Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг сэтгүүлчид хэлэлцлээ
Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулагдсан “Гүтгэлэг, доромжлол гэмт хэрэг мөн үү” сэдэвт хэлэлцүүлэг.
2012.12.13

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг сэтгүүлчид хэлэлцлээ

Ерөнхийлөгчийн Тамгын газар болон “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагаас санаачилсан “Гүтгэлэг, доромжлол гэмт хэрэг мөн үү” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн гол зорилго нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын сүүлийн хувилбарыг сэтгүүлчид болон мэргэжлийн холбоодод танилцуулахаас гадна  Эрүүгийн хуулиар сэтгүүлчийг яллаж болох эсэх талаар мэргэжлийнхний байр суурийг сонсоход чиглэж байсан юм. Сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар шийтгэдэг асуудлыг халахаар тусгасан нь уг хуулийн төслийн амин сүнс болж байгаа юм. Тиймээс энэ нь зөв үү, хуулийн төсөлд орж буй уг заалтыг дагаад Эрүүгийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү гэсэн асуудлуудаар хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм.

"Уг хуулийн төслийг баталснаар манай сэтгүүлзүйн салбар олон улсын жишгийн дагуу хөгжих боломж нээгдэх юм"

Сэтгүүлчид болон мэргэжлийн холбоод энэ үеэр энэхүү санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан бөгөөд “Гүтгэлэг, доромжлолыг гэмт хэрэгт тооцох нь буруу” гэсэн байр суурийг илэрхийлж, хуулийн төсөлд оруулсан өөрчлөлтүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Дан ганц сэтгүүлчдээс гадна хуулийн байгууллагынхан ч энэхүү асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нэг арга хэрэгсэл нь ардчилсан, чөлөөт, хараат бус, олон ургальч хэвлэл мэдээлэл билээ.

Сэтгүүлч хүн аль хэр чөлөөтэй, улс төр, бизнесийн бүлэглэлийн нөлөөнөөс ангид байна тэр хэрээр хараат бус ажиллаж чадна. Сэтгүүлч ажлаа гүйцэтгэх явцад гүтгэлэг, доромжлолыг олон нийтэд тараасан бол баривчлах ял ногдуулж байгаа нь шударга шүүмжлэлийг няцаах, үнэн мэдээллийг саармагжуулах, олон нийтийг төөрөгдүүлэхэд ашиглагдаж, сэтгүүлчдийг айдас хүйдэст автуулан өөрийгөө цензурдэхэд хүргэдэг хатуу шийтгэл болохыг НҮБ өөрийн гишүүн орнуудад удаа дараа сануулж байгаа юм.

Иргэдийнхээ үнэн зөв мэдээлэлтэй байх эрхийг амьдрал дээр бодитой хангаж хэрэгжүүлдэг улс орон жинхэнэ ардчилсан байж чадна. Энэ бол төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхтэй иргэдийнхээ боломж, хүчийг улам нэмэгдүүлж байгаа хэрэг билээ” хэмээсэн. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн М.Батчимэг “Хэлэлцүүлгийн үеэр гаргасан санал, санаачилгуудыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр зарчмын  зөрүүтэй санал хэлбэрээр хуулийн төсөлд тусгах бүрэн боломжтой” хэмээж байсан юм.  Тиймээс Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл нь сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалахаас гадна иргэдэд үнэн бодит мэдээлэл авах эрхийг нь нээж өгч байгаа юм. Нөгөөтэйгүүр, уг хуулийн төслийг баталснаар манай сэтгүүлзүйн салбар олон улсын жишгийн дагуу хөгжих боломж нээгдэх юм.