жилд улсаас 10-12 тэрбум төгрөг зарцуулдаг.
Тиймээс “ Сум дундын төв” төслийн хүрээнд дэлхийн дэвшилтэт технологи болох Канад модон барилгын технологийг ашиглан Төрийн үйлчилгээний цогцолборыг сумдын төвд байгуулах барилгын зураг төслийн ажлаа шинэ сайддаа танилцууллаа. Хэрвээ төслийг хэрэгжүүлвэл 90-120 жилийн баталгаатай шинэ барилгууд баригдаж, улсын төсвөөс зарцуулдаг хөрөнгө мөнгийг хэмнэнэ гэж байв. Эрчим хүчний хэмнэлттэй материал болон газрын гүний дулаан зэрэг шилдэг технологи ашиглах тул цахилгаан дулааныг 60 хувь хэмнэх боломжтой гэв. Түүнчлэн тав тухтай, аюулгүй, цэвэр барилга байгууламжинд сурч ажиллаж амьдрах нөхцлийг зурган дээр буулгасан байлаа.
Тус төслийн баг нийслэлийн гэр хорооллыг хаус хороолол болгох зураг төсөл ч боловсруулжээ. Гэр хорооллыг орон сууцжуулахын тулд дахин төлөвлөлт хийх шаардлагатай. Одоо бэлэн байгаа тооцооллоор бол 1 давхар 2 өрөө бүхий 51,1 м кв талбайтай орон сууц барихад 29,9 сая төгрөг, 2 давхар 3 өрөөтэй 83 м кв талбай бүхий хаусыг 49,9 төгрөгт багтаан шинээр барих тооцоо гаргасан байв. Үүнийгээ хотын удирдлагуудад танилцуулж, гэр хорооллыг амины орон сууц болгох хөтөлбөрт тусгуулах талаар ярилаа.
Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханы ажил байдалтай нь танилцсан дараагийн төсөл “Хот байгуулалтын салбарын МОН-2301” төсөл байв. Баруун 5 аймаг болон төвийн бүсийн 8 аймагт хэрэгжсэн уг төсөл одоо Улаанбаатар хот болон Эрдэнэт, Арвайхээр, Баянхонгор, Алтай, Баруун-Урт, Булганд хэрэгжиж байгаа юм байна. Эдгээр хотуудын нийтийн аж ахуйг сайжруулахад төслийн үйл ажиллагаа чиглэгдэж байгаа. Орхон аймгийн Эрдэнэт хотод ундны усны эх үүсвэрийн дөрвөн гүний худаг шинээр гаргаж, улмаар хлоржуулах тоног төхөөрөмж суулгах юм байна. Цэвэр ус дамжуулах 32 км шугам угсрах, 2-р өргөлтийн насосны станц шинээр барих, ус түгээх байр 26-г шинээр барих, бохир усны 5,7 км шугам шинээр угсрах гэх зэрэг цогц ажил хийгдэнэ. Энэ ажлын явц 80 хувьтай, Алтай хотод хийгдэж буй ажил 48 хувь, Баянхонгор хотод хэрэгжүүлж байгаа ажил 50 хувьтай байгаа тухай сайддаа мэдээлэв.
“Хот байгуулалтын салбарын МОН-2301” төслөөр Улаанбаатар хотод Хайлааст, Баруун салаа, Орбит-Тахилт, Ботаник-Шар хадны чиглэлд зам тавьж байгааг бас танилцуулсан.
Барилга хот байгуулалтын салбарт дээрхи төслүүдээс гадна “Барилгын эрчим хүчний хэмнэлтийн МОН / 09 / 301” төсөл хэрэгждэг юм байна. Энэ төслийн хувьд эрчим хүчний хэмнэлттэй хувийн сууц барихыг санал болгодог. Даян дэлхийн байгаль орчны сан GEF уг төслийг санхүүжүүлдэг байна. Мөн “Орон сууц хөгжүүлэх сан” үйл ажиллагааныхаа чиглэл зорилгын талаар салбарын сайддаа мэдээлэл өглөө.
Шинэчлэлийн засгийн газрын Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан өчигдөр яам, агентлагийнхаа ажил байдалтай биечлэн явж танилцсан бол өнөөдөр тус салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авлаа.