2011.10.07

Ж.Сүхбаатар: Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах зайлшгүй нөхцөл байдал бий болсон

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судлах ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатартай ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулжээ. Сонгууль дөхөж байхад тулгуур Хуульд "гар хүрэх" хэрэг байна уу?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал 2008 оны сонгуулийн дүн гарсны дараа УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслол нэлээд хугацаагаар хойшлуулж байсан үеэс л яригдсан зүйл. Тэр үеийн МАХН, АН-аас ажлын хэсэг гаргаж зөвшилцөж гэрээнд гарын үсэг зурж оруулсныг та бүхэн санаж байгаа байх. Тэр гэрээндээ  Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж төрийн тогтолцоонд шинэтгэл хийе гэж тохиролцсон юм. Энэ дагуу ажлын хэсэг байгуулж Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад хэлэлцүүлж эхэлсэн боловч хоёр, гурван асуудлаас болоод батлагдахгүй гацсаар өнөөдөртөө золгож байна.
Нөгөө нэг шинэчлэлийн асуудал нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай юм.
Тулгуур хуулийг баталснаас хойших 20 жилийн хугацаанд хоёр л удаа нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдаж 2000 онд долоон зүйл заалтыг оруулж байсан түүхтэй. үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар тодорхой хуулийн процедур дутагдаж байна, түүнийг нь зааж өгөөгүй гэсэн шүүмжлэл ч их гарах болсон. Тиймээс УИХ үүнд дүгнэлт хийгээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг өнгөрсөн оны сүүлээр баталж гаргасан байгаа. Энэ хууль гарснаар тулгуур хуульд дур зоргоороо нэмэлт өөрчлөлт оруулахыг хааж өгсөн төдийгүй тодорхой шалгууртай болгож босгыг өндөрсгөж өгсөн хэрэг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн хоёр ч төслийг нэр бүхий гишүүд боловсруулаад өргөн барихаар бэлтгэж байсан. Парламентад суудалгүй ҮШН буюу одоогийн МҮАН гэхэд Тавдугаар бүгд найрамдах улсын Үндсэн хуулийн төсөл боловсруулснаа зарлаж, олон нийтэд танилцуулж байлаа. Манай намын дарга С.Батболд ч улс төрийн намуудын дарга нарыг цуглуулан үулзалт ярилцлага зохион байгуулж хоёр танхимтай парламенттай болгох саналыг ч гаргасан удаатай.
Есөн намын дарга нар парламентын ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр санал нэгдэж гарын үсэг зурсан байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлаад УИХ Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн баталж гаргасан. Түүнд Монгол Улс цаашид парламентын удирдлагын хэлбэрийг сонгож авсан замдаа баттай байж, энэ тогтолцоогоо боловсронгуй болгож төгөлдөршүүлэхэд төрийн бодлого чиглэнэ гэсэн заалт орсон байгаа. Өөрөөр хэлбэл, парламентыг бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалтын хувьд улам сайжруулах шаардлага бий болсон нь бодит амьдрал дээр харагдаж байгаа. Тэгэхээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах зайлшгүй улс төрийн хэрэгцээ шаардлага бий болсон юм. Энэ нөхцөл байдлыг харгалзан  2011 оны нэгдүгээр сард УИХ-ын дарга Д.Дэмбэрэл захирамж гаргаж ажлын хэсэг байгуулахыг даалгасан. Энэ ажлын хэсгийг нь ахалж ажиллаж байна.
-Улстөрчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй нөхцөл байдал бий болсон гэж үзэж байж болох юм. Нийгэм иргэд үүнийг хүлээн зөвшөөрч байх нь чухал шүү дээ?
-Нийгмийн шаардлага ч бий болсон. Монгол Улсын хүн ам өсөж бараг гурван саяд дөхөж байгаа. Үндсэн хууль баталж байх үетэй харьцуулахад хүн ам 500: 600 мянгаар өссөн байна. Үүнээс гадна нийгмийн харилцааны хувьд хамгийн чухал зүйл бол бүлэг давхаргын тухай асуудал байдаг. Хорин жилийн өмнө Үндсэн хуулийг баталж тунхаглаж байх үед хүний эрхийн асуудал, ардчилсан нийгмийн суурь үзлүүд биеллээ бүрэн олоогүй байсан. Чөлөөт нийгэмд хүн болгон өөрийн ашиг сонирхолтой байж, түүнийгээ хамгаалж, байр сууриа илэрхийлдэг.
Мөн өөрийн гэсэн  үнэлэмжтэй, хүний эрх, эрх чөлөөн дээр суурилсан үнэт зүйлтэй.
