Олсныхоо хэрээр дураараа найрласны горыг амсаж байна
-Монгол улсыг хөгжүүлэх сангаас 300 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад байршуулах тухай саналыг танай намын бүлэг дэмжсэн. Харин цөөнх болон хүчтэй эсэргүүцсэн хүний нэг нь та?
-Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс 300 тэрбумыг арилжааны банкуудад байршуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхдээ өнөөдөр банкуудад хүндрэл үүсч, эргэлтийн хөрөнгө дутагдалтай байгаатай холбогдуулан урьдчилан тусламж үзүүлэх зорилготой хэмээн тайлбарлаж байгаа. Гэхдээ банкуудын санхүүгийн байдал харьцангуй тогтвортой байгаа гэсэн үнэлгээ дүгнэлтийг холбогдох эрх бүхий хүмүүс хийж байгаа шүү дээ. Энэ 300 тэрбум төгрөг бол татвар төлөгчдийн хөрөнгө. Өөрөөр хэлбэл, шаардлагатай зүйлд зарцуулах, улсаа хөгжүүлэхэд зориулах ёстой мөнгө. Тиймээс яаран арилжааны банкуудад байршуулах шаардлагагүй гэж би үзэж байгаа.
-Санхүүгийн хямралын талаар ярьж байгаа энэ үед зөв шийдвэр биш үү?
-Монгол банк өөрийн болон бусад нөөц хөрөнгөөс санхүүгийн тусламжийг арилжааны банкуудад үзүүлэх бололцоотой. Эрсдэлээс хамгаалах чадамжтай. Хэрвээ энэ мөнгийг арилжааны банкуудад байршуулахаар болбол чухам юунд зарцуулахыг нь нарийн зааж өгөх хэрэгтэй.
-Таныхаар 300 тэрбум төгрөгийг юунд зориулах ёстой вэ? Үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжихэд зориулна гэж нарийн зааж өгөх хэрэгтэй. Ингэж нарийн заахгүй бол энэ мөнгөний ихэнх нь орон сууцны зээлд явчихаж магадгүй гэсэн болгоомжлол үүсчихээд засгийн хямрал манайд хамаагүй гэх хэсэг байхад бид хямрал нүүрлэчихээд байна гэх хүмүүс ч байна. Харин та юу гэж үзэж байна?
-Хямрал болохыг хэн ч тааж мэдээгүйтэй адил хэзээ дуусахыг хэлэхэд хэцүү. Толгой эрдэмтэд 2010 оноос байдал харьцангуй сайжирна гэсэн таамаглал дэвшүүлж байгаа. Манай улсын хувьд дэлхийн эдийн засгийн хямрал хэр хүнд тусах бол гэдэгт хүн болгон санаа зовж байгаа. Миний бодлоор энэ удаа манай улсын сул тал нь давуу тал болж хямралын үеийг гайгүй давчих байх.
-Бидний сул тал гэж юуг хэлж байгаа юм бэ?
-Манай улс дэлхийн даяарчлагдсан эдийн засгаас алслагдсан, экспортын олон төрлийн үйлдвэргүй, үнэт цаасны зах зээл гэж бараг байхгүй нь давуу талтай. Өнөөдөр Япон, Америк, Европын хөрөнгийн зах зээл дээр доргилт үүсэхэд дэлхий тэр чигээрээ донслоод бүгдээрээ хямрах жишээтэй. Мөн манайд дотооддоо үйлдвэрлэл хөгжөөгүй учраас хамаг бараа бүтээгдэхүүнээ гаднаас авдаг. Гэтэл гадны орнуудад үүссэн эдийн засгийн хямралаас үүдэн бараа бүтээгдэхүүний үнэ нь навс унаж байна. Тухайлбал нефть. Манайхан санаж байгаа байх. 2000 оны үед Солонгосын эдийн засагт хямрал үүсэхэд маш их үнэ хямдарч олон монголчууд машинтай болоогүй юу. Тэгэхээр бид энэ удаагийн хямралаас нэг их хохирол амсахгүй байх.
