2012.10.02
Хүүхдийн мөнгөө авахдаа банкинд очиж маягт бөглөнө
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт 0-18 насны хүүхэд бүрт сар бүр 20000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Энэ ажлын хүрээнд 170,000 хүүхдэд 59 орчим тэрбум төгрөгийг олгох гэж байна.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн халамжийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Төрийн сан хамтарсан ажлын хэсэг байгуулан энэ удаагийн хүүхдийн мөнгийг хялбар аргаар олгохоор болжээ. Энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Иргэд хүүхдийнхээ мөнгийг авахдаа дурын банкийг сонгоно. Улмаар дурын банкны, дурын салбартаа очиж бүртгэлийн маягтыг бөглөх үүрэгтэй аж. Ингэхдээ хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, ээжийн цахим үнэмлэхтэйгээ очих юм. Хэрвээ та өргөдөл буюу бүртгэлийн маягтыг бөглөөгүй бол таны хүүхдэд хүүхдийн мөнгө олгогдохгүй, ямар нэгэн шалтгаанаар сарын дараа данс нээлгэсэн ч өмнөх сарын мөнгийг олгохгүй.
Өргөдлийн маягтыг өнөөдрөөс эхлэн бүх банкны салбарт онлайн хувилбараар тараах юм. Улмаар таны бөглөсөн маягтыг үндэслэн хүүхдийн нэр дээр данс нээгдэж сар бүр тогтмол мөнгө нь орж байх юм. Өөрөөр хэлбэл нэг хүүхэд дээр нэг л данс нээгдэнэ. Хүүхдийн мөнгийг авахад ямар нэгэн суутгал, үйлчилгээ үзүүлсэн төлбөр авахгүй. Хэрвээ хүүхдийн тань мөнгөнөөс ямар нэгэн шимтгэл авсан бол үүнийг Монгол банк, холбогдох яаманд хандаж мэдэгдэх боломжтой.
Энэ сарын хүүхдийн мөнгийг 20-ны өдрөөс олгож эхэлнэ. Энэ хугацаанд иргэд өөрсдийн дурын банкиндаа хүүхдийн дансаа нээлгэх юм. Харин гадаадад байгаа Монгол Улсын иргэн Элчин сайдын яамандаа хандан хүүхдийнхээ мөнгийг авах бөгөөд Монголд амьдарч буй итгэмжлэгдсэн гэр бүлийн гишүүдээс дамжуулан авч болно.
Түүнчлэн асрамжийн газар асруулж байгаа, хорих газар ял эдэлж байгаа иргэний хүүхдэд тэтгэмжийг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон асрамжийн газрууд нь Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газартай гэрээ хийж тухайн хүүхдэд хадгаламж нээх юм. Асрамжийн газар асруулж байгаа хүүхдийн мөнгийг эцэг эхэд нь өгөхгүй. Асрамжийн газар, хориход байгаа хүүхдийн мөнгийг хадгаламжид байршуулан насанд хүрэхэд нь өгдөг байхаар журамдаа тусгажээ.
Мөн Монгол банктай хамтран Үндэсний мөнгөн тэмдэгтийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, үнэ цэнийг өсгөх чиглэлээр Т-карт гаргахаар болжээ. Тэгэхээр уг карт гарахаар хүүхдийнхээ мөнгөө авах боломжтой. Картаар хүүхдийн мөнгөө авснаар заавал банкинд очилгүй аль нэг дурын АТМ-ээс бэлэн мөнгө авах, хүнсний барааны дэлгүүрээс худалдаа хийж болох гэнэ. Он гарсны дараа Т-картыг гүйлгээнд оруулахаар ажиллаж байгаа юм байна.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газраас явуулж байгаа стратегийн томоохон бодлогуудын нэг юм. Монгол орон уудам газар нутагтай, ашигт малтмалын нөөц ихтэй. Хүн амын тоо хэт цөөн. Тэгэхээр хүн амын нөхөн үржихүй, өсөлтийг дэмжсэн төрийн бодлогыг явуулах шаардлагатай. Тиймээс хүүхдийн мөнгөний бодлого Монголын хүн амын өсөлт, нөхөн үржихүйн бодлогыг дэмжсэн төрийн бодлого гэж ойлгож хүлээж авах ёстой. Нөгөө талаасаа хүүхдийн эрх зүйн болоод эдийн засгийн аюулгүй орчныг баталгаажуулж байгаа мөнгө гэдгийг цохон хэлмээр байна” гэсэн юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.