С.Эрдэнэ: Улстөрчдөд “туслах”-ын төлөө онц хүнд гэмт хэрэгтэн болохыг хэн ч хүсэхгүй
2010.12.28

С.Эрдэнэ: Улстөрчдөд “туслах”-ын төлөө онц хүнд гэмт хэрэгтэн болохыг хэн ч хүсэхгүй

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг ерөнхий болсон гэж шүүмжлээд байгаа. Таны хувьд хуулиа ерөнхий байдлаар батлаад, бусдыг нь зохицуулна гэдэг ямар санагдаж байгаа вэ?


-Ерөнхий гэхэд долоон дор юм билээ. Миний хувьд тус хуулийг батлах шаардлагагүй гэж үзэж байгаа. Зах зээлийн өөрийн зохицуулалтаар явах ёстой хөгжлийн түвшинд арай гэж хүрч байгаа салбарыг энэ бирж нураана. Биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн есөн гишүүний найм нь Засгийн газар, харьяа яамнаас томилогдохоор тусгасан байна лээ. Ченж нар хэдийгээр муу нэртэй байдаг ч хүмүүс байдаг. Түүхий эд, бүтээгдэхүүнээ заавал биржээр дамжуулан гадаадад экспортлох гэрчилгээ олж авах юм билээ. Хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүн болох мах, арьс шир зэрэгт төрийн нэрээр хэсэг бүлэг хүмүүсийн монополийг бий болгох хууль гэж харж байгаа. Нэг үгээр хэлбэл, лоббидсон, захиалгынх гэсэн үг. Ямар нэгэн хөдөө аж ахуйн бараа, түүхий эд дээр түшиглэсэн зах зээлийн зохицуулалт хийх оролдлого харагдаагүй.

-Тэгэхээр Засгийн газрыг оролцуулж болохгүй гэх гээд байна уу?

-Аль улсад төр нь биржээ байгуулж байсан юм бэ, мэдэхгүй. Ноос, ноолуурын холбоо зэрэг олон ТББ бий. Тэд өөрсдийн саналаар бирж байгуулах ёстой. Засгийн газар өөрөө бирж байгуулж, өөрөө монопольдоод Арьс шир зэрэг биржээр худалдаалах бүтээгдэхүүнийг экспортоор гаргахын тулд биржээс зөвшөөрөл авах учиртай. Зөвшөөрөл авахын тулд биржийн оролцогчдоос эрх авах гэж авлигын сүлжээ бий болно. Авлига өгсөн нь зөвшөөрөл авна. Өгч чадаагүй нь зөвшөөрөлгүй хоцорч, бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй.

Хууль санаачлагчид "Хятадын дуртай наймаачин орж ирээд Монголын зах зээлээс малын түүхий эд, бүтээгдэхүүнийг их хэмжээгээр авч гараад байна" гэсэн инээд хүрмээр тайлбар хэлж байх юм. Энэ нь Монгол төрийн буруу бодлогын гай шүү дээ. Арилжааны банкны зээлийн хүүг бууруулах хэрэгтэй. Банкнаас 20 хувийн хүүтэй зээл аваад хэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл байгуулах юм бэ. Дампуурахыг хүсэх хүн байхгүй болохоор хөгжихгүй байгаа юм. "Хаан" банк Монголын малчдыг хэн малыг "барж" дууслаа. Зах зээлийн зохицуулалтаар байгуулагдах ёстой. Төр өөрөө хамгийн муу менежер байдаг. Тиймдээ ч төрийн байгууллагад өөдөө явж байсан түүх байхгүй. Төр хэзээ зах зээлд амжилт олж байлаа даа.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа. Хууль батлагдвал үндсэн хуульд өөрчлөлт оруулж болно. Өөрчлөлт оруулах шаардлагатай ямар зүйл, заалтууд байна вэ?

-Үндсэн хуульд гар хүрэхдээ, өөрчлөхдөө хяналттай байлгах тал дээр хэрэгтэй хууль. Гэхдээ Үндсэн хуульд гар хүрч болохгүй, халдашгүй байдаг юм шиг ханддаж байсан. Үнэндээ Үндсэн хуулийн эх баригчид л өөрсдөө журмын тухай хуулиа боловсруулсан. Хамгаалалт нь нэмэгдсэн үү гэхээс хасагдаагүй. Зохицуулах шаардлагатай зүйл олон байгаа. Жишээ нь, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд сум, дүүрэг хоёрыг адилтгасан. Сум 5-10 мянган хүнтэй байхад дүүрэг 200-300 мянган хүн амтай байна.

Гэтэл дүүргийн Засаг даргын эрх мэдэл сумын Засаг даргынхаас ч бага. Мөн хорооны Засаг дарга, багийн Засаг даргын үүрэг, хариуцлага өдөр шөнө шиг ялгаатай. Хороо, сумыг, дүүрэг, аймгийг адилтгаад, нийслэл өөрөө тусдаа статистиктай байх ёстой. Үүнийг өөрчлөх гэхээр Үндсэн хуульд тусгачихсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас нааш дээрх зохицуулалтыг хийх ямар ч боломж байхгүй. Энэ мэтээр Үндсэн хуулиас улбаалаад өөрчлөх шаардлагатай зүйл, заалтууд байгаа.

