Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтээ ахмад парламентчид УИХ-ын даргад өргөн барилаа
“Дордуулсан долоон өөрчлөлт” хэмээн нэрлэгдсэн эдгээр нэмэлт өөрчлөлтийг хийхдээ хуулийн төслийг өргөн мэдүүлэх болон Байнгын хороодоор санал, дүгнэлт гаргуулах, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх дэг, журмыг зөрчснөөс гадна хоёр хэлэлцүүлгийг нэг цагийн зайтай нэг хүний саналтай явуулсан. Мөн Үндсэн хуулийн 68 дугаар зүйлд заасан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Үндсэн хуулийн Цэц УИХ-д өргөн мэдүүлэх, ард нийтийн санал асуулга явуулж болох тухай заалтуудыг үл тоомсорлосон нь Үндсэн хуулиа зөрчсөн үйлдэл болсон хэмээн үзэж буйгаа тус холбооны төлөөлөгчид УИХ-ын даргад илэрхийлсэн. Тиймээс 1992 онд баталсан Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон нэмэлт, өөрчлөлтийг хууль бус хэмээж, хүчингүй болгох тухай хүсэлтээ шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газарт ийнхүү бичгээр хүргүүлж байгаа юм. Тухайлбал, УИХ-ын чуулганы хуралдааны ирцийг гуравны хоёроор авдаг байсныг гуравны нэг болгож бууруулсан, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахыг тодорхой тоонд хязгаарлаагүй нь УИХ-ын үйл ажиллагааны чадварыг сулруулсан, ардчилсан шинжийг алдагдуулсан, төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг будлиантуулсан хийгээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдэлд халдсан зэрэг олон сөрөг үр дагавар дагуулж буйг судлаж, товч дүгнэлтийг хийжээ.
Тус холбооноос эдгээр асуудлыг нэн тэргүүнд өөрчилж, 2013 онд багтаан шийдвэрлэж өгөхийг ийнхүү хүссэн аж.
УИХ-ын дарга З.Энхболд Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны бичгээр гаргасан уг саналыг УИХ-ын бүх гишүүдэд хүргэхийг УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнд чиглэл болголоо. Тэрээр цааш хэлэхдээ, Зөвхөн Үндсэн хуулиар ч зогсохгүй хуулийг дээдэлж, хуулинд захирагдаж байх нь юу юунаас илүү чухал зүйл. НҮБ дээр ч хуулийг дээдлэх тухай асуудал хөндөгдөж эхэллээ. Энэ нь дэлхий дахины тулгамдсан асуудал болж буйг гэрчилсэн хэрэг юм. Нэг өдөр л бүх зүйл өөрчлөгдөж, сайн болчихгүй. Манай улсын хувьд бага багаар сайжирч байгаа гэж харж байна. Хуулийн зүйл заалтыг өөрчилсөндөө бус хуулийг зөрчсөн хүнийг шийтгэж, хууль шүүхийн байгууллагууд хараат бусаар шударга ажиллах нь хуулийг хэрэгжүүлэх хамгийн эхний алхам болно гэдгийг онцолж байлаа.
Мөн тус холбооны төлөөлөгчид Оюутолгойн гэрээг эргэн харж, УИХ-ын 57-р тогтоолын хэрэгжилтийг хангах тал дээр анхаарч ажиллахыг захисан. УИХ-ын дарга ч уг асуудал дээр санал нэгтэй байгаагаа илэрхийллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
УИХ-ын Тамгын газар