-Засгийн газрын зардал жилээс жилд өсч байгааг гишүүд шүүмжилж, агентлагуудыг цөөрүүлэх замаар зардлыг төсвийн хөрөнгийг хэмнэнэ гэснийг янз бүрээр л шүүмжилж ярьж байна. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Сүүлийн хэдэн жил манайх ашигт малтмалаас тодруулбал, гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас их хэмжээний ашиг олсон. Тэр хэрээр төсвийн хэмжээг нэмж ирсэн байдаг. Үндсэндээ төсвийн хөрөнгөөр их найрласан. Нийгмийн халамжийг зах хязгааргүйгээр нэмсэн. Үүнээсээ болоод нэг талаас үнийн хөөрөгдөлд хэт автсан. Гэтэл өнөөдөр дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж байгаа нь манай эдийн засагт хүнд тусч эхэллээ. Тэгэхээр бид хэрэглээгээ жаахан хянамаар байна. Яамдын дэд сайд, агентлаг, газрын орлогч даргын орон тоо бол илүүц. Одоо бүр дэд сайдыг хоёр болгох тухай Ерөнхий сайд яриад байгаа. Энэ бол туйлын буруу. Мөн хэтэрхий хавтгайруулсан халамжийн зардлыг жаахан ялгавартай болгох замаар хөрөнгө хэмнэх бололцоотой. Тухайлбал бүх айл өрхийн амьжиргааны түвшинг тогтоож, дунд болоод өгч байгаагаа нэмсэн ч болно. Хувь хүний орлогын албан татварыг буцааж олгох тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа. Орон сууцанд, оюутны сургалтын төлбөрт төлсөн мөнгийг нь буцааж өгөх тухай гэхчилэн. Энэ бас л хавтгай халамж болж хувирах шинжтэй.
-Төрийн зардал гэхээр хэдэн жийп машин, доод тушаалын ганц нэг орон тоог танахаа ярих юм. Түүнээс өөр хэмнэх зүйл харагдахгүй байна уу?
-Байна аа. Наад зах нь төрийн албаны төрөл бүрийн үйлчилгээг хувьд шилжүүлж болно. Энэ олон дарга нарын унааг заавал төрийн нэртэй олон бааз байж хангах хэрэггүй. Хувийн тээврийн байгууллагуудтай гэрээлээд хэрэгтэй үедээ унаагаа захиалаад, явсан км-ийнхээ дагуу замын хуудас бөглөж, гарын үсэг зурж өгөөд л гүйцээ. Нэг даргын гэр бүлд үйлчлээд, өдөржин гадаа нь сойлттой суусны оронд ийм байдлаар зохицуулж болмоор санагддаг. Гэтэл таван алхмын цаана байгаа газарт ганц хуудас цаас хүргэж өгөх байсан ч машин унаад давхиж байдаг. Төрийн юм чинь хэнд хамаатай гэсэн байдлаар ханддаг. Мөн албан байгууллага болгон харуул хамгаалалт, цэвэрлэгээний гээд үйлчилгээний албатай. Үүнийг бас хувийн байгууллагатай гэрээгээр гүйцэтгүүлж болно. Тэр компани нь голдуу оюутан юм уу, ажилгүй хүмүүсийг орой үдшийн цагаар хөлслөөд ажиллуулчихдаг жишиг гадны улсуудад байдаг. Ингэснээр тэр олон орон тоо, цалинг хэмнэхээс гадна бас нөгөө талдаа ажлын байрны асуудлыг ч давхар шийдэх сайн талтай. Энэ мэтээр олон зүйл ярьж болно.
-Гэтэл УИХ ямаанд тэтгэлэг олгож, яндангаас татвар авна, сонгуулийг сугалаатай болгоно гэхчилэн зүйлд анхаарал хандуулдаг болсон байна?
