Гадаад харилцааны сайд Л.Болд Ш.Абэд Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргэлээ
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд
2013.01.02

Гадаад харилцааны сайд Л.Болд Ш.Абэд Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргэлээ

Гадаад харилцааны сайд Л.Болд Японы Либерал Ардчилсан намын Дарга Ш.Абэд Япон улсын 96 дахь Ерөнхий сайдаар тохоон томилогдсонд нь баяр хүргэлээ. Тэрбээр баярын мэндчилгээндээ, "Өнгөрсөн аравдугаар сард Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газрын  Гадаад харилцааны сайдын анхны айлчлалыг Япон улсаас эхлүүлж тантай уулзаж, билэгтэй сайхан ерөөл тавьсан минь биелсэнд баяртай байна" хэмээгээд Монгол, Японы хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлийн зарчмаар эрчимтэй хөгжүүлэхэд Либераль Ардчилсан нам, түүний тэргүүлсэн Засгийн газруудын хувь нэмэр үнэлж баршгүй өндөр байдагт талархал илэрхийлжээ. Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бол Япон улстай бүх талын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх явдал юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд Эрхэмсэг ноён Ерөнхий сайд тантай үр бүтээлтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна хэмээн Гадаад харилцааны сайд Л.Болд уламжилжээ.