Дэлхийн банк, Монголбанк хоёрын аль нь үнэнийг хэлдэг вэ?
Ирэх долоо хоногт Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарын үнэлгээний тоймыг албан ёсоор танилцуулна. Улиралд нэг удаа болдог энэ арга хэмжээ өмнөхөөсөө илүүтэй олны анхаарлыг татах болов. Учир нь инфляцийн өсөлт, дотоод валютын уналт, төсвийн тодотголтой зэрэгцэн банк, санхүүгийн салбарт олон улсын хэмжээнд тэргүүлэгч Дэлхийн банк Монголын тухай судалгаа, дүгнэлтийг гаргажээ.
Энэ ажлыг угтан Монголбанк эдийн засгийн тойм, төсөөллийг олон нийтэд дуулгасан бөгөөд үүнийг хэд хэдэн өнцгөөс харж болохоор байна. Нэгдүгээрт, нэг нь дэлхийн санхүүгийн асуудлыг зохицуулдаг, нөгөө нь буйд Монголын эдийн засгийг жолооддог энэ хоёр байгууллагын үзэл бодол ер нь зөрчилдөх талдаа байдаг.
Аль, аль нь чадварлаг мэргэжилтэн, эдийн засагчдаар ажиллах хүчээ бүрдүүлсэн гэдэг утгаар дүгнэлтүүд нь нийцэхгүй байх учиргүй байтал үнэндээ алд, дэлмээр зөрдөг.
Өнгөрсөн хугацаанд Дэлхийн банкны эдийн засгийн төсөөллийг Монголбанк үгүйсгэх, няцаах маягаар ажиллаж байсан гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, Дэлхийн банк 2011 оны эдийн засгийн тойм, ирээдүйн зураглалыг гаргахдаа “Мөнгөний бодлогын тухайд Монголбанкнаас инфляцийг хазаарлах, зээлийн өсөлтийг хумих чиглэлээр 2011 онд чухал арга хэмжээ авч ажилласан.
Гэвч бодлогын хүүгийн бодит түвшин сөрөг утгатай хэвээр мөн банкны зээл хурдацтай өссөөр /өмнөх оны мөн үетэй харьцуулахад 73 хувь/ байгаа учраас мөнгөний бодлогыг нэмж чангатгах шаардлагатай байна”, “ДНБ-ий өсөлт 2010 онд 6.4 хувь байсан бол 2011 онд 17.3 хувьд хүрсэн нь түүхэнд байгаагүй үзүүлэлт боллоо” гэж байсан юм. Харин үүнээс хэдхэн хоногийн дараа Монголбанкнаас хэвлэлийн хурал хийж, инфляцийг нэг оронтой тоонд барьж буй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байв.
Энэ үед чухам хэнд нь итгэхээ мэдэхгүй байсан хэдий ч 2011 онд монголчууд кг махыг 8000 төгрөгөөр авч, сарын 300 мянган төгрөгийн цалинтай хүн дунджаас доогуур орлоготонд тооцогдох болсон юм. Өөрөөр хэлбэл, 2008 оны хямралд гал алдаагүй Монгол Улсыг үнийн их өсөлт, төгрөгийн хүчгүйдэл 2011 оноос ээрч эхэлсэн.
Тиймээс Дэлхийн банкнаас яаралтай арга хэмжээ авахыг хатуу сануулж, “Инфляцийг хазаарлахын тулд төсвийн болоод мөнгөний бодлогын аль алиныг хумьж, банкны салбар дахь системийн эрсдэлийг бууруулах зорилгоор макро зохистой бодлого хэрэгжүүлж, гадаад цочрол биеллээ олсон нөхцөлд анхан шатны хамгаалалт болох уян хатан ханшийн тогтолцоог хадгалж үлдэх нь зүйтэй” гэсэн бол Монголбанкны цорын ганц найдвартай арга нь үүний эсрэг мөнгөний бодлогыг чангалах явдал байлаа. Одоо ч энэ шийдвэрээ даган мөрдөж, бодлогын хүүг нэмсээр байгаа.
Гол нь, энэ зохицуулалт сайнаар нөлөөлөх ёстой байтал улам дордож, эцэстээ бодлогын хүүг буулгах аргагүй болоод буйг Төвбанк хүлээн зөвшөөрсөн.
Үүнээс харахад манай Төвбанк эдийн засгийн ирээдүйг зөгнөхдөө тааруу ч юм шиг. Гэтэл бүхэл бүтэн улсын банк, санхүүгийн салбарыг зохицуулдаг учраас шууд чадварыг нь шүүмжлэх буруу ч юм шиг. Тиймээс хүмүүсийн яриад байдаг шиг Монголбанкны үйл ажиллагаанд улстөрийн нөлөө орсон гэдэг нь үнэн бололтой.