Батсуурь.Я 2012.05.16 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Монголын санхүүгийн салбарын дэд бүтцэд орлогын шинэ эх үүсвэрүүдийг бий болно

Монголын санхүүгийн салбарын дэд бүтцэд орлогын шинэ эх үүсвэрүүдийг бий болно
Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хамтран хуралдан Статегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай болоод уг хуулийг дагалдан гарах хуулиудын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүд ажлын хэсгээс оруулсан саналуудаар санал хураалт явуусны эцэст чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзлээ.

Үүний дараа Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжлэн гурван асуудлыг хэлэлцлээ. Эхнийх нь "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудал байлаа.Ирэх оны Үндсэн чиглэл нь Өсөлтийн үр шимийг нийгмийн бүлгүүдэд хүргэх макро эдийн засгийн бодлого, Бодит салбарын хөгжлийн бодлого, Байгаль орчин, бүс нутгийн хөгжлийн бодлого, Хүнд өгөөжтэй нийгмийн бодлого, Төрийн үйлчилгээ, засаглал, эрх зүйн шинэчлэл, Гадаад бодлого, батлах хамгаалах гэсэн бүтэцтэй юм байна. Энэ хүрээнд 2013 онд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, 2013 оны эцэст хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэрийг тусгаснаас гадна зорилтыг хариуцан хэрэгжүүлэх яам, байгууллага, зорилт тус бүрийн уялдах хөтөлбөр, бодлогын баримт бичгийг тусгасан хэмээн ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.
Засгийн газар 2013 онд макро эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангахын зэрэгцээ энэ өсөлт нь иргэддээ өгөөжтэй байхад онцгой анхаарна гэж тэрбээр хэллээ.
Түүнчлэн өсөлтийн үр дүнд бий болох баялгийг ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, амьдралын чанарыг сайжруулж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бизнесийн болон хууль, эрхзүйн орчныг сайжруулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар Монгол хүний хөгжлийг тэтгэх зорилтыг дэвшүүлжээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байсангүй.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ.Дараа нь Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг мөн хэлэлцэв. Сүүлийн жилүүдэд зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэх чиглэлээр ажилласан ч алсын хараагүй явжээ хэмээн Д.Балдан-Очир гишүүн хэлж байлаа. Гишүүд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн бөгөөд хууль санаачлагчаас тухайлан асуулт асуух гишүүн байсангүй. Ямартай ч ийм хуультай болох нь том дэвшил гэж байлаа.Байнгын хороогоор хэлэлцсэн сүүлийн асуудал нь УИХ-ын гишүүн Я.Батсуурь нарын санаачилсан "Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын 2010 оны 11 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" тогтоолын төсөл байлаа.

Төрийн өмчийг нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах арга, хэлбэрийг өөрчилж, ил тод, нээлттэй, шударгаар гадаад, дотоодын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хэн боловч хувьчлалд хамрагдах боломжтойгоор зохион байгуулах аргыг хэрэглэх цаг нь болсон гэж үзэн нэр бүхий гишүүд дээрх тогтоолын төслийг боловсруулжээ.Энэхүү Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдсанаар улс орны эдийн засагт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийг хувьчлах асуудлыг зөв, оновчтой, шударга зохион байгуулах замаар компанийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхээс гадна ирээдүйд хугацаа алдсан, үр дүнгүй өмч хувьчлал явагдаж болзошгүйг таслан зогсоох, төр болон хувийн хэвшлийн түншлэлийн зохистой хөгжүүлэх зорилтыг хангахад тодорхой дэвшил гарна гэж үзэж байгаа ажээ. Түүнчлэн төрийн өмчийг нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчилж байгаа нь өнөөдөр авлига, хээл хахуулийг хөхүүлэн дэмжих үндэс суурь нь болж байгаагын зэрэгцээ сонирхогч этгээдүүдийн хооронд зөрчилдөөн, удаан хугацаанд үргэлжилсэн маргаан үүсч, эцсийн дүндээ цаг хугацаа алдсан, үр дүнгүй, нийгэм, эдийн засгийн хувьд өгөөжгүй өмч хувьчлал болдогийг зарим хувьчлал харуулдаг хэмээн Я.Батсуурь гишүүн тайлбарласан юм.

Төрийн өмчийг хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлахын давуу тал нь Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хүн амд хувьцааны үнэ цэнийг ойлгуулах, иргэн бүрт /үүнд хувьчлагдаж буй хуулийн этгээдийн ажиллагсад хамаарна/ үнэт цаасны зах зээлд оролцож төрийн өмчийн компаниудын хувьцааг эзэмших боломжийг нээх, улмаар тэдэнд хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх зэрэгт оршино. Түүнчлэн төрийн өмчит компаниуд Монголын хөрөнгийн биржээр арилжаанд оролцож хувьчлагдсанаар Монголын санхүүгийн салбарын дэд бүтцэд орлогын шинэ эх үүсвэрүүдийг бий болгоход ихээхэн хөшүүрэг болно гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Зоригт, Хувьчлагдаж буй төрийн өмчит компанийн хувьцааны 5 хувийг тухайн компанид ажиллаж буй хүмүүст эзэмшүүлэх талаар заалт оруулсан юм байна. Үүний үндэслэлийг тайлбарлахгүй юу хэмээн лавласан. Тогтоолын төсөл санаачлагчдын нэг Я.Батсуурь гишүүн, энэ бол бусад оронд байдаг жишиг гэж тайлбарласан. Тухайн компанид ажиллах хүчний тогтвортой байдалд дээрх шийдвэр нөлөөлөхөөс гадна хувьчлагдсаны дараа үйл ажиллагаанд хяналт тавих давуу талтай хэмээлээ.

Засгийн газраас зарчмын хувьд дэмжиж байна гэсэн санал ирүүлсэн юм байна. Гол нь хувьчлалыг Хөрөнгийн биржээр, иргэд, олон нийтэд нээлттэй зарчмаар явуулах ёстой гэж тэрбээр үзэж байгаагаа хэлсэн юм. Гишүүд ийн хэлэлцээд уг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.