Парламентын гол үүрэг нь ашиг тус авчрахаасаа илүүтэй хэнд ч хор хөнөөл учруулахгүй байх
2009.11.11

Парламентын гол үүрэг нь ашиг тус авчрахаасаа илүүтэй хэнд ч хор хөнөөл учруулахгүй байх

Ард, түмэн ямар байна, тийм парламентыг сонгодог гэдэг. Уг нь ямар ч улс үндэстэн хамгийн шилдэг бөгөөд тэргүүний хүмүүсээ парламентад сонгох ёстой мэт. Гэтэл дэлхийн улс орнуудын парламентын сонин хачнаас уншаад огт эсрэг сэтгэгдэл төрөх юм. Парламент хамгийн анх эртний Грек улсад үүссэн цагаас хойш инээдтэй, хөгтэй явдлууд гарч байлаа. Тэр үед Грекийн хотуудын эрх чөлөөт эрчүүд бүгд парламентчид байсан гэдэг. Тэд хуралдаан дээр таагүй хүмүүсийг үлдэн хөөх, хөрш хотууддаа дайн зарлах зэргээр зугаацаж байсан тул дэлхий ертөнц 2000 жилийн турш парламентыг мартахыг илүүд үзсэн бололтой.

Харин XVII зуунд англичууд парламентын тогтоолоор Зул сарын баярыг ч халж байв.
Үүнээс 350 жилийн дараа буюу саявтар италичууд порно одыг депутатаар сонгосон билээ.
Ямартай ч та бид өөрийн улсынхыг хамгийн тэнэг нь биш хэмээн тайвшруулж болно.

Хор хүргэхгүй байвал барав

Свазилэнд улсын парламент 95 гишүүнтэй. Тэдний 30-ыг хаан томилж, 55-ыг бүх нийтийн сонгуулиар, харин 10-ыг нь парламент өөрөө сонгодог гэнэ. Хамгийн гол нь энэ парламент хэнд ч, юунд ч нөлөөлөх чадваргүй. Учир нь Свазилэнд улс хязгааргүй эрхт хаант засаглалтай. Энд улс төрийн нэг ч нам байхгүй, тэр тусмаа улс төрийн тэмцлийн тухай бүр ярилтгүй. Хоёр танхимт парламент бол ердөө хааны тэтгэлгээр амьдардаг хувь хүмүүсийн бөөгнөрөл аж. Тэд хааяа нэг хаандаа ямар нэг асуудлаар зөвлөгөө өгдөг. Тэгэхээр тус улсын парламентын гол үүрэг бол хэнд ч хор хөнөөл учруулахгүй байх бололтой. Гэхдээ энэ ядуу орны зарим сонгогч «Депутатууд хэтэрхий их идэж байна» гэж гомдоллодог гэнэ. Инээдтэй боловч танил үгс байгаа биз.

Жолоочийг архи тайвшруулах гэнэ

Ирландын парламентын хэсэг гишүүн энэ оны 10 дугаар сарын 29-нд жолооч нарын архи уух эрхийг хамгаалав. Тэд алкоголийн тусламжтайгаар их давхих дуртай, яаруу жолооч нар тайвширна гэж үзсэн тухай «Irish Times» мэдэгдлээ. Энэ улсад цусан дахь алкоголийн дээд хэмжээ 0,8 хувь байсныг 0,5 хувь болгож бууруулах хуулийн төслийн хүрээнд архины тухай дэлхий нийтийн ойлголтод хувьсгал хийж мэдэх энэ санааг дэвшүүлжээ. Гэхдээ энэ нь Европт хамгийн өндөр үзүүлэлт гэдгийг дурдах нь зүйтэй.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.