Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хэлэлцэхээр тогтов
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ж.Сүхбаатар, Ч.Сайханбилэг нарын 9 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж Их Хуралд 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн байна. Ингээд Хууль санаачлагчийн илтгэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаӨ.Энхтүвшин танилцууллаа.
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсанаас хойш 18 жил өнгөрч байна. Үндсэн хуулийн зарим зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд уг нэмэлт, өөрчлөлтийг тодорхой ямар дэгийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх ёстойг хуульчлах зайлшгүй шаардлагыг харгалзан энэхүү хуулийн төслийг санаачилсан гэдгийг тэрээр хэлсэн.
Мөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг ТББайнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзсэн аж.
Танилцуулгын дараа УИХ-ын гишүүн Н.Ганбямба Үндсэн хуулиа чамбайруулж чадах эсэх талаар хөндөн ярьж, хуулийн хэлбэрт оруулах процедур болон төрийн бодлогыг гаргаж тавих зэрэг асуудлаар саналаа хэлсэн.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын даргын захиалгаар бусад орны туршлага судалсан. Тэгэхээр зөвхөн дэгийн тухай хуулиар явах юм бол учир дутагдалтай гэдгийг хэлээд судалж үзсэн хэмжээнд харахад бусад улсууд Үндсэн хуулиндаа заагаад өгсөн байдаг юм байна. Тэгэхээр манайд бол журмын тухай хууль зайлшгүй болж байгаа гэдгийг хэлсэн
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хэлэхдээ, бусад бүх хуульд тавигддаг зарчмуудыг энд нурших хэрэг байсан уу, тухайлбал, иргэд, нам, олон нийтийн байгууллагын оролцоог хангах гэсэн атлаа буцаагаад түүнийгээ үгүйсгэсэн байгаа юм биш үү гэсэн.
Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал мэдээж ийм ийм зүйлд байна гэдгийг заагаад өгсөн байгаа, мөн нэмэлт өөрчлөлт оруулахдаа ямар зарчмаар хандах вэ гэдгийг тусгасан хэмээн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин тодруулан дэлгэрэнгүй тайлбарласан.
Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар Л.Гантөмөр, Ж.Сүхбаатар, Р.Гончигдорж, Д.Балдан-Очир, Ш.Сайхансамбуу нарын нэлээд гишүүн асуулт асууж, хууль санаачлагч Ө.Энхтүвин, Ж.Сүхбаатар нар тэдний асуултад хариулт өглөө.
Тухайлбал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа Цэцээр дамжина гэсэн асуудал хэр тусгагдсан болон маргаан үүсвэл хэрхэн шийдэгдэх зэрэг нь чухам яаж тусгагдсан, журмын хуулиа гаргаж дуусаад үндсэн асуудал руугаа орох юм уу, хууль санаачлагчийн эрх рүү халдсан байдлыг мөн гаргасан юм биш үү, аливаа алтан дунджийг олсон байдлаар эхний ээлжинд хийх нь зөв байх, тэгэхгүй бол туйлшрах вий зэргээр яригдсан.
Уг хуулийн төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Дондог мөн танилцуулсан юм.
Үүний дараа гишүүн Л.Гүндалай, Үндсэн хуульдаа бусад улс орнууд маш болгоомжтойгоор өөрчлөлт оруулах асуудлыг шийддэг. Харин манайд үүнтэй холбоотой маргаан их гарч байна. Тэгэхээр байнгын хороо Үндсэн хуулийг өөрчлөх нь чухам ямар ач холбогдолтой талаарх судалгааг хэрхэн хийсэн бэ хэмээн асуухад гишүүн Ө.Энхтүвшин хариулахдаа, манайх бол журмын хууль батлах нь зөв байх гэдэг талаар тайлбар өгсөн. Нөгөө талаас чухам ямар өөрчлөлт оруулах талаар байнгын хороон дээр яриагүй. Учир нь журмын тухай хуулийг ярьж байгаа тул. Гэхдээ иргэд, байгууллага, эрдэмтэн мэргэдээс Үндсэн хуулийг өөрчлөх талаар байнга санал тавьдаг зүйлүүд байгаа гэдгийг жишээ татан хэлсэн.
Түүнчлэн гишүүн С.Баярцогт, Үндсэн хууль дээр маргаан гарч болохуйц зарим зүйл байна гээд засаглал хуваарилах зарчмын талаар мөн тусгажээ, энэ нь хэр зэрэг оновчтой вэ, учир нь энэ бол манайд яг сонгодог утгаараа хэрэгжээгүй асуудал гэсэн. Тэрээр цааш нь, өмнө нь огцорч байсан Ц.Элбэгдоржийн Засгийн газрын талаар жишээ авч, хямралын тиймэрхүү зүйлийг зохицуулах заалт орсон уу гэв. Мөн хэмжиж болмооргүй зүйл, заалтыг оруулсан байна гэж шүүмжилсэн.
Яг энэ хууль гарвал маргаан гараад тайлбар өгүүлэх гээд Дээд шүүх явна гэдгийг ч хэлж байв.
Тэрчлэн хэм хэмжээ тогтоож буй хэсгээ шууд оруулах, Үндсэн хуулиндаа Ерөнхийлөгч хориг тавьж болох юм уу , үгүй юу гэж байлаа. Ер нь тэгээд Цэц бол шүүх ч биш, зөвлөл ч биш болоод байгаа биз дээ гэсэн.
С.Баярцогт гишүүний ярьсантай холбогдуулан гишүүн Ж.Сүхбаатар үг хэлэхдээ, энэ бол ерөнхий агуулгаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах процедурын тухай хууль юм гэж байв.
Ингээд санал хураалт явуулахад чуулганд оролцсон гишүүд уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж 85,7 хувиар үзэж, анхны хэлэлцүүлэгт Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.