2012.10.01

Хүүхдийн мөнгөний талаар мэдээлэл өгнө

Төрийн ордны “Г” танхимд маргааш 11.00 цагаас УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хүүхдийн мөнгөний асуудлаар хэвлэлийн бага хурал хийх тов гаргажээ. Засгийн газрын өнгөрөгч сарын хуралдаанаар Хүүхдийн мөнгө олгох шийдвэрийг гаргасан юм.

Хүний хөгжил сангаас Монгол улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт 2012 оны 10 дугаар сарын 1-нээс  тооцон,  хүүхдийн мөнгө олгож эхлэх тухай Засгийн газрын тогтоол гаргаж,  энэ  ажлыг зохион байгуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасан.

Хүүхдийн мөнгөнд шаардагдах  хөрөнгийг тухай бүрт нь санхүүжүүлэх, хүүхдийн мөнгө олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахтай холбогдуулан маягт хэвлэх, сургалт, сурталчилгаа хийх, холбогдох программ боловсруулах зардалд зориулан 154.8 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргаж  ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасан билээ.

Хуралдаанаар Иргэдэд хүүхдийн мөнгө олгох арилжааны банкийг шууд гэрээ байгуулах аргаар сонгон шалгаруулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд зөвшөөрсөн юм.

Үндэсний статистикийн хорооны 2011 оны тайлангаар Монгол улсад 0-18 хүртэлх насны 967.9 мянган хүүхэд байдаг юм байна. Эдгээр хүүхдэд сар бүр 20000 төгрөг олгоход 2012 онд 58.1 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоо гарчээ.   Хүүхдийн мөнгийг иргэдийн зүгээс өргөдөл, хүсэлт гаргасан нөхцөлд олгохоор журмын нөхцөлд тусгасан бөгөөд мөн гэрээт банкнаас шууд авахаар  зохицуулалт хийгээд байгаа.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.