Ийм иргэний нийгэм өнөөдөр шинээр бүрэлдэн бий болж буй. Үүнийг дагаад ашиг сонирхлын бүлгүүд олноор бий болсон. Ардчилсан нийгэмд зөрчлийг үгүйсгэдэггүй. Нийгмийн давхарга болгон өөр өөрийн сонирхолтой. Сувилагч, багш, инженерүүдийн гээд л. Нийгмийн бүлэг давхарга болгон өөрийн гэсэн онцлог, ашиг сонирхолтой болоод ирэхээр иргэний нийгэм олон өнгөтэй болж ирдэг. Өмнө нь иргэний нийгэм эмэгтэйчүүд, залуучууд, ахмадын гэсэн гурван өнгөөр илэрхийлэгдэж байсан бол одоо нас, хүйсний ерөнхий хандлагад хуваагдахаас гадна өмч хөрөнгө, асуудалд хандах хандлага, үнэлэмжээсээ хамаараад олон хэсэгт хуваагдаж олон өнгөтэй болж байна. Чөлөөт нийгэм ийм олон ашиг сонирхлын бүлгүүдийг хүлээн зөвшөөрдөг учраас эдгээрийг нэгтгэж нийлүүлж, зөвшилцүүлж байдаг систем ажиллах шаардлагатай, Энэ нь Үндэсний хэмжээний, орон нутгийн сонгууль. Үүгээр дамжуулж төлөөлөгчдийн байгууллагын бүрэлдэхүүнийг сонгодог.

Монголд 7721 иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчтэй Харин улсын хэмжээнд гэхээр парламент нь 76 гишүүнтэй.
Нийгмийн олон давхаргад хуваагдаж байгаа ашиг сонирхлын бүлгүүдтэй болоод ирэхээр тэд дуу хоолойгоо хүчтэй илэрхийлэх, түүнийгээ олон нийтэд хүргэх хэрэгцээ шаардлага бий болж байна. Энэ боломжийг нь олгохгүй болохоор зөрчилдөөн ширүүсдэг. Сүүлийн хорин жилийн хугацаанд тогтож бий болсон механизм энэ нөхцөлийг хангаж чадахаа больсон. Үндэсний парламент бол нийгмийн төлөөллийн хамгийн том байгууллага нь. Энэ байгууллага нь 76 гишүүнтэй. Хоёроос таван нам л суудал авдаг. Намууд нийгэмд бий болсон олон давхарга бүлгүүдийн ашиг сонирхлыг бүрэн хэмжээгээр төлөөлж чадахгүй болсон. Парламентад бүх давхаргын төлөөллийг оруулах боломж хомс ч харьцангуй олон янзын дуу хоолой, өнгө, төлөөллийг оруулах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай болжээ. Ерөөсөө манай улс парламентаа ч төдийгүй орон нутгийн төлөөллийн байгууллагаа боловсронгуй болгох хэрэгтэй байна.
-Гэхдээ 76-г 99 болгож тоог нь нэмэгдүүллээ гээд төгөлдөршинө гэж үү?
-Парламентын бүтэц, бүрэлдэхүүнийг өргөтгөх санаачилгыг зөв гэж бодож байна. Хоёр танхимтай парламентыг санал болгоод байгаа хүмүүсийн цаад санаа бол одоогийн 76-г олшруулж олон хүнтэй болгоё гээд байгаа биз дээ. Зарим нь их марзан зүйл ярьж байна. Дээд танхим нь олон зуун хүнтэй, байнгын бус ажиллагаатай, жилд нэг, хоёрхон удаа хуралдаж хэдэн хүн сонгоод тардаг байх юм гэнэ. Хятадын бүх ардын төлөөлөгчдийн хурал нь 3000 хүнтэй. Улс төрийн товчоотой Ийм хэлбэрийг сонгох нь зүйтэй гээд л. Ер нь Хятад, ЗХУ-ын тогтолцооноос аль хэдийнээ татгалзсан учраас үүнийг дахин сэргээх хэрэггүй гэж би хувьдаа боддог. Чөлөөт нийгэмд парламент хоёр төрлийн үүрэг гүйцэтгэдэг.
Төлөөллийн байгууллагын, хууль тогтоодог байгууллагын гэсэн хоёр чиг үүрэгтэй.
