Хавдаргүй Монголын төлөө
50-60 насны иргэдийн 53,4 хувь нь тамхи татдаг
2012.12.10

Хавдаргүй Монголын төлөө

Өвөөгийн минь алдааг битгий давтаарай

“12 сарын 5-ны орой ажлаа тараад микро автобусанд суугаад элдвийг ажин явах зуур Монголын үндэсний радиогийн Хурд агентлагийн мэдээллийн хөтөлбөр анхаарал татах нь тэр ээ. Чих тавин сонстол “Хавдар судлалын үндэсний төв”, “МҮОНРТ”, “Хаан банк” сангаас зохион байгуулж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы талаар мэдээлж байв. Аяны хүрээнд 40.000 иргэн хавдрын үзлэг оношлогоонд хамрагджээ. Тэдгээрийн тал хувь нь суурь өвчтэй байсан бөгөөд 6 хүн тутмын нэг нь хавдрын /хортой, хоргүй/ урьтал шатандаа явааг тогтоожээ.

Аяны ачаар 4000 гаруй иргэн хавдраа эрт оношилсон нь яамай даа. Гэхдээ бидний ээж аав, эмээ өвөө нар өөрийн биеэ тэр бүр хайхарч, үзлэг шинжилгээнд хамрагдаад байдаггүй гэдгийг бодоход таагүй байлаа. Радиогийн мэдээ надад хайртай өвөөг минь гэнэт бодогдуулсан юм.

Өвөө маань нутаг усандаа алдартай найрын ахлагч, хуримын зууч, хөнгөн атлетикийн тамирчин, шатрын мастер хүн байж билээ.

Их олон төрлийн авьяастай гэж жигтэйхэн. Мэдэхгүй чадахгүй зүйл үгүй. Үсний хайч, хэвийн боовны хээ гаргагч гээд юмханаар юм хийж чаддаг агуу хүн байлаа.  Хол ойрын хүмүүс дандаа өвөөгийнхөөр орж гарч, ёс заншил асууж, сайн үйлд дуудан залдаг байсансан.

Төвд номонд гаргуун болохоор дандаа л амандаа маань хэлэн эрхи эргүүлнэ. Өвөө маань нас барахынхаа өмнөхөн намайг дуудаж, өнөөг хүртэл хичнээн маани мэгзэм уншсанаа тоолуулж билээ. Тэр үед би зургадугаар ангийн хүүхэд байсан. Одоо санахад тэрээр нэгэн маанийг 20 сая удаа уншсан байсан санагдана. Тэдгээр уншсан маань өвөөгийн минь үр хүүхэддээ үлдээсэн буян хишиг.

Өнөөг хэр нь би өвөөгийн нас барсан шалтгааныг мэдээгүй. Бага байсан болохоор ч тэр үү өндөр настай болохоороо өнгөрчихсөн гэж бодсон. Саяхан би ээжээс өвөөг уушигны хорт хавдар өвчнөөр өнгөрснийг олж мэдээд их цочирдсон. Яагаад гэдгийг ойлгоогүй. Учир нь өвөө маань одоогийнх шиг улаанбаатарын утаанд амьдраагүй, өглөө болгон дасгал хийдэг, цаг нартай идэж уудаг, хөнгөн атлетикийн тамирчин хүн байсан. Гэтэл яагаад уушигны хорт хавдар туссаныг гайхаж байлаа. Ийн бодох зуур өвөөгийн минь гэрийнхээ хойморт суугаад гаанс зууж, тамхины утаа баагуулдаг төрх нь санаанд орлоо. Нээрээ, тийм тамхийг хар балчираасаа л эхлэн татсан гэж ярьдаг байсан шүү дээ. Бараг 50, 60 жил татсан болж таарав.

Тэгэхээр өвөөд маань ганцхан хорт зуршил байсан нь түүнийг уушигны хорт хавдраар өвчлөхөд хүргэжээ.

Хүн төрөлхтөний түүхийг сөхөхөд тамхи бий болохоос өмнө  уушигны хавдар ховор тохиолддог байжээ. Анагаах ухааны зарим номонд 1810 оноос эхлэн уушигны хавдрыг оношилж эхэлсэн гэж үздэг . Өнөөдөр 2012 онд хүн төрөлхтөн тамхины хор уршгийг гурван үеийн түүхээрээ мэддэг болсон гэхэд хэтрүүлэг болохгүй.

Тамхинд агуулагдах маш олон төрлийн хортой бодисууд нь уушигны эсүүдийг гэмтээдэг. Улмаар энэ нь удаан хугацаагаар үргэлжилбэл хорт хавдарт шилждэг байх юм.

Хавдартай болох эсэх нь  хүн хэдэн наснаасаа эхлэн хэр удаан хугацаагаар татсан, өдөрт хичнээн тамхи хэрэглэдэг, тамхинд хэр гүн орсон зэргээс хамаарч үүснэ. Тэгэхээр өвөө маань 50 гаруй жил тамхины хорыг биедээ шингээж байжээ.

