Хөдөлмөрөөр хоршиж биржид оролцох талаар малчдад ойлголт өгөх хэрэгтэй
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос "Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай" хуулийн төсөл нээлттэй сонсголыг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Нээлттэй сонсголыг тус байнгын хорооны дарга П.Алтангэрэл нээж үг хэлэв. Арга хэмжээнд УИХ-ын гишүүд, ажлын хэсэг, яам, агентлаг, компанийн төлөөлөгчид оролцож санал солилцов.
Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн үйлдвэрлэл нэмэгдэж байгаа хэдий ч бэлтгэн нийлүүлэлт, худалдах, худалдан авах тогтолцоо ченжүүдийн сүлжээгээр зохион байгуулагдаж малчид,тариаланчид нь боловсруулах үйлдвэрүүдтэйгээ шууд харьцах боломж бүрдэхгүй байгаа юм.
Судалгаанаас үзэхэд дэлхийн ихэнх улс орнууд мал, амьтан, ургамал тэдгээрээс гаралтай түүхий эдийн зах зээлд учирсан дээрх хүндрэл бэрхшээл, сөрөг үзэгдлийг худалдааны сүлжээ бүхий төрөлжсөн зах ажиллуулах, эсхүл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бирж байгуулах замаар шийдвэрлэсэн байдаг байна.
Иймд манай орны нөхцөлд тохирсон хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн үйл ажиллагааг иргэд, хувийн хэвшлийн санаачилга, үйл ажиллагаа, оролцоонд тулгуурлан явуулах бодит шаардлага тулгараад байгаа аж. Бирж нь зах зээлийн бодит үнэ бүрдэх нөхцөлийг бүрдүүлэх, үнийн ил тод байдлыг хангах, үйл ажиллагааны зардлыг бууруулах гэсэн гурван үндсэн үүрэгтэй бөгөөд биржийн хөгжлийн үе шат нь орон нутгийн, бүс нутгийн,олон улсын түвшинд явагддаг.
Биржийн гол ач холбогдол нь зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг бий болгох, барааны чанар сайжруулах, харилцаа холбоог хөгжүүлэх, солилцоог иж бүрэн болгох, гэрээний тэгш байдлыг хангах, зардлыг бууруулах, оролцогч, худалдаачдын хариуцлагыг өндөр болгох, сав баглаа боодол сайжрах, стандарт мөрдүүлэх явдал юм.Түүнчлэн Монгол Улс анх 1990 онд Эрдэнэт бирж,1992 онд Хөдөө аж ахуйн бирж байгуулах талаар оролдлого хийж байсан ч амжилтгүй болж байжээ.Учир нь тэр үед зах зээлийн систем төлөвшөөгүй, төрийн дэмжлэг байгаагүй, түүхий эд боловсруулагчдын үйлдвэрлэл эрс буурч, санхүү эдийн засгийн чадавхгүй болсон менежмент хөгжөөгүй байсантай холбоотой аж.
Харин санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдалд бирж байгуулах боломж бүрдсэн гэж үзэж байна. Судалгаанаас үзэхэд бирж байгуулах зах зээлд 320 мян.м2 агуулах, 2148 аж ахуйн нэгж, иргэд байгаагийн дээр 329 суманд арилжааны банкны салбар, төв ажиллаж, 2010 онд шилэн кабелийн сүлжээ 139 суманд, 2012 онд 272 суманд холбогдохоор байгааг Ч.Энх-Амгалан дарга танилцуулгадаа дурдлаа.Түүнчлэн Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулагдсанаар малчид, тариаланчдын орлого тогтворжиж, түүхий эдийн үнэн зөв, бодитой үнийн мэдээллээр байнга хангагдана, түүхий эдийн бэлтгэлийн оновчтой тогтолцоо бүрдэж,түүхий эдийн чанар сайжирна, үйлдвэрлэгчид, хэрэглэгчид чанартай түүхий эд бүтээгдэхүүнээр хангагдана, худалдааны эмх замбараагүй байдал арилж, бүртгэл хяналтын тогтолцоо бүрдэн улмаар төсвийн орлого өсөх үр дүн гарна гэж үзэж буйгаа хэллээ.
Бүсчилсэн хэлбэрээр байгуулах нь чухал байна. Сумын биржид биржийн анхан шатны нэгжийн удирдлагыг сумдад төвлөрүүлж сумын биржийн зөвлөлийг байгуулж ажиллах саналыг гаргаж байна. Ингэснээр төрийн үйлчилгээг хөдөөгийн иргэд, малчдад улам ойртуулж илүү хүртээмжтэй, чирэгдэлгүй хөнгөн шуурхай үйлчлэх боломж нээгдэж байгаа гэнэ. Мөн хичнээн толгой малтай хоршоолол, нөхөрлөл, малчны бүлэг биржийн гишүүнд хамрагдах талаар тодорхой тусгах, малчин бирж хоёрыг хооронд нь холбодог Брокерийн үүрэг хариуцлага ямар байх талаар хуулийн төсөлд тодорхой тусгаж өгмөөр байна гэсэн санал гаргасан.
Нээлттэй сонсголын үеэр малчид биржийн талаар ойлголт муу байгаа. Иймд хөдөө орон нутагт энэ чиглэлийн цуврал сургалт зохион байгуулж, малчдыг хөдөлмөрөөр хоршиж биржид оролцох боломжийн татаар сайтар ойлголт өгөх хэрэгтэй гэдгийг оролцогчид хэлж байлаа.
Байнгын хорооны дарга П.Алтангэрэл "хуулийг сайн гаргахын тулд харилцан ярилцаж, санал бодлоо сайтар сонсох хэрэгтэй.
Иргэд олон нийтэд Биржийн тухай хуулийн ерөнхий ойлголт л байгаагаас тодорхой нарийн ойлголт муу байна. Иймд Биржийн тухай болон Бэлчээрийн тухай хуулиудын талаар тухайн нэгж дээр биечлэн очиж ойлголт өгөх талаар тодорхой ажлууд хийгдэх ёстой. Иймд өнөөдрийн нээлттэй сонсголд оролцогчдоос гарсан саналуудыг Ажлын хэсэг дахин сайтар судалж хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэхдээ зарим тодорхой саналуудыг тусгах нь зүйтэй гэсэн юм.