“ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДӨР” -ийн мэндчилгээ
2011.09.27

“ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДӨР” -ийн мэндчилгээ

Бөмбөрцгийн 154 орныг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас жил бүрийн 9-р сарын 27-ны өдрийг “ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДӨР” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 1990 онд тус байгууллагад гишүүнээр элсэж, 2006 оноос эхлэн эл өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэсээр ирлээ. Энэ жилийн Дэлхийн аялал жуулчлалын өдрөөр гишүүн орнууд “Аялал жуулчлал-Соёлын нэгдэл” сэдвийн дор нэгдэж байна.

Аялал жуулчлалын салбарын хөгжлийг илтгэх гол үзүүлэлт бол тухайн оронд зочилсон жуулчдын тоо байдаг. 2000 онд манай улсад 137 мянган жуулчин ирсэн дүн гарч байсан бол 2010 онд 460 мянгад хүрчээ. Өнгөрсөн хугацаанд жуулчдын тоо жилд дунджаар 7-10 хувь өссөн байна. Мөн 2010 оны байдлаар аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг 600 орчим аж ахуйн нэгж бүртгэгдсэн нь 2000 оныхтой харьцуулахад дөрөв дахин өссөн үзүүлэлт юм. Энэ оны эхний найман сарын байдлаар манай оронд 418098 гадаадын иргэн зорчсоны 334823 нь жуулчин ба өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад зургаан хувь өссөн дүнтэй байна. Түүнчлэн, аялал жуулчлалын салбараас олж буй орлого 2000 онд 95.7 сая ам.доллар байсан бол 2010 онд 222 сая ам.долларт хүрсэн. Өнгөрөгч оны байдлаар аялал жуулчлалын салбар тогтмол болон улирлын шинжтэй 18 мянга орчим ажлын байр бий болгосон. Энэ бүгд бол аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд салбарынхны хийсэн ажлын үр дүн билээ.

Эх орондоо зочлох жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор дэлхийд томоохонд тооцогддог Берлиний “ITB-2011” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс анх удаа “Соёлын түнш орон”-оор оролцож, соёл, зан заншил, ахуй амьдралын онцлогоо сурталчилсан нь энэ жилийн гадаад сурталчилгааны онцлох ажил байлаа. Үүнээс гадна Лондоны WTM, Японы JATA зэрэг олон аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс тогтмол оролцон, голлох зах зээлийн орнууддаа сурталчилгаа хийж байна. Монгол Улсын Засгийн газраас 2003 оныг Монголд зочлох жил, 2004 оныг Монголыг нээх жил, 2006 оныг Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой болгон тэмдэглэсэн нь манай орны гадаад сурталчилгаа болон жуулчдын тооны өсөлтөд эергээр нөлөөлсөн нь дамжиггүй.

Засгийн газраас цаашид аялал жуулчлалд шаардлагатай дэд бүтэц хөгжүүлэн, томоохон цогцолборууд барьж, бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх шат дараатай арга хэмжээ авч, дээрх өсөлтүүдийг улам бататгахаар ажиллаж байна. Энэ зорилгоор БОАЖЯ-наас ойрын болон дунд хугацааны төлөвлөлт, зорилтоо тодорхойлсон “Аялал жуулчлал” үндэсний хөтөлбөр боловсруулан Засгийн газарт хүргүүлсэн.

Засгийн газрын 2008 оны 83, 2009 оны 320 дугаар тогтоолууд нь аялал жуулчлалын томоохон цогцолбор байгуулахад чиглэсэн чухал алхам болсон.

Энэхүү эрх зүйн баримт бичгийн хүрээнд БОАЖЯ-наас 2010, 2011 оны Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд “Хархорин-XIII зуун” төслийг жил дараалуулан тусгаж, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах чиглэлээр идэвхтэй ажиллаж буйг энд дурдах нь зүйтэй юм.

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж буй салбарын нийт хамт олон та бүхэндээ “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийн мэнд хүргэж, ажил хөдөлмөрт тань өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ аялал жуулчлалыг тэргүүлэх салбарын хэмжээнд хөгжүүлэх их үйлсэд хүн бүр чармайн ажиллахыг уриалж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.