Тамхины хор уршгийг харьцуулж харуулав

Тамхины утаанд никотин, угаарын хий зэрэг 4000 гаруй химийн бодис, хорт хавдар үүсгэдэг 43 бодис агуулдаг. Эдгээр нь хүний биеийн эсийг хувирган өөрчлөх чадалтай. Нэг ширхэг тамхинд 15-20 миллиграм никотин байдаг бөгөөд ширхгийг татахад 1-2 миллиграм никотиноор амьсгална гэсэн үг. 50-60 миллиграм никотин таныг үхэлд хүргэх аюултай. Угаарын хий нь цусны улаан эсийн хүчилтөрөгч тээвэрлэх чадварыг бууруулдаг. 

 Уушигны хавдраар өвчлөгсдийн 87 хувь нь тамхинаас хамааралтай өвчилсөн байдаг. Тамхи үнэхээр таалах үнэргүй, тамын бүтээл ажээ.

Гаансаар болон янжуур татах нь уушиг, амны хөндий болон бусад олон төрлийн хавдарыг үүсгэх  хүчин зүйл болно.

Тамхи татаад таваас арав орчим жил болж байгаа бол таны биеийн байдал ямар байх вэ?

  • Амнаас тамхины үнэр үнэртэнэ
  • Үс, хувцсанд тамхины утаа шингэнэ
  • Шүд, хуруу, гар шарлана
  • Тархины хүчилтөрөгчийн хангамж багасна
  • Уушгины хүчилтөрөгчийн хангамж муудна
  • Амьсгал өнгөц болно
  • Зүрхний ажиллагаа хурдсаж, цусны даралт ихэснэ
  • Судсыг нарийсгаж, нүүрийг үрчлээтүүлнэ

Харин 10-аас дээш жил татаж байгаа бол тамхины хор таны бүхий л эрхтэн системд нөлөөлөөд зогсохгүй, хорт хавдар үүсгэх гол шалтгаан болчихсон байхыг үгүйсгэхгүй.

Дэлхийн хаана ч ялгаагүй хүмүүс өөрийнхөө төлөө болон хайртай хүмүүсийнхээ тусын тулд тамхинаас гарсаар байна.

Манай улсад жилдээ дунджаар 4200 орчим хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдэж байна. Хорт хавдраас болж жилдээ 3000 хүн  хорвоог  орхиж байна.

Та жилдээ нэгээс хоёр удаа эмчид үзүүлж зохих шинжилгээ хийлгэвэл хавдрыг эрт илрүүлж, төгс эмчлүүлэх боломжтой. Мөн тамхиа хаях нь хамгийн зөв арга шүү. Өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хүмүүс тамхинаас гарсаар байна. Та бүхэнд өөрийгөө ялагчдын сэтгэгдлийг хүргэе.

 64 настай эмэгтэй Х: “Анх 14 настай байхдаа найз нартайгаа нийлэн татаж эхэлсэн. Өдөрт 5-6 ширхэгийг татаж байсан бол сүүлдээ өглөө өлөн элгэн дээрээ, хоолны дараа, унтахын өмнө, завсарлагаанаар гэх мэтээр боломж гарвал татдаг болсон. Би хүсвэл хаяж чадна гэж бодож байсан. Харин жирэмсэн болоод тамхинаас гарсан ч гурван жилийн дараа эргээд орсон. Миний бие их өвдөж, судас бүдүүрч, даралт байнга хэлбэлздэг болсон. Их бөгшүүлж ханиалгана. Тэгээд эцэст нь өөрийнхөө эрүүл мэндийн төлөө тамхинаас гарахаар эргэлт буцалтгүй шийдсэн. Одоо тамхи татаагүй 10 жил болж байна.

Хүсвэл тамхинаас гарч болно. Хамгийн гол нь маш чухал шалтгаан олох хэрэгтэй. Тамхинаас гарах арга олон бий. Тэдгээрээс өөртөө тохирохыг нь сонгоорой. Тамхинаас гарсан хvний хувьд хэлэхэд, эхний 5-7 хоног л хамгийн хүнд юм билээ. Хэрэв нэг өдөр тамхи татаагvй бол өөртөө "Би бүтэн өдөр тамхи таталгvй байж чадсан юм чинь дахин нэг өдөр тэсэж чадна" гэж хэлж урам зориг өгч, өөрийгөө цэнэглэх хэрэгтэй.

Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа:

“Би уушиг жаахан муутай. Тэгтэл миний зээ саяхан төрсөн юм. Зээгээ үнсэж байх гэж тамхинаас гарсан даа. Үнэхээр их хүсвэл тамхинаас гарч болдог юм билээ ”.

Өмнөговь аймгийн засаг дарга: Б.Бадраа

24 настай Ө: “Манай аав 15 наснаасаа тамхи татаж эхэлсэн. 45 насандаа тамхинаас гарч чадсан. Аав маань явган явахдаа их амьсгаадаж, ханиалгаж, уушгаар нь хөндүүрлэж өвддөг байсан. Тасралтгүй 3 минут ханиалгана. Харин одоо тамхиа хаяад тэгэж их ханиалгахаа больсон. Өөрөө ч тамхинаас гарсандаа их баяртай байгаа. Тэр өөрийгөө ялаад таван жил болж байна. Би ааваараа бахархдаг”.

Монголчуудын хувьд ийм туршлагатай байгаа бол гадаадын олны танил хүмүүс яаж тамхинаас гарсныг сонирхуулья.

Жүжигчин Сильвестр Сталлоне: Боксчин Роккигийн тухай кино хийж байх үедээ тамхинаас гарчээ. Зураг авалтын үеэр тэр дэвжээн дээр бахардаж унасан бөгөөд өөртөө анализ хийж тамхинаас гарахаар шийджээ.

Алдарт жүжигчин Sylvester Stallone маань Rocky киноны зураг авалтын үеэр

Жулиа Робертс: Жирэмсэн болсноо мэдээд ирээдүйн хүүхдийнхээ төлөө  тамхинаас татгалзсан.

Julia Roberts: Миний сайн найзын хурим кино

Панелопа: Тамхи хоолойны өнгийг өөрчилдөг гэдэг яриа жүжигчинд нөлөөлжээ. Тэрээр дуулалт жүжигт тоглох үеэрээ хоолойных нь өнгө өөрчлөгдөөд дуулж чадахгүй болчихвий гэж айхдаа тамхинаас гарчээ.

Үнэндээ гучин жил тасралтгүй тамхи татсан тохиолдолд хүний хоолойны өнгө мэдэгдэхүйц өөрчлөгддөг гэсэн баримт бий.

Өвөө маань их сайхан дуулдаг байж билээ.

“Эрдэнэ засгийн унага нь ээ

 Эрвэгнүүлэн жороотой доо

Элстэй манханаар нутагтай

Эмгэн буурал ээжтэй дээ” хэмээн хүнгэнэтэл сайхан дуулаад л зочдын сэтгэлийг хөвсөлдүүлдэг байсансан. Мэдээж тамхи түүний хоолойг өөрчлөх хүртэл сайхан байсан. Өвөөгийн минь алдааг битгий давтаарай.

Энэ бүхнийг уншаад та тамхинаас гарахаар шийдсэн бол уушигны хавдраар өвчлөх эрсдлээ бууруулж байгаа шүү. Тиймээс танд сонголт байна. Тамхи татахаа болихыг тамхинаас гарсан гэж үзэхгүй. Та бүрэн гарч, хордохгүйн тулд бусад хүмүүсийг дэргэдээ бүү тамхи татуулаарай. Өөрөө татаагүй ч, дам тамхидалтын золиос болох хэрэггүй. Түүнчлэн чанартай хоол хүнс хэрэглэхийг хичээж, архи согтууруулах ундааг багасгаж, дасгал хөдөлгөөн хийх нь өөрийнхөө төлөө хийж байгаа хамгийн сайн зүйл. Ганцхан хорт зуршил, амьдралын буруу хэвшил өвөөд маань хэрхэн нөлөөлснийг та бүхэн харж байгаа биз ээ. Алдааг давтах хэрэггүй. Бүх хүн эрүүл саруул, сайхан амьдрах боломжтой.

Амьдралаа хүссэнээрээ өөрчлөх боломжтой. Харин тоостой орчинд ажилладаг бол амны хаалт зүүж өөрийгөө хамгаалах нь чухал. Хавдар хэмээх өвчин нь хүний биед өвчин зовиургүйгээр маш удаан хугацаанд бүрэлддэг. Чимээгүй ирдэг, уулзахыг хүсэхгүй зочинтой адил гэсэн үг.

Орчин үеийн хүмүүс эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, өөрт тохирсон мэдээллээ интернэт ашиглан судлах болсон. Хавдраас сэргийлэхийг хүсвэл хорт зуршлаа орхиж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, өдөр бүр өөртэй итгэлтэй, эрүүл гэдгээ мэдрэн эрч хүчтэйгээр амьдраарай.

Гэхдээ заримдаа хүмүүс өвчнөөс сэргийлэх их мэдээлэлтэй байдаг хэрнээ хавдраар өвчлөх тохиолдол бий. Энэ нь хүн зөв мэдлэг, мэдээллээ өөрийн амьдралдаа зуршил, дадал болгож чадахгүй байгааг харуулж байгаа юм. Мэдээж муу зуршлаас салах амаргүй. Гэхдээ та өөрийгөө ялж чадвал түүнээс илүү сайн зүйл үгүй.