-Сонгуулийн тогтолцоог холимог хэлбэрээр хийхээр болбол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж зарим судлаачид үзэж байгаа. Гэтэл хоёр намын бүлгээр Үндсэн хуулийн "шууд сонгоно" гэсэн заалтыг өөрөөр тайлбарлахаар тохиролцсон гэсэн. Тэр үед та байсан уу?

-Тохиролцоо байхгүй. Би л лав сонсоогүй юм байна. Ер нь холимог буюу пропорциональ системийг хамгийн оновчтой тогтолцоо гэж сурталчлаад байна. Харин би худлаа гэж хэлнэ. Сонгуулийн апь ч тогтолцоо төгс төгөлдөр байдаггүй.

Бүгд сул талтай. Хамгийн чухал нэг л асуудал байна. Энэ нь сонгууль шударга явах учиртай. Сонгогдсон хүн ямар ч асуудалгүй гардаг байх юм. Сонгууль луйвартай байвал сонгуулийн ямар ч тогтолцоо үр дүнгээ өгөхгүй. Ний нуугүй хэлэхэд улстөрчдийн 50 хувь нь луйвраар явж байгаа. Нөгөө л мөнгө, бараа, таваар тараадаг, санал худалдаж авдаг, худлаа амлаж гарч  ирсэн олон хүн байгаа нь худлаа биш биз дээ.

-Сонгуулийн үеэр гардаг маргаан цаашид гарсаар байна. Үүнийг таслан зогсоох ямар арга байна вэ. Яавал шударга явуулахыг асуугаад байна л даа?

-Сонгуулийн хууль зөрчигчдөд тооцох хариуцлагыг чангатгах хэрэгтэй гэж боддог. Эрүүгийн хуульд төрийн эсрэг онц хунд гэмт хэргийн ангилал байдаг. Төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг оролдсон этгээдийн үйлдлийг онц хүнд гэмт хэрэгт тооцдог. Тэгвэл сонгуулиар луйвардаж санал авах нь төрийн эрхийг хууль бусаар авах нэг хэлбэр мөн. Гэтэл сонгууль будилаантуулсан, луйвардсан этгээдэд тооцох хариуцлага маш сул, инээдтэй байгаа. Торгууль, дээд тал нь зургаан сар хүртэлх хугацаагаар баривчлах ял байдаг. Үүнийг тоохгүй байна шүү дээ. Тэгвэл тэднийг онц хүнд гэмт хэрэг гэсэн ангилал руу оруулах хэрэгтэй.

-Тодорхой заалт байдаггүй юм уу?

-Бий. 5-6 иргэний үнэмлэх хармаалаад цүнх дүүрэн мөнгө барьж яваа хүн айхгүй байна. Яагаад айхгүй байгаа нь цаана нь хамгаалах хүнтэй байдагтай холбоотой. Хэрэв тэдэнд ял үүрүүлээд явуулбал, тэгж додигор явах хүн байхгүй болно. Нэг улстөрчийг ялалт байгуулахад нь "туслах"-ын төлөө онц хүнд гэмт хэрэгтэн болохыг хүсэх юм бэ. Хариуцлагын тогтолцоо сул байгаа болохоор л ийм байдалтай байна. Өнөөдөр холимог, пропорциональ тогтолцооны аль нь ч манай улс төрд болоогүй. Одоогийн эрх баригчид холимог тогтолцоо гэж улайраад байгаа нь цаанаа учиртай. Тэд дахин сонгогдох магадлал муутай. Сонгогдохгүй гэдгээ ч мэдэж байгаа.

Тиймээс л сонгуулиа холимог тогтолцоогоор явуулж, намын нэрний ард нуугдаж дахин сонгогдохыг хүсээд байгаа юм. Нам дотроо тэд азаргалана. Би олон жил парламентад суусан, ийм гавьяатай, чи муу бацаан юу юм гээд л эхний 50-д жагсана. Яг үнэндээ эхний 30-д багтахгүй бол хэцүүднэ. Парламентын 30 суудал аваач уу үгүй юү, мэдэхгүй шүү дээ. Ядаж л эхний 40-д багтах ёстой болно. Одоо байгаа улстөрчид л дахин сонгогдоно. Хэрвээ энэ хуулийг зүтгүүлэх гэвэл ард түмнийг хуурах гэж байгааг нь шууд хэлнэ.

-Тэгвэл сонгуулийг хуучин тогтолцоогоор явуулах нь зүйтэй гэсэн үг үү?

-Хуучнаараа явахад болно. Худлаа амлалт өгсөн, хахууль авсан, луйвар хийсэн, баялгаа гадныханд худалдсан хүмүүс хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Өөрсдийгөө ойлгуулах гээд үзэг л дээ. Ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг мэдэж байгаа.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.