Утаа гаргаж байгаа 20 мянган айлд 85 тэрбум төгрөг “бэлэглэнэ”
Парламент намрын чуулганаараа Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль баталсан билээ. Одоо хуулиа хэрэгжүүлэх л үлдээд байна. Хууль тогтоох байгууллагын нэг ажил бол хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Энэ үүргээ биелүүлэх үүднээс өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл нар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох албаныхантай уулзлаа.
Ерөнхийлөгчийн санаачилсан дээрх хууль хэрэгжвэл 2011-2012 онд нийслэлийн агаарын бохирдол 50, 2012-2013 онд 80, 2013-2014 онд 100 хувь буурах аж. Дээрх хуулийг хэрэгжүүлэхэд энэ жил гэхэд л 500 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог УИХ-ын гишүүд, хууль санаачлагчид гаргаад байгаа.
Харин Нийслэлийн агаарын чанарын албаны гаргасан тооцоогоор хязгаарлалтын бүсэд амьдарч байгаа 20 мянган айл өрхөд 85 тэрбум төгрөг шаардагдах гэнэ. Үүнээс гадна мод тарих, ногоон байгууламжтай болгох, нийслэлийн ойр орчмын газар нутгийг ойжуулах гэх мэт ажилд 21 тэрбум төгрөг зарцуулах аж. Ингэхдээ хязгаарлалтын бүсэд орших 20 мянган айлыг түүхий нүүрс түлэхийг хоригложээ. Мэдээж нүүрс түлэхгүй болохоор цахилгааны өөр эх үүсвэр шаардана. Тиймээс дээрх өрхүүд шалнаасаа халдаг халаагуур ашиглаж, хий, боловсруулсан шахмал түлш түлэх юм байна. Ингэхдээ төрөөс үнийн хөнгөлөлт үзүүлэх болжээ. Жишээ нь, 150 мянган төгрөгөөр шахмал түлш авбал үнийн дүнгийнх нь 50 хувийг улс гаргах юм. Түүнчлэн хязгаарлалтын бүсийн айл өрхийн эрчим хүчний шөнийн тарифын үнийг 50 хүртэл хувиар хөнгөлөх болжээ.
Энэ бүх зардалд нийт 85 тэрбум төгрөг шаардлагатай. Ингээд бодохоор нэг өрхөд 4.2 сая орчим төгрөг ногдож байгаа юм. Магадгүй, нийслэлийн гэр хороололд амьдарч байгаа 167 мянган өрхөд ийм хэмжээний мөнгө зарцуулна гэж тооцвол тоймгүй их тоо гарах нь ойлгомжтой.УИХ-аас баталсан хуулийг заавал хэрэгжүүлэх учиртай.Тиймээс нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад эхний ээлжид шаардагдах дээрх мөнгийг Сангийн яам гаргах үүрэгтэй. Сангийн яамны Төсвийн газрын дарга Б.Батжаргал "85 тэрбум, 21 тэрбум гэдэг их тоо. Нийслэлийн агаарын чанарын албанаас гаргасан энэхүү тооцоо судалгааг дахин сайн нягтлах хэрэгтэй" гэсэн тайлбар өгч байна. Харин УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл "Нийслэл утаанаас салах ёстой.
Тиймээс шаардлагатай бүх арга хэмжээг ав. Төсөв мөнгө шаардлагатай бол түүнийг нь гаргаж өг.
Ингээд Сангийн яам, Нийслэлийн агаарын чанарын алба хамтарч нэг шийдэлд хүрээд ирэх сарын 15-нд дахин мэдээлэл өг" гэсэн даалгавар өгөв. УИХ-ын гишүүд холбогдох албаныханд хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах, бие бие рүүгээ түлхэж ажил цалгардуулахгүй байхыг анхаарууллаа.Нийслэлийн агаарын чанарын албаны гаргасан энэхүү тооцоогоор бол дээрх 20 мянган өрхийн түүхий нүүрсний хэрэглээг зогсоосноор нийслэлийн агаарын бохирдол 50 хүртэл хувиа буурна гэж тооцжээ. Цаашдаа хязгаарлалтын бүсийн ай өрхийн тоог 40 мянга болгон нэмэх гэнэ.