Ц.Баярсайхан шугам, сүлжээний ажилтай танилцлаа
2012.08.27

Ц.Баярсайхан шугам, сүлжээний ажилтай танилцлаа

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нийслэлд баригдаж буй барилга, орон сууц, шугам сүлжээний ажилтай амралтын өдрүүдэд танилцлаа. Шинэ сайд ажлаа хүлээж аваад удаагүй ч нийслэлийн гэр хороололд амьдарч буй 180 гаруй мянган айл өрхийг дулаан, цэвэр усны шугамд холбох ажилд илүү анхаарал хандуулан ажиллаж байгаагаа онцолсон. 

Налайх, Баянзүрхийн чиглэлд 2009 онд тавигдсан бохир усыг Төв цэвэрлэх байгууламжтай холбох шугамын ажилтай эхлээд танилцсан юм.
Налайх дүүрэг байгуулагдсанаас хойш бохир усаа Туул голд шууд асгаж байна. Тиймээс энэ асуудлыг шийдэх зорилгоор 2009 онд бохир усыг Төв цэвэрлэх байгууламж руу шууд холбох шугам татсан байна. Энэ ажлыг ирэх сарын 15-нд Улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулахаар болсон байна.

Мөн Барилга, хот байгуулалтын сайд БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар хийгдэж буй XIV, VII хороолол, Яармагийн гүүр орчмын орон сууцны хороолол, Буян-Ухаа-Шинэ Яармагийн чиглэлд баригдаж буй орон сууц, Баянголын амны орон сууц зэрэг барилгын барилга угсралт, шугам сүлжээтэй танилцлаа. Дээрхи орон сууцнуудаас ОССК захиалгаа өгч бариулж буй Буян-Ухаа-Шинэ Яармаг орон сууцны хорооллын үнэ иргэдийн худалдан авах чадварт нийцэхүйц байв. Метр кв-ын үнэ 850 мянган төгрөг байгаа нь зах зээл дээр байгаа хамгийн хямд үнэ болж байна. Газар, дэд бүтцийн нь улсаас шийдвэрлэж өгсөн болохоор орон сууцны үнэ хямд байгаа юм. Ийм орон сууцаар иргэдийг хангах бодлого барих нь энэ салбарт чухал юм гэж сайд Ц.Баярсайхан хэлж байв.

Амины орон сууны хороолол барих төлөвлөлттэй Баянголын аманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 5,6 тэрбум гаргаж цэвэр, бохир усны шугам татсан байна. Гэсэн хэдий боловч тус аманд орон сууцны хороолол одоог хүртэл баригдаагүй учир хэрэглэгчид холбох, туршилт хийх боломжгүй байгаа юм байна. Төсвийн хөрөнгө үр ашгаа гаргалгүй гурван жил болж байгаагийн жишээг эндээс харж болохоор байсан.

Шугам, сүлжээний ажилтай танилцсан сайд Ц.Баярсайхан “Ажлаа аваад удаагүй ч тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц юу байгаа талаар газар дээр нь явж танилцлаа. Зарим шугам сүлжээний ажлын хөрөнгө оруулалт гацсан байна. Заримд нь гүйцэтгэгч компанийн үйл ажиллагаанаас шалтгаалсан зүйл олон байна. Тиймээс ажлын хэсэг хуралдаж, Засгийн газарт яаралтай өргөн мэдүүлж, шийдвэрлэх ажлуудаа танилцуулна” гэлээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.