Үндсэн хуулийг өөрчлөх бас нэг хуулийн төсөл санаачилжээ
1992 онд баталсан Монгол Улсын шинэ Үндсэн хууль "хуучирсан" бололтой. УИХ-ын нэр бүхий 15 гишүүн эцэг хуульд гархүрэхээр хуулийн төсөл санаачлаад байсан нь саяхан билээ. Гэхдээ тэд Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтөөс хоёрыг нь буцаан сэргээх төсөл санаачлаад байгаа юм. Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн уг төсөлтэй зэрэгцэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах дахин нэг төсөл "төрж" байгаа аж. Эрдэнэтээс УИХ-д сонгогдсон Д.Дамба-Очир гишүүн нэр бүхий гишүүдийн хамтаар Үндсэн хуульд нэмэлт.өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан юм байна. Зөвхөн Улаанбаатарыг л хотын статустай үлдээж. аймгийн төвүүдийн хотыг сумын хэмжээнд жижигрүүлсэн Үндсэн хуулийн заалтыг өөрчлөх агуулгатай уг хуулийн төсөл бараг бэлэн болсон дуулдав. Гэхдээ УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг тэд хүлээж буй бололтой.
Үндсэн хууль бол хэн дуртай нь хүссэн үедээ гар хүрээд байдаг хууль биш. Тиймээс ч УИХ өнгөрсөн намрын чуулганаар 11 жил "дуншсан" Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг батал-сан билээ. Дэлхийн улс орнуудын гуравны нэг хүрэхгүй хувь нь л ийм хуулиар эцэг хуулиа хамгаалсан байдаг аж. Монгол Улс отгон нь ч Үндсэн хуулийн үндсэн үзэл баримтлалыг хөндөж болохгүй байхаар хуульчилсан. Тухайлбал, Монгол Улс ардчилсан Бүгд найрамдах улс байна, Нэгдмэл улс байна, Монгол хэл албан ёсны хэл байна, Ардчилал, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх явдал бол төрийн бүх байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим байна, Олон хэвшилтэй эдийн засагтай, олон намын тогтолцоотой улс байна гэхчлэн олон заалтыг журмын хуулиар хамгаалсан байгаа. Тиймээс ч УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг Үндсэн хуулийн үндсэн суурь зарчмыг хөндөхгүйгээр төсөл боловсруулах юм. Парламентад суудалтай намууд хийгээд олон нийтийн төлөөллийг багтаасан 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй УИХ-ын ажлын хэсгийн ахлагч, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.СҮХБААТАРТАЙ уулзлаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг ирэх тавдугаар сарын 1-нээс өмнө дүгнэлтээ гаргах ёстой. Танай ажлын хэсэг ажилдаа орсон уу?
-УИХ-ын намрын чуулганы хэлэлцэж баталсан, манай Төрийн байгуулалтын байнгын хорооны хийсэн томоохон ажил бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль. Ажлын хэсгийн хувьд чуулганы завсарлагааны хугацаанд идэвхтэй ажиллана. Бид хаврын чуулганд төслөө бэлэн болгож, төслөө танилцуулах үүрэгтэй. Ингэхдээ иргэдийн оролцоо, олон нийтийн саналыг сонсож ажиллах болно. Мэдээж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баримталж ажиллана.
-Ажлын хэсгийн ахлагчийн хувиар биш, УИХ-ын гишүүний хувьд Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах ёстой гэж та үзэж байна вэ. Ингэж асуусан нь, та бол төсөл санаачлаад буй 15 гишүүний нэг нь. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг тэр хүрээндээ л харж байгаа юу?
-УИХ-ын 15 гишүүн төсөл санаачлаад боловсруулалтын шатандаа явна. Ингэхдээ 2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтөөс хоёрыг нь буцаах саналтай байгаа юм. Гэхдээ УИХ-ын дарга байр сууриа илэрхийлсэн байгаа шүү дээ. Үндсэн хуулийг өөрчлөх төслийг хэсэг гишүүн ярилцаад шийдэх нь буруу гэж. Мэдээж цөөн тооны гишүүн хууль санаачлах нь буруу биш. Гэхдээ Үндсэн хуулийг тийм хялбархан өөрчилчхөж болохгүй. Хувь гишүүний хувьд УИХ, Засгийн газар хэтэрхий их эрх мэдэлтэй байгааг өөрчлөх саналтай байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн эрх мэдлийг хуваарилж байгаа арга зүйг шинэчлэх. Нутгийн удирдлагыг бэхжүүлэх тал руу анхаарах ёстой, анхаарч ч ажиллана. Ийм шууд ардчиллын зарим зүйлсийг Үндсэн хуулиар зохицуулж өгөх хэрэгтэй гэж боддог. Нөгөөтэйгүүр, бид чаддаг, болдог бол, нийгмийн зөвшилцөлд хүрдэг бол сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлаар Үндсэн хуульд хэд хэдэн заалтыг шууд тусгаад өгөх хэрэгтэй юм шиг санагддаг.