Дэлхийн эдийн засгийн хамгийн том бүс байгуулахын төлөө бүгд нэгдье
2011.09.29

Дэлхийн эдийн засгийн хамгийн том бүс байгуулахын төлөө бүгд нэгдье

УИХ-ын Байгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос санаачлан “Нэг Ази Улаанбаатар” нийгэмлэг, “Нэг Ази Токио” нийгэмлэг, Зүүн хойд Азийн нийгэмлэг хамтран “Азийн орнуудын эдийн засгийн интеграцид Монгол Улсын оролцоо, түүнд Дорнод бүсийн гүйцэтгэх үүрэг” чуулга уулзалтыг саяхан Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо амжилттай зохион байгууллаа.


Чуулга уулзалтыг нээж “Нэг Ази Улаанбаатар” клубын тэргүүн Р.Бадамдамдин үг хэлж, “Нэг Ази” нийгэмлэгийн тэргүүн Сато Ёүжи, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ван Хиалонг, “Нэг Ази Токио”, “Нэг Ази Сөүл” нийгэмлэгийн төлөөлөгчид харилцан мэндчилгээ дэвшүүлэв. Эхний илтгэлийг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл тавьсан.

Дорнод аймагт ажиллаж, амьдарч тус аймгаас сонгогдсон гишүүний хувьд түүний “Дорнод бүсийн хөгжлийн асуудлууд” илтгэл оролцогчдын анхаарлын төвд байлаа. Илтгэгч эхэнд нь Зүүн хойд Азийн орнуудын хамтын ажиллагааны эхлэлийг тус бүс нутагт тавихад Зүүн бүсийн тулгуур төв-Дорнод аймаг ихээхэн хүчин чармайлт, санаачилга гаргаж ирснийг тэмдэглээд “Та бид сонирхолтой түүхэн цаг үед амьдарч байна. Үндэстэн улсуудын зах зээл, эдийн засаг улам бүр интеграцчилагдаж улс орнууд, тэдгээрийн эдийн засгийн нэг нэгнээсээ хамаарах хамаарал урьд хожид байгаагүй хүчтэй мэдрэмтгий болж байна.

Дэлхийн хөгжил, бодлого нэг хүчтэй орноос хамаарч байсан сүүлийн хориод жилийн зарчим, хүчний харьцаа өөрчлөгдөж байна.


Даяарчлалын үр шимийг үзэж түүнд идэвхтэй оролцдог дэлхийн олон улс, тэдгээрийн сая сая иргэд хүссэн хүсээгүй өөр хоорондын өчнөөн олон хэлхээ холбоосоор холбогдчихсон бөгөөд хэн нэг нь хожиж ялах дийлэх тухай ойлголт байхгүй болчихсон тийм цаг үед бид бүхэн амьдарч байна” гэдгийг дурдав. Тэрээр цааш нь өнөөдөр бид “Зүүн хойд Ази” гэдэг ойлголтоо бодож үзэх шаардлагатай болж байна. “Зүүн хойд Ази” гэж бид одоогоор Хятад, Япон, хоёр Солонгос, Монгол, Оросын алс дорнодыг газар зүйн хувьд хамааруулан авч үздэг. Хамарч буй улс орны хувьд цөөхөн ч эдийн засгийн нөөц, хүч чадал, бие биенээ харилцан нөхөх өргөн бололцоотой энэ бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцчилалын тухай ярьсаар удаж байгаа боловч амьдрал дээр хэрэгжсэн зүйл багахан байгааг та бид мэднэ. Эдгээр яриа хэлэлцээ, судалгаа шинжилгээний байгууллагуудын хүрээнээс үл хэтэрч гаргасан санал, зөвлөмжүүд нь бодлого боловсруулах түвшинд хүрээгүй байна.

Тус бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны цаашдын ирээдүй өргөн ч өнөөдрийн байдлаар тодорхой харилцан тохирсон хамтын ажиллагааны хэтийн төлөвлөгөөгүй хэвээр байгаад шүүмжлэлтэй хандав Гишүүн П.Алтангэрэл бүс нутгийн хамтын ажиллагааг ямар хэлбэрээр урагшлуулах вэ? Бид хамтын ажиллагааныхаа цаашдын чиглэл, ач холбогдлыг зөв харж оновчтой хэлбэрийг сонгох учиртай гээд хоёр чиглэлд түлхүү анхаарах шаардлагатай байна. Үүнд: 1.Аялал жуулчлалын нетворк байгуулах 2.Азийн тээврийн коридорын асуудлаар саналаа нэгтгэж ашиглаж эхлэх. Үүний тулд одоогоор нэн шаардлагатай байгаа шинэ авто болон төмөр замыг барьж байгуулах Энэ хоёр чиглэлээр хамтын ажиллагаа урагшилбал тус бүс нутгийн хүн солилцоо ихэсч, хамтын ажиллагааны цаашдын шинэ чиглэлүүд аяндаа бий болно гэж үзэж байгаагаа илтгэгч тодорхой дурдсан.

Тэрээр, Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцид Монгол Улсынхаа оролцоог нэмэгдүүлэх, үүнд Дорнод аймгийн гүйцэтгэх үүргийг тодорхойлж, үр ашигтай хамтран ажиллах үйлсэд миний бие Монгол Улсын Их Хурлын гишүүний хувьд хүч анхаарлаа дайчлан ажиллах болно гэдгээ хэлж илтгэлээ өндөрлөв. Төр, Засгийн газруудын идэвхтэй үйл ажиллагаа ихээхэн дутагдаж байгаа ч орон нутгийн чанартай хамтын ажиллагаа урьд өмнөхөөс илүү өргөжиж эхэлж байгаагийн нэгээхэн жишээ бол Дорнод аймагт зохиогдсон энэ удаагийн уулзалт гэдгийг үг хэлсэн олон хүн онцолж байлаа.

Чуулга уулзалтад УИХ-ын гишүүн Ц.Сэдваанчиг, Э.Бат-Үүл нар оролцож, Зүүн хойд Азийн нийгэмлэгийн тэргүүн Б.Батбаяр буюу Баабар Солонгосын хойгийн газар нутаг, хүн амын тоо, эдийн засгийг Дорнод аймагтай харьцуулсан сонирхолтой тоог гарган, Монгол орон Дорнод бүсийн хувьд газар тариалан, аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой юм гэдэг санааг дэвшүүлсэн. Тэрээр Зүүн хойд Азид хамгийн ойроор нь Дорнодоо “духан дээрээ наагаад” энэ бүс нутагт багтах хэрэгтэй. Цөмөөрөө нийлж хамтраад Дэлхийн эдийн засгийн хамгийн том бүс байгуулахын төлөө ажиллацгаая гэж уриалав.



0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.