Энэ хуулийн заалтуудын шаардлагыг харгалзаж байж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжтой
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Энэхүү хуулийн төсөл дээр УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг гарган ажилласан юм. Хууль батлагдах үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл " Энэ хуулийн төсөл дээр бид ажлын хэсэг байгуулан, нийлээд нухацтай үзэж баталлаа. Энэ хууль батлагдсанаараа Үндсэн хууль улам баталгаатай болж байгаа гэж ойлгож байна. Нөгөө талаар бас Үндсэн хуульд зохих хэмжээний өөрчлөлт оруулах боломж байгаа. Энэ боломжийг ашиглахад энэ хуулийн заалтуудын шаардлагыг л харгалзаж байж харах юм. Ихээхэн томоохон ач холбогдолтой хууль. Ажлын хэсгийг ахалж Ө.Энхтүвшин даргалж ажилласан, мөн мэргэжлийн олон хүн ажилласан. Ажлын хэсгийнхэнд баяр хүргье гэлээ.