2012.09.07

Мэндчилгээ

Эрхэм хүндэт барилгачид аа.

Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт ажиллагсад, нийт инженер техникийн ажилтнуудад Барилгачдын өдрийг тохиолдуулан баяр хүргэж, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.

Хүн төрөлхтөний цаашдын хөгжил дэвшлийг суурин соёл иргэншилгүйгээр, түүнийг орчин үеийн шинжлэх ухааны ололт дээр үндэслэн төлөвлөсөн барилга, хот байгуулалтгүйгээр төсөөлөх боломжгүй болжээ.


Өнгөрсөн зууны дунд үеэс суурин амьдралд шилжиж эхэлсэнтэй зэрэгцэн барилгын салбар үүсэн бий болж, үе үеийн барилгачид улс орны бүтээн байгуулалт, ард түмнийхээ эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө шургуу хөдөлмөрлөж, барилга хот байгуулалтын салбар өнөөдрийн түвшинд ирснийг тэмдэглэхэд таатай байна.

Салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, УИХ-аас баталсан томоохон хөтөлбөрүүд, шинэчлэлийн Засгийн газраас дэвшүүлэх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Барилга, хот байгуулалтын яамыг байгууллаа.

Барилгын салбарт шинэ техник, технологи нэвтрүүлэх, норм, нормативыг олон улсын түвшинд ойртуулах, импортын бүтээгдэхүүнийг орлосон үндэсний үйлдвэрийг байгуулах, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, барилгын үйлдвэрлэлийг цаг уурын эрхшээлээс гаргах, барилга байгууламжийн өөрийн өртгийг хямдруулах томоохон зорилт та бидний өмнө тавигдаж байна.

Мөн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын хариуцах ажлын хүрээг оновчтой тодорхой болгож, хариуцлагыг нэмэгдүүлэх, салбарын бодлого, үйл ажиллагааг үр дүнтэй болгож, иргэдтэй ойртуулах шаардлага байна.

Бидэнд өнгөрсөн үед хийснээрээ бахархахаас гадна ирээдүйд хийх ажлаа зөвөөр тодорхойлох нь юунаас ч илүү чухал асуудал болоод байна.

Барилгын салбарын цаашдын хөгжлийг хурдасгахад нэн тэргүүнд салбарын техникийн бодлогыг тодорхойлогч шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтыг тусгасан хууль, эрх зүйн болон норматив баримт бичгийг өөрийн орны нөхцөлд тохируулан боловсруулж, мөрдүүлэх асуудал чухлаар тавигдаж байна.

Хот төлөвлөлт, байгуулалтын асуудалд илүү анхаарал хандуулж, хот төлөвлөлтийн норм, дүрмийг шинэчлэн боловсруулж, хуульчлан мөрдүүлэх зорилт тавьж байна.

Хүн амын олонхи суурин амьдралын хэвшлийг сонгосонтой холбогдуулан олон улсын стандартын шаардлага хангасан, чанартай орон сууцаар хангах асуудал тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Нийтийн эзэмшлийн орон сууцыг төрөл бүрийн хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлж барихдаа цаашдаа бага, дунд орлоготой иргэдийг дэмжих, орон сууцны бие даасан сан бий болгох эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байна.

Барилгын салбарыг хөгжүүлэхэд ажиллах хүчний чадамжийг сайжруулах, мэргэжилтэй ажилчин бэлтгэх, тэднийг сургах, дадлагажуулах зэрэг олон талт үйл ажиллагааг бий болгох нэн шаардлагатай байгаа билээ. Ялангуяа барилгын салбарт ажиллагсадын нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарах цаг болсон гэж үзэж байна.

Олон улсын жишиг, зах зээлийн нөхцөл байдлаас харахад салбарын үндсэн үүрэг, зорилгоо цогцоор хэрэгжүүлэхэд зайлшгүй шийдэх нэг үндсэн гол ажил нь төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн төрийн бус байгууллагад шилжүүлэх, түүнтэй хамтран ажиллах нөхцөлийг бий болгох, тэдний мэргэжлийн өндөр чадамж, нөөцийг ашиглах нь чухал гэдгийг энд дурьдахад таатай байна.

Дээр дурьдсан зорилтуудыг хэрэгжүүлэх олон талт үйл ажиллагаанд хамтран ажиллаж, тулгарч буй зорилтыг шийдвэрлэж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа та бүхэндээ илэрхийлье.

Та бүхний цаашдын үйл ажиллагаанд
өндөр амжилт хүсэн ерөөе.


УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн,
Барилга, хот байгуулалтын сайд Ц.БАЯРСАЙХАН
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.