Агаарын бохирдлыг дахиад л 50 хувиар бууруулна гэв
2012.01.17

Агаарын бохирдлыг дахиад л 50 хувиар бууруулна гэв

-Л.Гансүх:Энэ жил нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувиар бууруулах төлөвлөгөө гаргасан.Үүнийхээ дагуу олон ажлуудыг хийнэ. Гэхдээ 50 хувь гэдэг нь зөвхөн 2010 онтой харьцуулж гарах дүн юм гэв-

Энэ  өвөл  агаарын  бохирдлыг 30 хувиар  бууруулна гэж байсан ч өнөөдрийн утаанаас тэдний амлалт биелээгүйг харж болно. Тэгвэл дахиад амлаж байна. Бүр 50 хувиар бууруулна гэж. Байгаль, орчин аялал жуулчлалын яамнаас энэ жил "Агаарын бохирдол, орчны доройтолтой тэмцэх жил" болгон зарласнаа мэдэгдсэн билээ. Үүнийхээ нээлтийг өчигдөр албан ёсоор хийсэн бөгөөд 2012 онд энэ чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөг танилцуулсан юм. Одоогоор Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээнд агаарыг чанарыг 35 цэгт, газрын усны чанарыг 80 гол мөрөн, 13 нуурын 148 цэгт, хөрсний чанарыг 150 гаруй цэгт ажиллуулж байгаа. Цацрагийн түвшний хяналтыг 35 цэгт, цөлжилтийн хяналт шинжилгээг 1500 гаруй цэгт тогтмол тодорхойлдог аж. Эдгээр шинжилгээний дүнгээс харахад улсын хэмжээнд 80 гол мөрөн, 13 нуурын 88 хувь нь цэвэр, гурван хувь нь бохирдолттой байгаа гэв. Улсын хэмжээнд авч үзэхэд ийм байгаа гэнэ. Харин хамгийн их агаар, хөрсний бохирдолт ихтэй нь юу вэ. Тийм ээ, нийслэл. Нийслэлийн хөрс, ус, агаар гээд бохирдолгүй газар гэж үгүй болсныг албаныхан ч хэлж байгаа. Өнгөрсөн жил хийсэн судалгаагаар Туул голын зарим хэсэг усны хүчилтөрөгчийн бохирдол нэмэгдсэн байсан бөгөөд Усны чанарын стандартаас 134 дахин давж, онцгой их бохирдолттой нь тоологдсон байна. Үүний шалтгаан нь Улаанбаатар хотод ажиллаж буй хог хаягдал, бохир ус цэвэрлэх байгууламжуудаас хамааралтайг мэргэжилтнүүд судалж тогтоосон. Тухайлбал, төв цэвэрлэх байгууламж 83-95 , Нисэхийн цэвэрлэх байгууламж 73-96, налайхын цэвэрлэх байгууламж 33-92 хувь Био орон сууцны цэвэрлэх байгууламж 81 хувьтайгаар цэвэрлэгээ хийж Туул голд нийлүүлдэг гэсэн тооцоо байна. Бохир усыг бүрэн цэвэрлэхгүйгээр голд шууд нийлүүлснээр усны чанарт нөлөөлж байгаа аж.

Нийслэлийн гаднах хөрсөнд агуулагдах 11 хүнд элементийн дундаж ба хамгийн их агууламж нь Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байх ёстой хэмжээнээс 10-16 дахин их байна гэсэн судалгааг БОАЖЯ-ны мэргэжилтнүүд гаргажээ. Үүнээс гадна хөрсний нянгийн бохирдол маш их байгаа бөгөөд зөвхөн Хайлаастын нэгэн жалганд 1грамм хөрсөнд 12,3 сая байгаа нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 1239 дахин их байгаа гэв. Тэгвэл агаарын бохирдлын хувьд нийслэл хамгийн их байгаа ч бусад аймгийн хувьд ч гэсэн агаарын бохирдол нэмэгдэлтэй гарсан байна. Тухайлбал, Хүхэрлэг хийн агууламж Баянхонгор 3.3, Дархан-Уул 1.8,   Шарын гол 1.3 дахин их байгаа нь тус аймгуудад агаарын бохирдол нийт нутгийн хэмжээнд байгаа гэдгийг харуулж байна гэв. Харин нийслэлийн хувьд Азотын хийн сарын дундаж агууламж нь 69 хувиар буурсан бол, том ширхэг тоосонцрын хувьд өмнөх оных арванхоёрдугаар сартай харьцуулахад 98 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Тиймээс ч энэ жилийг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас "Агаарын бохирдол, орчны доройтолтой тэмцэх жил" болгон зарласан нь учиртай гэнэ. Дан ганц агаарын бохирдол биш хог хаягдлын асуудал, хөрсний бохирдол, хаягдал бохир ус, томоохон голуудын бохирдол зэрэг орчны бохирдол доройтлыг үүсгэж буй асуудлуудыг улсын хэмжээнд цогцоор нь авах цаг болсон гэв.  БОАЖ-ын сайд Л.Гансүх "Өнгөрсөн жилийн хугацаанд бид агаар, орчны бохирдлыг хэмжээ зэргийг судалсан жил байлаа. Бид тал талын судалгаа шинжилгээг хийж хаана нь ямар арга хэмжээ авах, юу хийх төлөвлөж, тооцоолсон. Бид энэ жил гурван зорилтот 26 бүлгийн 80 гаруй төсөл  арга хэмжээ авахаар төлөвлөөд байна. Тухайлбал, энэ жил нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувиар бууруулах төлөвлөгөө гаргасан. Үүнийхээ дагуу олон ажлуудыг хийнэ. Гэхдээ 50 хувь гэдэг нь зөвхөн 2010 онтой харьцуулж гарах дүн юм. Мөн нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн жорлонг ариутгахад бид өнгөрсөн жил 1.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Харин энэ жил ариутгах ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөөд байгаа. Энэ мэт олон арга хэмжээг 100 гаруй тэрбум төгрөгийг төсөвлөсөн гэлээ. Нийслэлийн хөрс, агаар, усны бохирдол нийтлэгээрээ бохирдолттой байгаа учраас БОАЖЯ болон нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллахаар болсон. Харин өнгөрсөн оныхоос агаарын бохирдлыг 50 хувиар бууруулахаар болсон гайхалтай мэдээ байна. Уг нь өнгөрсөн онд агаарын бохирдлыг 40 хүртэлх хувиар бууруулахаар төлөвлөж, олон арга хэмжээ авсан ч үр дүнгээ өгөөгүй. Харин энэ жил 50 хувиар бууруулах боломжтой гэдгийг БОАЖ-ын сайд нь ам алдсан. Өвлийн улирал дуусахад утаа хэдэн хувиар буурах бол.