Тэгэхээр нийгмийн хэрэгцээ шаардлагаар төлөөллийн шинж дутагдаад байгаа хэрэг. Манайхан энэ 76 мангуу идэж ууж, эрх ямба эдлээд байна. Орон нутагт эрх мэдэл өгөх ёстой гэдэг. Гэхдээ ойрын хугацаанд орон нутагт бүхий л эрх мэдлийг пүл пал гээд нэг өдөр шилжүүлчихгүй, аажим аажмаар шийдэгдэнэ. Тиймээс үндэсний хэмжээний парламент, төв Засгийн газар нь маш их үүрэгтэй, гол цөм нь байсаар л байна. Арван жилийн өмнөхөөс манай улсын төсөв арав дахин нэмэгдлээ. Хүн ам хорь гаруй хувиар өслөө. Энэ 76 хүнээс дэндүү их зүйл хамаарч байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гуравдах хэрэгцээ шаардлага бий болсныг хэлэхгүй өнгөрч болохгүй юм. Төрийн ажлын зохион байгуулалт, хяналт, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай болсон. Парламент төлөөллийн үүрэгтэйгээс гадна хууль тогтоодог. Хууль тогтоохын тулд ажлын хуваарилалт нь зөв байх шаардлагатай болж байна. Байнгын хороо л гол ажлыг нугалж байх ёстой.
Одоо болохоор байнгын хороо биш чуулганы хуралдаан дээр гол зүйлүүд шийдэгдээд явж байгаа.
Тэгэхээр байнгын хорооны ажлын зохион байгуулалтыг харахад өөрчлөх зүйл ажиглагддаг. Манай Төрийн байгуулалтын байнгын хороо 21 гишүүнтэй. 11 гишүүн ирэхээр ирц бүрдлээ гээд хуралдаанаа хийж тухайн асуудлыг зургаан гишүүн л дэмжвэл асуудал шийдэгдээд явдаг. Тэгэхээр хүний тоог нэмээд 99 гишүүнийг пропорциональ, мажоритариар сонгохоор намын нэрээр сонгогдсон нь тойрогтоо ажиллана гэхгүй тогтвортой |сууж, ажлын хэсэгт орж хууль, тогтоол боловсруулах ажилдаа илүү цаг гаргах нөхцөл бүрдэнэ. Цөөхөн биш олон хүнээс хамааралтай болгохоор гишүүд ч дотроо өрсөлдөж ажилдаа идэвхтэй оролцох сонирхол нь нэмэгдэнэ.
-Яагаад?
-Парламент 99 гишүүнтэй болохоор ажил хэргийн эрүүл өрсөлдөөн нэмэгдэнэ. Ажилдаа идэвхтэй оролцож байгаагаараа л ялгарахгүй бол олон дотроос торойхгүй бүдгэрнэ. Хэрэв хуралдаа суудаггүй, ажлын хэсэгт орж ажилладаггүй, идэвхгүй, үлбэгэр байвал тухайн гишүүн цаашид улс төрийн тавцанд байх нь бүрхэг болно биз дээ.
-Парламентын гишүүдийн тоог нэмэхээр зардал ч суга өсөх байх даа?
-Хун ам хорин хувь өссөнийг тооцон парламентын гишүүдийн тоог 20 гаруй хүнээр нэмэгдүүлэхээр төсөлдөө тусгасан юм. Хүмүүс тоог нэмснээр ажил сайжрахгүй, харин ч зардал мөнгө нь өснө. Сонгуулиар сайн хүмүүсийг сонговол ажил сайжирдаг болохоос биш гээд шүүмжилж байна. 76 тойргоос сонгогдсон гишүүний бие төлөөлөгчийн ажиллах цалин хөлс, төсөвт тойрогт нь 76 тэрбум төгрөг суулгадаг. 99 болгочихоор энэ зардал замбараагүй өснө гэх мэтчилэн янз бүрээр л хэлж байна. Гэхдээ гишүүдийн тоог нэмлээ гэхэд 55 эсвэл 44 нь ч юмуу пропорцианалаар сонгогддог болно. Намын нэрээр сонгогдсон гишүүний хувьд орон нутагтаа бие төлөөлөгч ажиллуулах хэрэггүй болно. Мөн тойрогт нь тэрбум төрөг хуваарилах ч шаардлагагүй. Тэгэхээр 76 тойрогт цацаж байснаас 44-ийг нь тойргоос сонгодог болговол зардал ч хамаагүй багасна гэж бодож байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар да-гаад Улс төрийн намын тухай хуульд ч өөрчлөлт орж намуудын санхүүжилтийн асуудлыг ил тод нээлттэй болгох гээд олон зохицуулалт хийхээс аргагүй болно.
-Парламентын гишүүдийг 99 болгохоор ямар эерэг нөлөө үзүүлэх юм бэ?
