Египетийн иргэд ерөнхийлөгчөө "орчин цагийн фараон" хэмээжээ
Арабын хувьсгалд нэгдсэн Египет улсын энгийн иргэд шинэ Ерөнхийлөгчийн баталсан Үндсэн хууль болон исламистуудыг эсэргүүцэн жагссаар байна.
2012.12.10

Египетийн иргэд ерөнхийлөгчөө "орчин цагийн фараон" хэмээжээ

Жагсаалын оргил хэсэг Ерөнхийлөгч М.Мурсиг дэмжигч исламичтууд болон тэднийг эсэргүүцэгчид нарын дунд өрнөж 380 гаруй хүн шархдаж, найман хүн амиа алдаад байна.

 

Тодруулбал, Египетийн “исламист” тодотголтой Ерөнхийлөгч М.Мурси өнгөрсөн бямба гаригт нам, улс төрийн хүчнүүд, олон нийтийн төлөөллийг хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалсан талаар CNN агентлаг уламжиллаа. Ажиглагчид түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, олон нийтийн өмнө хууль бус үйлдэл гаргасан гэдгийг үгүйсгээгүй юм. Түүний гаргасан шийдвэрийн улмаас өнгөр­сөн долоо хоногийн пүрэв гарагаас нийслэл Каир хотод эсэр­гүүцлийн жагсаал, цуглаан үргэлжилсээр байв. Ерөнхийлөгчийг дэмжигчид болон эсэргүүцэгчид нарын хоо­ронд ширүүн мөргөлдөөн хэд хэдэн удаа болж, нийгэмд эмх замба­раагүй байдал үүсээд байгаа. Ул­маар Египетед олон нийтийн үйл ажиллагаа, дэлгүүр хоршоо бүгд үүд хаалгаа барьж жирийн иргэд айдас дунд өдөр хононгийг өнгөрөөсөөр байна.

"Энэ сарын 15-нд Египетийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсны дараа батлагдах юм бол бүх хүн уг шийдвэрийг дагах ёстой" хэмээжээ. 

Ерөнхийлөгч М.Мурси жагсагчдын санаа бодлыг үл ойшоосон утга бүхий мэдэгдэл хийсэн нь жагсагчдын бухимдлыг бадраасан аж.

Тэрбээр “Энэ сарын 15-нд Египетийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсны дараа батлагдах юм бол бүх хүн уг шийдвэрийг дагах ёстой” хэмээжээ. Энэ үеэр эсэргүүцэгчид “Исламын ахан дүүс” намын төв байрыг нураан, галдан шатаасан юм. Хүчнийхэн жагсагчид хоо­ронд ширүүн мөргөлдөөн болж долоон хүн амиа алдаж, 650 гаруй хүн бэртэж гэмтсэн талаар эмнэл­гийн төлөөлөгч мэдэгдсэн аж.

Ерөнхийлөгчийн ордон руу дайрсаны дараа Египетийн цагдаа, цэргийнхэн танк болон хуяагтуудаа Ерөнхийлөгчийн ордны ойролцоо байрлуулсаад байна. Улмаар 100 гаруй жагсагчийг баривчлан эрүү шүүлт хийж буй талаар “Аль-Жазира” уламжлав. Үүний хариуд Каир хотын төв дахин эсэргүүцлийг жагсаал болж “М.Мурси өөрийн түрэмгийлэлээ зогсоо” гэсэн уриа лоозонтой эсэргүүцэгчид дүүрсэн байлаа.

Асуудал бүр хүндрэх тусам Египетийн дэд ерөнхийлөгч М.Мекки сөрөг хүчинд болон жаг­сагчдад  хандан яриа хэлцэлд орохыг уриалсан. Харин жагсагчид болон сөрөг хүчний төлөөлөгчид үүнийг огтхон ч хүлээн авсангүй. Өнгөр­сөн долоо хоногийн баасан гарагт 10 мянга гаруй исламист  “Египет болон Ерөнхийлөгч М.Мурсийг Аллах бурхан ивээх болтугай” хэмээн уриалжээ. Тэд Ерөнхийлөгчийн ордны дэргэд эсэргүүцлийн суулт хийсэн боловч исламистууд болон М.Мурсийг эсэргүүцэгчид тэдэн рүү дайрч ширүүн мөргөлдөөн болсон юм. Сөрөг хүчний тэргүүн, Нобелийн энх тайвны шагналтан Мохаммед Аль Барадей “Ард түмэн минь тайван бай. Эсуудлыг ийм байдлаар шийдэж болохгүй. Эв зүйгээ олох нь асуудлаас гарах цорын ганц гарц. Хэдийгээр нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн Ерөнхийлөгч ард түмний өмнө буулт хийх л болно” хэмээжээ.

Өчигдрийн байдлаар Каир хотноо цэргийнхэн болон цагдаагийн бие бүрэлдэхүүн төрийн мэдлийн яам, агентлагуудын байрыг бүрэн хамгаалтад аваад байгаа.

Эсэргүүцэгчдийг либерал, ард­чилсан хөдөлгөөнийхөн Ерөнхийлөгчийн ордны дэргэд “Red Card” буюу “Улаан карт” нэр­тэй ажиллагаа явуулахаар төлөв­лөсөн боловч исламистуудын мөргөл­дөөний улмаас түр хойшлоод байгаа юм. Эрх баригчид “Үндсэн хуулийн санал асуулгыг хойшлуулж магадгүй” талаар өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн. Өнгөрсөн сарын 22-ний өдөр М.Мурси Египетийн Үндсэн хуулийн шинэ тунхаг гэгчийг гаргаж, Ерөнхийлөгчийн эрх мэдэлд хууль тогтоох эрхийг аван, Үндсэн хуулийн Зөвлөлдөх зөвлөлийг болон гол хуулийг боловсруулж байсан комиссыг хянах үүргийг болиулсанаас ийнхүү эсэргүүцлийн жагсаалын суурь бий болжээ. Улмаар  ардчилсан хүчнийхэн  Ерөнхийлөгчийн тунхагийг “төрийн эргэлт” хэмээн дүгнэсэн бол иргэд М.Мурсийг “Орчин цагийн Фараон” хэмээжээ. Эсэргүүцлийн жагсаал, нийгэм дахь эмх замбараагүй байдлаас болж М.Мурси өөрийн эрх мэдлийг өргөжүүлсэн зарлигаа цуцалсан талаар “Agence France Presse” агентлаг мэдээлсэн.

Залуучуудын “Дөрөвдүгээр сарын зургаан” нэртэй хүчнийхэн “Үндсэн хуулийг өөрчлөх хүртэл эрх баригчдыг, төрийн зарим газруудыг ээлж дараалан галдан шатаах болно” хэмээн мэдэгдсэн. Мөн цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдэгдэж буйгаар “Жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, резинен сумтай буу ашиглаж байгаа” хэмээн анхааруулжээ.