Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнгөрсөн долоо хоногт 05 тоот захирамж гаргаж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараар ахлуулан байгуулсан байна.
УИХ-ын дарга захирамжаараа Ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар/-д даараах даалгаварыг өгсөн байна.
1/Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал боловсруулахдаа иргэний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах, амьд явах нөхцөлийг баталгаатай бүрдүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлж, орон нутгийн засаг захиргааны байгууллагын эрх мэдлийг өргөтгөх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагыг оновчтой болгох, Үндсэн хуулийн хамгаалалт, хяналтыг бэхжүүлэх, Үндсэн хуульд 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт зэрэг асуудлаар иргэд, төрийн байгууллага, эрдэмтэн судлаачид, олон нийтийн зүгээс гарч байгаа саналыг судлан үзэж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хүрээнд ажиллах,
2/санал боловсруулах үйл ажиллагаанд иргэд, улс төрийн нам, олон нийтийн байгууллагын оролцоог хангаж, тэдгээрээс санал бодлоо илэрхийлэх боломжийг олгон, нийтэд ил тод мэдээлж байх,
3/шаардлагатай бол санал боловсруулахад туслах Ажлын дэд хэсгийг эрдэмтэн, мэргэжилтэн, судлаачид, улстөрчид, олон нийтийн байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулах,
4/саналыг 2011 оны 5 дугаар сарын 01-ний дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл хэлбэрээр танилцуулах.