Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 340 мянган төгрөгөө оноос өмнө авахаар болов.
УИХ-ын чуулган: 2012.12.13 ны өдөр
2012.12.16

Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 340 мянган төгрөгөө оноос өмнө авахаар болов.

Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдрийн /2012.12.13/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.УЛААН танилцууллаа. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ГАНБААТАР танилцууллаа

Сангийн сайд Ч.Улааны танилцуулснаар Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тодотголыг УИХ-аас 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 336.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийн дутагдалтай батлалсан бөгөөд дутагдаж буй эх үүсвэрийн 23.5 тэрбум төгрөгийг оны эхний мөнгөн хөрөнгийн үлдэгдлээр, үлдэх 313.1 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаас гаргаж төвлөрүүлэхээр тооцсон ажээ.

Хүний хөгжил сангаас 2012 оны эхний 6 сард иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг олгох, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1 сая төгрөгийг 5, 6 дугаар саруудад 3 хуваан олгох арга хэмжээг санхүүжүүлэхтэй холбогдуулан 1, 3, 5, 6 дугаар саруудад нийт 220 тэрбум төгрөгийн богино хугацаатай зээлийг Монголбанкнаас авч ашиглажээ. Уг зээл нь Төв банкны тухай хуулиар тухайн санхүүгийн жилд буюу 2012 оны 12 дугаар сарын 30-аас өмнө бүрэн төлөгдөх ёстой.

Түүнчлэн Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулиар нийт 334.2 мянган ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1 сая төгрөг олгохоор батлагдсан. Энэ оны эхний 6 сарын гүйцэтгэлээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1 сая төгрөгийг олгоход нийт 211.9 тэрбум төгрөг санхүүжүүлсэн боловч эх үүсвэр дутагдаж байгаагаас болж 3 дахь ээлжийн 340 мянган төгрөгийг олгоход шаардлагатай 120 гаруй тэрбум төгрөгийг санхүүжүүлээгүй байна. 

Иймд Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулиар батлагдсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 340 мянган төгрөгийн үлдэгдэл болон Монголбанкнаас авсан зээл, зээлийн хүүг 2012 оны 12 дугаар сард багтаан бүрэн санхүүжүүлэхийн тулд Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах замаар тус санд дутагдаж буй эх үүсвэрийг Засгийн газрын бонд, өрийн бичиг гарган санхүүжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. 

Төсвийн тухай хуулийн 7.7 дахь хэсэгт зааснаар аливаа төсвийн жил дуусахад тухайн жилд батлагдсан төсвийн хөрөнгийг зарцуулах эрх нь дуусгавар болох ёстой.

2012 оны төсвийн жил дуусахад 1 сар орчмын хугацаа үлдсэн тул хуулийн төслийг нэн яаралтай УИХ-аар хэлэлцүүлж, батлуулах шаардлагатай байна гэж сайд танилцууллаа.

Харин Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төсөлд Хүний хөгжил сангийн алдагдлыг санхүүжүүлэхэд шаардагдаж буй 336.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийн дутагдлын 23.5 тэрбум төгрөгийг Хүний хөгжил сангийн 2012 оны эхний мөнгөн хөрөнгийн үлдэгдлээс санхүүжүүлж, үлдэж буй 313.1 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Засгийн газрын бонд гарган бүрдүүлэхээр тусгасан байна.

УИХ-ын үдээс хойшх хуралдааны завсарлагаанаар Төсвийн байнгын хорооны хурал болж Засгийн газрын үнэт цаас гаргах асуудлыг нэн даруй анхны хэлэлцүүлэгээр батлах хэрэгтэй гэж үзсэн байна.

Улмаар УИХ-ын үдээс хойших хуралдаанаар уг тогтоолийн төсөл батлагдав.

Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 340 мянган төгрөгөө оноос өмнө авахаар болов.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.