-Нийгмийн хэрэгцээ шаардлагаар парламентын гишүүдийн тоо нэмэгдэхээр сонгуулийн асуудал яригдана. Сонгуулийн хосолмол тогтолцоотой байхыг тохиролцчихсон учир 55 нь процорциональ, 44 нь мажоритар байх уу гэдгийг шийдэх болно. Тэгээд нэг хэсэг нь намын нэрээр, нөгөө хэсэг нь нэр дэвшин сонгогдоод парламентын гишүүн болно.
Тэгэхээр парламентыг хоёр танхимтай болгох шаардлагагүйгээр хүн амын төлөөллийг хангасан, хоёр танхимын шинжийг давхар агуулсан, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн өөрчлөлт болох юм.
Өндөр хөгжилтэй орнуудыг хараарай. Тэр улсуудын парламент нь олон зуун гишүүнтэй байдаг. Тэр хүмүүсийг иргэд нь бараг тоодоггүй дээ. Үнэ цэнэтэй, мундаг парламентын гишүүн гэж ярьдаггүй. Нэг хүний жин нөлөө гэж бараг байдаггүй. Харин фракц, бүлэг л хүчтэй. Яагаад гэвэл 150-иас дээш хүнтэй парламентад нэг гишүүн ганцаарчилсан тоглолт хийгээд ямар ч ур дунгуй. Тиймээс тоо чухал юм. 76 гишүүнийг 120, 130 болгох шаардлагатай л гэдэг. Гэхдээ монголчуудын хувьд 100 дотроо багтаагаад 99 л болгох нь илүү тохиромжтой юм уу гэж үзсэн хэрэг. 76 байснаа 99 болчхоор нэг УИХ-ын гишүүний санал илүү жин дардаг, дарга шинж нь давамгайлсан байдлыг эрс өөрчилнө. Нэг гишүүнээс хамаарал ихтэй байсан нь багасаж нийлж нэгдэж асуудлыг шийддэг болоод ирэхээр төлөөлөх шинж рүү ордог гэх үү дээ. Дарга шинж нь багасаад асуудлыг дангаараа шийдэхгүй болохоор хувийн эрх ашиг сонирхол нь тодорхой хэмжээгээр багасна. Гишүүдийн тоог улам л нэмэгдүүлбэл хувийн эрх ашигт хөтлөгдөх нь буураад байдгийг би ганцаараа олж мэдээд байгаа ч юм биш, дэлхий дахинд судалгаа хийгээд судлаачид, эрдэмтэд тогтоосон. Мөн түүнчлэн сонгуулийн босго долоон хувь гэж байгаагаа таван хувь болгож бууруулах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр нийгмийн олон янзын давхаргын төлөөлөл парламентад сонгогдож орж ирэх боломж нь нэмэгдэнэ.
Өнөөдөр улс төрийн намууд хямраад байгаа гол шалтгаан бол нийгмийн олон давхарга, ашиг сонирхлын бүлгүүдийн дуу хоолойг илэрхийлж чадахгүй байгаад оршиж байна.
Хоёр нам л парламентад бүхий л асуудлыг тодорхойлоод шийдээд байдаг. Нийгмийн бусад бүлгүүдийн дуу хоолой хүрэхгүй байна. Тэр олон янзын дуу хоолойг үндэсний парламентын түвшинд оруулж ирж зөвшилцөж байж нийт үндэсний эрх ашигт нийцсэн бодлого гардаг. Ингэснээр нийгэм тайвширдаг, буулт хийдэг, хуулийг дээдэлдэг гээд эерэг нөлөөлөл их бий.
-Энэ өөрчлөлтийг УИХ-ын гишүүд өөрсдөдөө зориулж хийх гээд байгаа юм биш үү?
-Та нар өөрсдөдөө зориулж ийм өөрчлөлт хийх гээд байгаа юмуу гэж хэлж байгаа хүн ч байх л юм. Тоо ихсэхээр УИХ-ын гишүүн болоход амархан болно гэж хүмүүс өнгөц хараад байх шиг байна. Тоо нэмэгдэхээр өрсөлдөөн нэмэгддэг гэдгийг судлаачид, эрдэмтэд нь тогтоогоод өгсөн зүйл. Би
санаанаасаа гаргаж ирээд яриад ч байгаа юм биш. Шинжлэх ухааны үндэслэлээр нь тайлбарлаж байна.
-Журмын тухай хуулийн дагуу Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас заавал санал авах ёстой. Төрийн тэргүүн тоог нэмэхийг дэмжихгүй, эрх мэдэл нь илүүдээд байвал ард түмэндээ шилжүүл гэсэн байна лээ?
