Барилгын салбарын 2012 оны шилдэг байгууллага, аж ахуйн нэгжүүд шалгарлаа.
Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас жил бүрийн 9 дүгээр сарын эхний долоо хоногт буюу “Барилгачдын өдөр”-өөр оны шилдгүүдээ шалгаруулдаг юм. Түүнчлэн тухайн аж ахуйн нэгжүүдийн лого бүхий тугийг Барилгачдын талбайд залдаг уламжлал тогтоод байна. Оны шилдгүүдийг Барилга угсралт, өргөх байгууламж, зураг төсөл, барилгын материалын үйлдвэрлэл гэсэн дөрвөн чиглэлээр шалгаруулжээ.
Барилга угсралтын чиглэлээр “РСТ “ ХХК “Гексаэдр клауд” ХХК “Тэдмэнт” ХХК, “Гурван булаг сод” ХХК, Өргөх байгууламжийн чиглэлээр Одмөнх ХХК, Зураг төслөөр “Тоонот констракшн” ХХК, “Тулга троект” ХХК, Барилгын материалын үйлдвэрлэл, “Төгс зуурмаг” ХХК, “Тэгштплант” ХХК, “Анжел стар” ХХК тус тус оны шилдэг болов.
Шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулахдаа тухайн жилийн ажлын үр дүн, ажлын байр нэмэгдүүлсэн байдал, ажилчдын дундаж цалин, барилгын чанарт хэрэглэгчдийн сэтгэл ханамж, шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлсэн байдал, үйлдвэрлэлийн осол, хөдөлмөр хамгааллын байдал, энэ чиглэлээр гаргасан зардал зэрэг олон шалгуураар сонгон шалгаруулдаг байна.
Барилгын салбар үүсч хөгжсний 86 жилийн ой, барилгачдын баярын энэхүү арга хэмжээнд Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан оролцож барилгын салбарт ажиллагсдад баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Монголчууд бид бүхний хувьд өнгөрсөн зууны дунд үеэс суурин амьдралд шилжиж эхэлсэнтэй зэрэгцэн барилгын салбар үүсэн бий болсон. Тэр цагаас хойш үе үеийн барилгачид та бүхэн улс орны бүтээн байгуулалт, ард түмнийхээ эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хөдөлмөрлөж ирсэн гэж салбарын сайд нь онцлов.
Барилгын салбарын хувьд шинэ техник, технологи нэвтрүүлэх, норм, нормативыг олон улсын түвшинд ойртуулах, импортын бүтээгдэхүүнийг орлосон үндэсний үйлдвэр байгуулах шаардлага байна. Барилгын үйлдвэрлэлийг цаг уурын эрхшээлээс гаргах, барилга байгууламжийн өөрийн өртгийг хямдруулах шаарлага бий. Бидэнд өнгөрсөн үед хийснээрээ бахархахаас гадна ирээдүйд хийх ажлаа зөвөөр тодорхойлох нь чухал байгаа гэлээ.
Барилгын салбарыг хөгжүүлэхэд ажиллах хүчний чадамжийг сайжруулах, мэргэжилтэй ажилчин бэлтгэх, тэднийг сургах, дадлагажуулахын зэрэгцээ нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарах цаг болсон гэж Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хэллээ.
Барилгачдын баярын энэ өдөр оны шилдгүүдийг шалгаруулахын зэрэгцээ тус салбарт ажиллаж байгаа зарим хүмүүст салбарын тэргүүний тэмдгийг гардууллаа.