-Яндангаас татвар авч утаагүй болно гэдэг ч худлаа. Бас зарим нь нүүрстэй машиныг хот руу оруулахаа больё гэж ярьсан. Ийм аргаар утаатай тэмцэхгүй л дээ. Утаагүй зуух энэ тэр гэж олон жил худлаа ярилаа. Харин үүнийхээ оронд хийг хэрэглээ болгох, шахмал түлш нэвтрүүлэх, цахилгаан эрчим хүчний тусламжтайгаар асуудлыг шийдвэрлэх, шахмал түлшийг нүүрснээс хямд байх тогтолцоог бий болгох хэрэгтэй юм. Утаанаас салах хамгийн үр дүнтэй арга бол орон сууцжуулах. Миний хувьд Улаанбаатарт орон сууц барих газрын эрхийг гэр хороолол байгаа газарт олгох нь зөв гэсэн бодолтой явдаг. Үүнийг олон жилийн өмнөөс барьсан бол гэр хорооллынхоо нэлээд хэсгийг орон сууцжуулчих байлаа. Ингэснээр газрын авилгын асуудлыг шийдэж болох байсан. Орон сууц барьж байгаа компаниуд газрын асуудлыг шийддэг төрийн түшмэлд авлига өгөх биш тэнд оршин суудаг гэр хорооллын иргэдтэй наймаалцаад мөнгө төгрөгийг нь төлөөд орон сууцаар нь хангаж өгөөд асуудлыг шийдчихнэ. Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох тухай намуудын мөрийн хөтөлбөрт ч бий, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч байна билээ. Гадаадын улс орнуудад цэвэр, бохир усных нь шугамыг, цахилгаантай нь, замтай нь тавиад өгчихвөл айлууд хувийн орон сууцаа бариад, орон сууцны хороолол бий болоод явчихдаг л даа. Төрийн бодлогоор дэмжээд өгвөл гэр хорооллыг заавал нүүлгэхгүйгээр утааны асуудлыг ч давхар шийдчих боломжтой.
-Арилжааны банкууд орон сууцны зээл ихээр олгосон нь хүндрэх шалтгаан болсон гэж яригдаж байна?
-Монголд өнөөдөр хүмүүс уул уурхай, барилга гээд хоёрхон төрлийн бизнес хийдэг болсон. Яагаад гэвэл хоёулаа өндөр ашигтай учраас хүн болгон хошуураад байгаа юм. Тэгэхээр үүнийг зохицуулах төрийн нарийн бодлого хэрэгтэй. Орон сууцны бизнес, уул уурхайн салбараас арай ахиу татвар авч эсвэл бусад салбараа татварын бодлогоор дэмжих замаар зохицуулах боломжтой. Жижиг дунд үйлдвэрлэлээ бүх төрлийн татвараас чөлөөлөх, ялангуяа, импортын барааны үнэ бууж байгаа энэ үед үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг нь татвараас чөлөөлөх хэрэгтэй. Тэгж дэмжихгүй бол бүгдэд нь адилхан хоёр шатлалтай татвар оноочихоор хүмүүс аль ашигтай салбар руу нь хошуураад бусад нь хөгжихгүй зогсонги байдалд орж байна. Бид жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж байж хямралаас, ядуурлаас гарна, эдийн гэж ярьдаг биз дээ. Гэтэл татварын бодлогоор дэмжихгүй, хавтгайруулсан татварын хуультай байх юм бол үр дүнд хүрэхгүй улс орон хөгжихгүй.
-Америкын санхүүгийн хямрал ипотекийн зээлээс үүдэлтэй учраас манайхан ч бас болгоомжлох хэрэгтэй гээд байгаа?
-Америк орон сууцны асар их зээлийг төлбөрийн чадваргүй, орлогогүй хүмүүст өгчихсөн байхгүй юу. Нөгөөдүүл нь орон сууц авчихаад эргээд зээлээ төлж чадахгүй болсны улмаас хямрал үүссэн. Манайд төлбөрийн чадвартай хүмүүс нь нарийн шалгуур давж байж зээл авч байгаа. Орон сууцны зээл чөлөөтэй болсноос үнэ нь нэмэгдсэн. Түүнээс биш барилгын материалын өртөг нэмэгдсэнээс болоогүй юм. Авах эрэлт нь нийлүүлэлтээсээ хэтэрснээс болсон хэрэг.