Орон нутгийн сонгуулийн хуулийн өөрчлөлтийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудал байсан бөгөөд хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцууллаа.
Есдүгээр сарын 14-ний өдөр УИХ-аас баталсан Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд сонгуулийг холимог хэлбэрээр буюу хувь тэнцүүлэх болон нэг буюу олон мандаттай олонх /мажоритар/-ын хэлбэрээр явуулахаар заасан. Тэгэхдээ засаг захиргааны нэгж бүр иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөлтэй байх зарчим баримталсан.
Гэтэл дээрх хуульд заасны дагуу нийслэлийн дүүрэг бүрт сонгогдох төлөөлөгчдийн тоог тогтооход нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус тус 41 иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчтэй байхаас 14 нь хувь тэнцүүлэх хэлбэрээр, 27 нь хороодоос сонгогдохоор байгаа юм. Харин Баянзүрх дүүрэг 28 хороо, Сонгинохайрхан дүүрэг 32 хороотой тул зарим хороо Иргэдийн Хурлын төлөөлөгчгүй болоход хүрч байгаа аж. Иймээс асуудлыг нэг мөр болгон шийдвэрлэх зайлшгүй шаардлагын үүднээс хуулийн 4 дүгээр зүйлийн зарим заалтад нэмэлт оруулан зохицуулахаар төсөлд тусгаснаар сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тухайн сум, дүүргийн бүх баг, хорооноос төлөөлөлтэй байх нөхцөл бүрдэх юм.
ТББХ-ны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцээд Байнгын хорооны олонх гишүүн дэмжсэнийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа танилцуулсан бөгөөд хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт тавих, санал хэлэх гишүүд байгаагүй тул төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76,3 хувийн саналаар төсөл дэмжигдэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүллээ.