УИХ-ын гишүүний хариуцлагагүй мэдэгдэл 10 сая долларын өртэй тэнцэнэ
1,5 тэрбум ам.доллар 12 сарын 6-ны өглөө Монгол улсын дансанд оржээ
2012.12.07

УИХ-ын гишүүний хариуцлагагүй мэдэгдэл 10 сая долларын өртэй тэнцэнэ

Их Хурлын нэг гишүүний хариуцлагагүй мэдэгдэл 10 сая долларын өр болж Монголчуудын нуруун дээр бууна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Х.Гарамгайбаатар, Ц.Даваасүрэн, Засгийн газрын гишүүн Н.Батбаяр, Ч.Улаан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нартай  өрөөндөө уулзав.

Ерөнхийлөгч хэлэхдээ “Энд хүрэлцэн ирсэн ҮАБЗ-ийн гишүүд, албаны хүмүүсийн энэ өдрийн амгаланг айлтгая. 2012 оны 12 дугаар сарын 3-нд Засгийн газрын үнэт цаасны талаар авах зарим арга хэмжээний тухай гэсэн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нээлттэй зөвлөмж гарсан байгаа. Та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа, Монгол Улс үнэт цаас арилжсан. Мөнгө нь өнөө өглөөний байдлаар Монгол Улсын дансанд орж ирсэн байгаа. Эл асуудлаар ярилцаад зөвлөмж гаргасан юм.

Монгол Улс хариуцлагатай улс болох ёстой.

Хамгийн түрүүнд нэг зүйлийг хэлье. Монгол Улс хариуцлагатай улс болох ёстой. Ерөнхийлөгчөөсөө авахуулаад Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүд, жирийн иргэд бүгдээрээ хариуцлагатай улс болох ёстой. Ялангуяа албаны хүмүүсийн хийж буй мэдэгдэл одоо үнэтэй болсон.
Ер нь олон улсын хөрөнгө оруулагчдыг үргээсэн, буруу мэдээлэл өгсөн, популизм хийсэн улс төр Монголд одоо явахаа болилоо. Хэрвээ тийм юм хийвэл үнэтэй болсон. Ойролцоогоор Их Хурлын нэг гишүүний нэг тийм хариуцлагагүй мэдэгдэл /бондоор бодоход/ 10 сая долларын өр болж монголчуудын нуруун дээр бууна. Таван жилийн дараа 1,5 саяар гээд бодвол 500 сая долларыг нэг өдрийн дотор, арван жилийн дараа тэрбум долларыг шууд нийлүүлэх ёстой.

Өмнө нь бид татварынхаа хуулиар мөнгө цуглуулж, төсвөө бүрдүүлээд дотроо ярьдаг байсан. Одоо бол дэлхий нийтийн өмнө хийж буй алхам бүхэн, хэлж байгаа үг бүхэн чинь хариуцлага дагуулна, тодорхой үр дагавартай шүү гэдгийг хэлэх гэсэн юм.
Бид зөвлөмждөө УИХ-д хандан хоёр заалт оруулсан байгаа. Нэгдүгээрт Засгийн газрын үнэт цаасны зарцуулалт, эргэн төлөлт, тавих хяналтад шаардагдах нэмэлт эрх зүйн орчинг УИХ-ын намрын чуулганд багтаан бүрдүүл гэсэн. Өөрөөр хэлбэл одоогийн чуулганд багтаан бүрдүүлэх ёстой. Засгийн газар, хариуцаж буй сайд нарын зүгээс энэ хуулийн төслийг оруулж ирэх хэрэгтэй.

Энэ дотроо хариуцлагын асуудлыг их тодорхой зааж өгөөрэй. Дээр нь Засгийн газрын үнэт цаасны зарцуулалт, төслийн сонголт, хэрэгжүүлэлтэд тавих хяналтыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, мөн үнэт цаасны үйлчилгээ, хүүгийн болон үндсэн төлбөрийг барагдуулах, түүнийг төсвийн эх үүсвэртэй уялдуулахад тавих хяналтыг УИХ-ын Төсвийн байнгын хороо хэрэгжүүлнэ гэж заасан.

Хоёрдугаарт Монгол Улсын Засгийн газарт хандсан заалтууд байгаа. Засгийн газрын үнэт цаасыг арилжаалах замаар бүрдүүлсэн хөрөнгийн эх үүсвэрээс төсөл, хөтөлбөр сонгон санхүүжүүлэх асуудлыг тухай бүр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж бай. Хэлэлцсэн дүнгээ УИХ-ын даргад бичгээр мэдэгдэж бай гэсэн. Энэ бол УИХ-д мэдэгдэж бай гэсэн үг.

Бичгээр ирсэн мэдээллийг УИХ-ын дарга УИХ-ын гишүүд, холбогдох байнгын хороодод өгнө гэж ойлгож байгаа. Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлэх хөрөнгөөр юуг санхүүжүүлэх ёстойг тодорхой зааж өгсөн. Монгол Улсын эдийн засгийн бие даасан, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн, үр ашиг, эргэн төлөгдөх баталгаа бүхий дэд бүтэц, үйлдвэрлэлийн төсөл, хөтөлбөрүүдийг тэргүүн ээлжинд санхүүжүүлнэ. Юунд зарцуулж болохгүйг бас заасан. Нэгд төсвийн алдагдлыг нөхөх, хоёрт төсвийн урсгал зардал, тэр дундаа нийгмийн халамжийн аливаа үйлчилгээнд зарцуулж болохгүй.

Нийгмийн халамжийн аливаа үйлчилгээнд зарцуулж болохгүй.

Ер нь УИХ-аас өмнө нь Засгийн газрын үнэт цаас, бонд гаргах тухай тогтоол гарч байсан.

Түүнд бас тодорхой заалт бий. Энэ бүхэн хоорондоо уялдаж байгаа гэдгийг хэлмээр байна. Хамгийн гол заалтын нэг бол тухайн мөнгө, хөрөнгөтэй холбоотой эрсдэлийг багасгах талаарх заалт. Энэ хөрөнгөөс нэг төсөл, хөтөлбөрт хийх санхүүжилт тухайн төслийн нийт санхүүжилтийн 1/3-ээс хэтрэхгүй байна гэдгийг зааж өгсөн.

Бүгдийг санхүүжүүлчихвэл алдагдал болох магадлалтай. Тиймээс энэ нь Засгийн газрын нэг доллар дээр хоёр долларыг та бүхэн өөрсдөө олох ёстой гэсэн үг. Хувийн болон гадаадын хөрөнгө оруулалтаас олно. Иймээс хөрөнгө оруулалтын орчинг бид сайжруулах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт нь зээл биш учир ямар ч эрсдэлгүй шүү дээ.

5 жилийн дараа 1,5 саяар гээд бодвол 500 сая долларыг нэг өдрийн дотор, арван жилийн дараа тэрбум долларыг шууд нийлүүлэх ёстой.

Дансанд орж ирж байгаа энэ мөнгийг бол бид төлнө. Өнөөдрөөс эхлээд хүү нь бодогдож байгаа. Жилдээ дал орчим сая долларын хүү төлөх ёстой. Таван жилийн дараа 1,5 саяар гээд бодвол 500 сая долларыг нэг өдрийн дотор, арван жилийн дараа тэрбум долларыг шууд нийлүүлэх ёстой. Тэгэхээр маш хурдан үр ашгаа өгөх төсөлд эрсдэлгүйгээр энэ мөнгийг зарцуулах учиртай.
Үүсч болох эрсдэлийг тооцож, эрсдэлийн удирдлагын механизмыг бүрдүүлэхийн тулд бодлогын зөвлөл байгуулж ажилла. Эдийн засгийн чиглэлийн яамд /тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яам, Үйлдвэр. хөдөө аж ахуйн яам, Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн яам/, Монголбанк, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны удирдлага, бие даасан шинжээчдээс бүрдсэн Бодлогын зөвлөл байгуул гэсэн байгаа. Дээр нь Засгийн газар, холбогдох албан тушаалтнууд орох хэрэгтэй.
Дараачийн гол гэж үзэж буй заалт бол төсөл хөтөлбөрийн сонголт ил тод, хариуцлагатай байх тухай юм. Энэ нь заасан цаг хугацаандаа хэрэгждэг, иргэний хяналт дор явагддаг байх ёстой.

Засгийн газрын бодлогын залгамж чанар хадгалагдах ёстой. Дараагийн Засгийн газар сонгуулиар гарч ирээд “Энэ буруу” гэх асуудал байх ёсгүй. Нэг үгээр үүнийг төрийн хар хайрцагны бодлого гэж ойлгох хэрэгтэй. Тэр улс авсан, бид төлөхгүй гэсэн асуудал байхгүй.

Заавал төлөх ёстой. Төлөхгүй бол Монгол Улсын бонд дахин өөр улс, хүнд зарагдаад өөр нэгний эрхшээлд орох аюул бий. Ер нь улсынхаа нэр хүндээр дэнчин тавьж авч буй өр шүү гэдгийг хэлье.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмждөө тодорхой хяналт тавьж ажиллах ёстой. Энд ажлын алба, нарийн бичгийн дарга гээд албан тушаалтнууд бий. Тиймээс тодорхой заалт оруулсан байгаа. Аль аль талдаа ил тод байх ёстой.

Авлигын болон албан тушаалын үйлдэл, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгахын тулд энэ ажиллагаан дээр холбогдох хууль хяналтын байгууллагууд хяналт тавьж ажиллана. Ийм заалтыг зөвлөмжид оруулсан байгаа. Төгсгөлд нь энэ мөнгө төлөгдөнө, Монгол Улс хариуцлагатай улс болох ёстой гэдгийг дахин хэлье” гэв.
Ийнхүү мэдээлэл хийснээр уулзалт өндөрлөлөө.