Ерөнхийлөгчийн сонгуулийг гараар тоолох нь зүйтэй
УИХ дахь МАН-аас сонгогдсон зарим гишүүдийн хурал өчигдөр боллоо. Тус хурлаар өнгөрсөн долоо хоногт өргөн баригдсан Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой асуудал, Хөдөлмөрийн тухай хуультай холбоотой асуудлаар гишүүд байр сууриа нэгтгэжээ. Тухайлбал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуультай холбогдуулан зарчмын хэд хэдэн саналыг гаргажээ. Аливаа сонгуулийн хуулийг тухайн сонгууль явахаас зургаан сарын хугацаанд өөрчилж болохгүй гэсэн байдаг. Гэтэл сүүлийн үед сонгуулийн хугацааг сунгах явдал гарч байгааг УИХ-ын гишүүн Н.Энхболд хэлж байлаа.
Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгаар сонгууль ирэх оны 6 сарын 20-ны үед болох ажээ. Уг нь өмнөх хуулиар 5 дугаар сард болох байжээ.
Ийнхүү сонгуулийн хугацааг хойшлуулаад байгаа нь МАН-ын зүгээс эрх баригч намыг цаг хожих гэсэн явуургүй арга хэмээн үзэж байгаа аж.
Санал тоолох машинтай холбоотой асуудал нэлээдгүй хөндөгдсөн учир гишүүд энэ удаад гараар тоолох саналтай байгаагаа хэллээ.
Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Хан-Уул, Баян-Өлгий аймагт олон саналын хуудас хүчингүй болж байсан. Энэ асуудлыг шалгаж өгөхийг намын удирдлагын зүгээс УИХ-ын удирдлагуудад хандаж хүсэлт гаргаж байснаас үзэхэд Ардын нам үнэхээр машинаас хаширсан бололтой. Тэгээд ч ерөнхийлөгчийн сонгуульд 3-4 хүн нэр дэвших учир гараар тоолох нь зүйтэй юм.
УИХ-ын гишүүн Н.Энхболдоос Д.Арвин гишүүний намаас гарах асуудлыг лавлахад: “Д.Арвин гишүүн намаасаа гарна гэсэн мэдээлэл бидэнд одоогоор ирээгүй байна. Тийм асуудал байхгүй болохоор бүлэг дээр ч энэ тухай хэлэлцээгүй” гэдгийг хэлсэн.