Д.Оюунхорол: Хууль батлагдсанаар 38296 төрийн албан хаагч бүсийн нэмэгдэл хүртэнэ
2011.05.23

Д.Оюунхорол: Хууль батлагдсанаар 38296 төрийн албан хаагч бүсийн нэмэгдэл хүртэнэ

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.

-УИХ-ын Чуулганы хуралдаанаар алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэл олгох тухан хуулийн төслийг хэлэлцлээ.Та энэ хуулийг олон жил яриад шийдэхгүй байна, нийгмийн хүлээлт их байгаа гэж ярилаа. Энэ тал дээрх таны санал?

-Энэ асуудал олон жил яригдсан. Шийдэгдэж чадахгүй өдий хүрсэн, шийдэх байх гэж алслагдсан болон говийн бус нутагт амьдарч байгаа иргэд маань их ч хүлээдэг хууль л даа. Хөдөөгийн ард түмний амьдрал хүндхэн, ажилгүйдэл, ядуурал буурахгүй, дэд бүтцийн хөгжил сул дорой байгаа нь хот хөдөөгийн ялгааг улам бүр нэмэгдүүлсээр байна. Эдийн засаг, нийгмийн үзүүлэлтээр хангалтгүй, төвөөс алслагдсан, байгаль цаг уурын хувьд эрс тэс, дэд бүтэц, үйлдвэрлэл сул хөгжсөн алслагдсан болон говийн бүсийн хөгжил иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор УИХ-ын нэр бүхий гишүүд бүсийн нэмэгдэл олгох, санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид тусгах зайлшгүй шаардлагатай гэж үзээд хуулийн төслийг өргөн барьсан.

-Сүүлийн жилүүдэд хүн ам хот суурин газартаа шилжих үйл явц ихсэж, Улаанбаатар хотод төвлөрөл нэмэгдсээр байна. Энэ хууль гарснаар байдал өөрчлөгдөх үү?

-Үнэхээр тийм шүү. Хөдөө орон нутагт амьжиргааны өртөг өндөр, дэд бүтэц муу хөгжсөн, иргэдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний чанар муу, хүртээмж хангалтгүй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, тээврийн болон онгоцны зардал өндөр байдаг. Жишээлбэл Завхан аймаг руу явах, ирэх онгоцны зардал 600 гаруй мянган төгрөг гэдэг нь иргэдэд чанга л байна шүү дээ. Алслагдсан болон говийн бүс нутгийг тогтоохдоо бүс нутгийг нийслэлээс алслагдсан байдал, хүн амын тоо, нийгэм эдийн засгийн үзүүлэлт болон байгаль цаг уурын онцлогийг харгалзан тогтоосон нь шударга болсон гэж бид үзэж байгаа. Алслагдсан болон говийн бүс нутагт ажиллаж буй багш, эмч нар болон төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж, иргэдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний хүртээмж сайжирна. Улаанбаатар хот орчимд ч гэсэн төвлөрөл буурвал гамшиг болсон утаа, өдөр бүр иргэдийн бухимдлыг бий болгож байгаа замын түгжрэл, сургууль цэцэрлэгийн хүртээмж хүрэлцэхгүй зэрэг олон сөрөг үзэгдэл буурна гэж тооцож байгаа юм. Улаанбаатар хотын зарим 10 жилийн сургуульд нэг анги дүүргэлт 60 хүүхэдтэй, цэцэрлэг олдохгүй байгаа нь гэр бүлийн амьдралд хүндрэл бэрхшээлүүд үүсгэсээр байна.

-Ийм туршлага бусад орнуудад байдаг уу?

-Дэлхийн зарим улс орнуудад бүсийн нэмэгдэл олгох санхүүгийн дэмжлэг хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт байдаг юм билээ. Жишээ нь ОХУ төвөөсөө алслагдсан Якут, Камчатка зэрэг алслагдсан бүсийнхээ иргэдэд 200 хувийн нэмэгдэл олгодог.Төрийн албан хаагчид нь 60 хувийн нэмэгдэлтэй цалин авдаг, ажлын богиносгосон цагаар ажилладаг гээд янз бүрийн аргачлалууд байна. Канадад цаг агаарын хувьд хүнд, бараа үйлчилгээ хязгаарлагдмал бүсийн иргэдэд татварын хөнгөлөлт үзүүлдэг юм билээ.

-Гишүүд чуулган дээр энэ асуудалд Засгийн газар анхаарлаа хандуулсангүй, мөрний хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй байна гэж нэлээд шүүмжилсэн?

-Одоо хэлэлцэж байгаа хуулийн төслийг Засгийн газар дэмжээгүй. Уг нь гишүүдийн өргөн барьсан хуулийн хүрээнд шийдчихээд Засгийн газраас эдийн засгийн чадавхтай, боломжтой үедээ хуулийн төслөө санаачлаад, тооцоо судалгааг нь хийгээд оруулж ирэх ёстой байсан. Энэ хууль батлагдчихвал тэнд байгаа хүмүүсийн маань ажиллах урам зориг сэргэж, өрхийн орлого нь нэмэгдэж, гэр бүлийн зардлын тодорхой хэсгийг хуваалцахад нэмэр болно гэж үзэж байгаа.

-Нийт хэдэн төрийн албан хаагч хамрагдах юм бэ?

-Энэ хууль батлагдсанаар алслагдсан болон говийн бус нутагт ажиллаж байгаа 38296 төрийн албан хаагч хамрагдах юм. Хэрвээ бүсийн нэмэгдлийг 20 хувиар нэмэгдэнэ гэж үзвэл 20 тэрбум төгрөг, таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг өгөхөд жилд 633 төрийн албан хаагч хамрагдах бөгөөд 955,6 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай болно.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.