“Саутгоби сэндс” ажилчдаа алдсанаа харамссан гэв
“Хар алт” олигтой үнэлэгдэхгүй байсаар ирэх оныг угтах гэж байна. Хэдийгээр энэ оны сүүлээр нүүрсний үнэ сайжирна гэж шинжээчид хэлж байсан ч компаниуд итгэл найдвараа алдаж эхэлжээ.
Дэлхийн олон оронд нүүрсний компаниуд үүдээ барьж, ил үүдэл нүүрсээ хямдхан ч хамаагүй зарахыг эрмэлзэж байна. Нүүрсний үнийн уналтаас үүдэлтэй энэхүү хямрал Монголд ч үргэлжилж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай нүүрс олборлогч компаниуд тээврийн зардал, татвар зэргээс илүү гарах ашиг олж чадахгүйд хүрсэн тул эхнээсээ хаалгаа барихдаа тулж байгаа юм. Тэдний жагсаалтыг “Саутгоби сэндс” компани тэргүүлж байна. Тус компанийн хувиас худалдаж авахыг тэгглээ эрмэлзэж байсан “Чалко” хүртэл өнөөдөр байр сууриасаа ухарч, чимээ алдарлаа.
Канадын “SouthGobi Resources” нь Өмнөговийн Овооттолгойн нүүрсний ордод олборлолт явуулдаг байсан билээ.
Нүүрсний зах зээл сайжрахгүй байгаатай холбоотойгоор тус компани өнгөрсөн дөрөвдүгээр сард Овоот толгойн уурхайн олборлолтыг зогсоогоод байсан юм. Байдал удахгүй сайжирна гэсэн итгэлээр хүлээсэн боловч найдвар харагдахгүй байгааг компанийн удирдлагууд нь хүлээн зөвшөөрчээ. Тиймээс ажилтнуудаа цөөлөх шийдвэрийг гаргахаас өөр аргагүйд хүрснээ учирлав. Олборлолт зогссонтой холбоотойгоор 200 гаруй ажилтнаа цомхотгох шийдвэр гаргасныг нь ажилтнууд нь эсэргүүцэж, үйлдвэрчний эвлэлдээ хандсан. Үүний дараагаар “Саутгоби сэндс” компани энэ асуудалтай холбогдуулан мэдэгдэл гаргасан байна. Түүндээ итгэлт ажилчдаа алдаж байгаадаа туйлаас харамсч байгаагаа онцолсон байв.
Мэдэгдэлд бичсэнийг тодруулбал, “Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж, нүүрсний борлуулалт зогсонги байдалд орсноос үүдэн Овоот толгойн уурхайн үйл ажиллагаа энэ оны хоёрдугаар улирлаас хойш сул зогсолтод шилжээд байгаа билээ. Ойрын ирээдүйд нүүрсний зах зээл сайжирч, уурхайн үйл ажиллагааг бүрэн хүчин чадлаараа хэвийн үргэлжлүүлэх төвшинд хүрнэ гэсэн хандлага өнөөдрийн байдлаар ажиглагдахгүй байна. Иймд компанийн цаашдын тогтвортой үйл ажиллагааг хангах үүднээс нийт ажилчдынхаа тоог багасгах амаргүй шийдвэрийг компанийн удирдлагууд гаргаад байна.
Компанийн зүгээс орон тооны цомхотголд хамрагдаж буй ажилчдад энэ талаар мэдэгдсэн бөгөөд энэ үйл явцын туршид удирдлагын зүгээс шаардлагатай бүхий л тусламж, дэмжлэгийг холбогдох хууль, эрхзүйн хүрээнд үзүүлэх болно. Компанийн хувьд зайлшгүй шаардлагын улмаас өөрийн үнэт баялаг болох зарим итгэлт ажилтан, албан хаагчдаа алдах болсондоо туйлын харамсч байна” гэжээ.
Тэгэхээр цаашид Овоот толгойн үйл ажиллагаа сэргэх эсэх нь бүр ч бүрхэг боллоо.
Нүүрсний үнээс болж олборлолтоо зогсоож магадгүй байгаа дараагийн компани бол “Професси Коал”. Канадын хөрөнгө оруулалттай тус компани Улаан-Овоо төслөө цуцалж мэдэхээр байгааг хэвлэлд мэдээлсэн. Оросод гаргах экспорт нь туйлын удаан, ашиггүй шахам байгаагаас ийм шийдвэр гаргаж байгаа гэнэ.
Тэд Хэнтий аймгийн Чандгана ордыг түшиглэн цахилгаан станц барих том зорилтттой. Гэвч Монголын Засгийн газартай нүүрсний үнэд тохирч чадахгүй бол энэ төсөл хэрхэх нь бас л бүрхэг байна гэв. Хэрэв “Саутгоби сэндс” шиг бууж өгвөл дахин олон ажилтан цомхотголд өртөж магадгүй бололтой. Ийнхүү Монголд томоохон төсөл хэрэгжүүлдэг нүүрсний компаниуд “хар алт”-ны ирээдүйд тийм ч итгэлтэй бус байна.