Монгол, НАТО-гийн хамтын ажиллагааны талаар санал солилцов
Монгол улсын Их Хурлын гишүүн, Сайд Л.Болд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, элчин сайд А.Вершбоугийн хамт.
2012.12.06

Монгол, НАТО-гийн хамтын ажиллагааны талаар санал солилцов

Брюссель хотноо энэ сарын 5-нд болсон НАТО-гийн гишүүн болон Афганистан дахь Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчний ажиллагаанд (АБДОУХА) цэрэг илгээгч орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад Гадаад харилцааны сайд Л. Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Тус уулзалтад АБДОУХА-нд цэрэг илгээгч НАТО-гийн 28 гишүүн, 22 түнш улсын Гадаад хэргийн сайд, Элчин сайд нар оролцож, Афганистаны аюулгүй байдлын орчин, олон улсын ажиллагааны цагийн байдал, ололт амжилт, сорилт зэргийн талаар болон Афганистаны аюулгүй байдлыг хангах үүргийг эвслээс афганистаны талд шилжүүлж буй үйл явцын тухай мэдээлэл хийв.

Энэ үеэр сайд Л.Болд үг хэлж, олон улсын ажиллагааны ололт амжилтыг сайшаан тус нийгэмлэгийн үйл хэрэгт Монгол Улсын оруулсан хувь нэмэр, өнөөгийн байдал, 2014 он хүртэлх болон цаашдын оролцооны талаар мэдээллээ.

Монгол Улс 2003 оноос хойш Афганистаны аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд тууштай оролцсоор ирсэн бөгөөд эдүгээ манай 350 цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгааг тэмдэглэв.  

Уулзалтын үеэр сайд Л.Болд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ф.Расмуссентай уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, АБДОУХА-нд оруулж буй манай хувь нэмэр, цаашдын оролцоо, дэмжлэг туслалцааны талаар санал солилцоод Монгол Улсад тааламжтай цагтаа айчлахыг хүсч, урилга гардуулав. Мөн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, элчин сайд А.Вершбоутай хэлэлцээ хийлээ. Түүнчлэн Норвеги, Финланд, Азербайжаны Гадаад хэргийн сайд нартай уулзаж, хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар  ярилцав.

Гадаад харилцааны сайд Л.Болд чуулга уулзалтад оролцож, хоёр талын уулзалт хийсэн нь АБДОУХА-ны талаарх НАТО-гийн бодлого, стратеги болон тэдгээрийн хэрэгжилттэй танилцах, санал солилцох, олон улс болон бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдалд оруулж буй Монгол Улсын хувь нэмэр, Зэвсэгт хүчний оролцоог таниулах, байр сууриа илэрхийлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.