Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ач холбогдол бүхий  ашигт малтмалын ордын жагсаалтад нэмж оруулахаар боллоо
Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн нүүрсний орд. Жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа.
2012.11.19

Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад нэмж оруулахаар боллоо

Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ордод хамааруулах тухай асуудлыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Орон нутгийн иргэдийн зүгээс Хөшөөтийн уурхайг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах тухай хүсэлтийг төр, засгийн удирдлагуудад байнга тавьдаг.

Ашигт малтмалын тухай хуульд зааснаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсвэл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлдэг.

2011 онд 7,3 тэрбум төгрөгийн төлбөр төлөвлөж байсан нь 4,3 хувь болж, цаашид олборлолт өсөхөд 5 хувиас дээш гарахаар байна.

Хүчин чадлын бусад үзүүлэлт, үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээгээр Хөшөөтийн орд нь стратегийн ач холбогдол бүхий ордын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангаж байна.

Иймд УИХ-ын 2012 оны 27 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулж, стратегийн ордод хамааруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн сайдад даалгалаа.