Ж.Сүхбаатар үүрэг хүлээлээ
УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдлаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараар ахлуулсан 40 хүний бүрэлдэхүүнтэй уг ажлын хэсэгт энэ оны тавдугаар сарын 1-ний дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл хэлбэрээр танилцуулах саналаа гаргахыг даалгасан байна. Ажлын хэсгийг санал боловсруулахдаа амьд явах нөхцөлийг баталгаатай бүрдүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлж, орон нутгийн засаг захиргааны байгууллагын эрх мэдлийг өргөтгөх болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагыг оновчтой болгохыг үүрэгдсэн байна. Мөн Үндсэн хуулийн хамгаалалт, хяналтыг бэхжүүлэх, Үндсэн хуульд 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт зэрэг асуудлаар иргэд, төрийн байгууллага, эрдэмтэн судлаач, олон нийтийн зүгээс гарч байгаа саналыг судлан үзэж хуулийн хүрээнд ажиллахыг даалгажээ. Түүнчлэн санал боловсруулах үйл ажиллагаанд иргэд, улс төрийн нам, олон нийтийн байгууллагын оролцоог хангаж, тэдгээрт санал бодлоо илэрхийлэх боломжийг олгон, нийтэд ил тод мэдээлж байхыг анхааруулсан байна.
Санал боловсруулахад туслах ажлын дэд хэсгийг шаардлага гарвал эрдэмтэн, мэргэжилтэн,судлаач, улстөрч, олон нийтийн байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллахыг даалгажээ. Уг ажлын хэсгийн анхны хуралдааныг өчигдөр УИХ-ын дарга өөрөө даргалан хийлгэж, чиг үүрэг, анхаарах асуудлын талаар санал бодлоо хэлж, ажлын чиглэл өгөв.