-Дарханд хийсэн уулзалт дээр Ерөнхийлөгч ард түмэнд илүүдсэн эрх мэдлийг өг гэж хэлсэн байна лээ. Ажлын хэсгийнхэн зөвхөн парламентын гишүүдийн тоог л нэмэх нэмэлт өөрчлөлт оруулах гээгүй. Сумын засаг даргыг иргэд сонгодог болгоё. 329 сумын даргыг сумын иргэд өөрсдөө сонгодог болохоор сумын захиргаа, тэр дарга нар Засгийн газар, аймгаасаа Ерөнхийлөгчийн хэлээд байгаа эрх мэдлийг нэхэж эхэлнэ. Тэр хүн намын биш иргэдийн өмнө хариуцлага хүлээнэ. Энэ нь нөгөө илүүдэл эрх мэдлийг ард түмэнд өгөхөөр хийх гэж байгаа шинэчлэлийн нэг шүү дээ. Орон нутагт эрх мэдлийг өг гэхээр тайрч аваачаад өгчихдөг юм биш. Төрийн тэргүүн бидний хүргүүлсэн төсөлтэй сайтар танилцаад, ямар шинэчлэл хийх гээд байгааг нь гүйцэд судалж үзээгүй байж олон түмэнд таалагдах үг хэлэхийг урьтал болгож байна даа гэж бодсон.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд аймаг, нийслэл, сум, дүүрэг өөрийнхөө эрх мэдлийн асуудлаар Засгийн газрын шийдвэр, хууль, дүрэм, журамд нийцэхгүй бол Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргах эрхтэй гэсэн заалт оруулахаар тусгасан байгаа.
Тэнд амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалсан эрх зүйн зохицуулалтыг анх удаа бий болгож байна. Төслийг Ерөнхийлөгчид албан ёсоор бичгээр явуулахаар судлаад зөв, буруу байна гэж дүгнэлтээ хэлнэ ээ дээ. Гэтэл биднийг санал дөнгөж явуулахтай зэрэгцүүлээд тийм яриа гарч байна, түүнийг би дэмжихгүй, илүүдсэн дээлээ өг энэ тэр гээд яриад байж болохгүй л баймаар. Төрийн ажил гэдэг бол горимынхоо дагуу хайрцаглагдаж явахгүй бол олон нийтийн сэтгэл зүйг хараад улс төр хийж болохгүй байх аа. Ард иргэд  тоог нэмэгдүүлнэ гэхээр дургүйцэж байгаа ч үнэхээр ийм асуудал байна гээд тайлбар хийхээр наана, цаана нь ийм учир байгаа юм байна гэж ойлгож хүлээж авна гэдэгт итгэлтэй байна.
-Хуулийн төсөлд хот тосгоны талаар зохицуулалт хийхээр тусгасан байсан. Энэ талаар иргэдэд ойлгомжтой тайлбарлаж өгнө үү?
-Сумын даргыг иргэд сонгодог болоод ирэхээр намын нөлөөлөл багасах нь мэдээж. Ер нь цаашдаа намын үүрэг, оролцоо сум, баг, дүүргийн түвшинд багасаж, намчирхдаг, хэт улс төрждөг байдлаас салгах болов  уу гэж хувь хүнийхээ хувьд бодож байна. Хот тосгоны асуудлыг тодорхой болгож өгөхөөр төсөлд тусгасан. Үндсэн хуульд хот тосгон тодорхой чиг үүрэгтэй, төсөвтэй, аж ахуйтай, эдэлбэр газартай, оршин суугчидтай байна гэж тодотгож тусгаж өгч байгаа юм.
-Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсныхаа дараа Сонгуулийн тухай хуулийг батлах шаардлагатай болж байгаа хэрэг үү?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг энэ удаагийн парламентаар хэлэлцээд батлахгүй ч байж мэднэ. Гэхдээ энэ шинэчлэлийг энэ удаад биш юм аа гэхэд дараагийн парламентын үед хийхээс аргагүй л гэж бодож байна. Харин Сонгуулийн тухай хуулийг хойшлуулна гэж яавч болохгүй. Заавал батлах ёстой.
-Сонгуулийн тухай хуулийг баталж гаргах нь тодорхойгүй байна. МАН-аас 48:28 гэсэн хувилбарыг санал болгожээ. Энэ нь өмнөх 52:24-өөс нэг их өөрчлөлт алга байна шүү дээ?
-Манай нам мажоритар нь давамгайлна гэсэн байр сууриасаа ухрахгүй гэдгээ илэрхийлсэн шүү дээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.