УИХ-ын сонгуулийн үеэр ийм хэрэг гарсан тохиолдолд хариуцлага тооцно
Монгол улсын УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн З.Энхболд, С.Эрдэнэ нар өнөөдөр өргөн барилаа.
Сонгуулийн хууль дүрмийг ноцтой зөрчиж байгаа этгээдэд хүлээлгэх хариуцлага сул байгаа учраас хуульд өөрчлөлт оруулах замаар сонгуулийн үеэр гардаг хууль бус байдал, ноцтой зөрчлийг арилгах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах буюу авахаар завдахыг Үндсэн хуулиар хориглосон тул тийм үйлдэл бүрт гэмт этгээд хууль зүйн хатуу хариуцлага хүлээх ёстой гэж төсөл санаачлагчид үзсэн байна. Иймээс хуульд заасан журмаас өөр аргаар төрийн эрх мэдлийг улс төрийн нэг хүчнээс нөгөө хүчинд шилжүүлэн авсан буюу авахаар завдсаныг хууль бус гэж үзэхээр хуулийн төсөлд тусгажээ.
Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл хуулийн төслийг хүлээн аваад сонгуулийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц мөнгөний амлалт, эд материал тараах зөрчил сонгуулийн үеэр гардаг. Ийм зөрчлийг арилгах нь шударга сонгууль явуулах нэг хүчин зүйл болохыг онцлоод цаашид УИХ-ын сонгуулийн үеэр ийм хэрэг гарсан тохиолдолд хариуцлага тооцдог байх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.