Ц.Шаравдоржийг чөлөөлж, Б.Болдбаатарыг томилогдлоо
Ц.Шаравдорж, Б.Болдбаатар
2012.11.08

Ц.Шаравдоржийг чөлөөлж, Б.Болдбаатарыг томилогдлоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2012.11.08/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 80.4 хувийн саналаар дэмжиж ёсоор болгосон.

Түүнчлэн УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг, УИХ-ын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг  үндэслэн УИХ-ын даргаас УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Бямбадоржийн Болдбаатарыг томилуулах санал гаргасныг гишүүд дэмжиж, шинэ дарга томилогдлоо.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлөх, томилох асуудал чуулганаар ийн хэлэлцэж шийдвэрлэгдсэний дараа  УИХ-ын дэд дарга С.Баярцогт шинэ хуучин дарга нар ажил хүлээлцэхэд нь байлцлаа. 

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан  Ц.Шаравдорж тамгаа шилжүүлэхдээ, “ УИХ-ын Тамгын газар Монгол төрийн хууль тогтоох үйл ажиллагааг хэвийн явуулахын төлөө  хоёргүй сэтгэлээр зүтгэдэг төрийн захиргааны мэргэшсэн алба. Өнөөдөр УИХ-ын Тамгын газрын даргын үүрэгт ажлыг хүлээн авч буй Б.Болдбаатарыг сайн ажиллана гэдэгт итгэж байна. Учир нь өөрөө УИХ-ын тогоонд олон жил ажиллаж, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд юу дутагдаж, шийдвэрлүүлэх зохилтой байгааг мэднэ. Үе үеийн Тамгын газрын ажилтнууд үүргээ сайн биелүүлж байсныг хэлэх байна.

Таны удирдлаган дор 220 гаруй ажилтан, албан хаагч эв санаагаа нэгтгэн ажиллана. Сайн хамт олон үлдээж байгаа гэдгээ бардам хэлэх байна.

Гэхдээ өнөө цагийн шаардлагаар УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааг улам сайжруулах, чадавхижуулах нөхцөл байдал зүй ёсоор үүсч байгаа гэдгийг өөрт тань захих байна. Таны ажилд өндөр амжилт хүсье” гэв.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, “ УИХ-ын Тамгын газар зөвхөн хууль тогтоох байгууллагын арын албыг хариуцаад зогсохгүй парламентын үйл ажиллагааг чиглүүлэгч “уураг тархи” нь юм. Ц.Шаравдорж дарга маань Монголын нэртэй, шилдэг хуульчдын нэг гэдгийг хэлмээр байна. Таны хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлж барашгүй юм. Танд эрүүл энх,  ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе” хэмээлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.