Зарим баримтыг нууцаас гаргах асуудал маргаан дагуулав
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
2013.01.09

Зарим баримтыг нууцаас гаргах асуудал маргаан дагуулав

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хуулийн төслийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг танилцуулсан юм. Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд 59 мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, ажиллагааг төрийн нууцад хамаарахаар хуульчилсан байдаг аж. Харин мэдээллийн эрин үеийн шаардлагаар зарим бичиг баримтыг төрийн нууцын жагсаалтаас гаргах шаардлага гарсан аж.

Тухайлбал, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 1.17-д "Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сан"-г Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын хүрээнд маш нууц зэрэглэлээр байнга нууцлах хугацаатайгаар нууцалдаг. Иргэний бүртгэл, мэдээллийн улсын санд иргэний төрсний, гэрлэсний, гэрлэлт цуцлуулсны, гэрлэлт. сэргээсний, эцэг тогтоосны, үрчилсний, харьяалал сэргээсний зэрэг бүртгэл хамаардаг. Харин хуулийн төсөлд улсын харьяатаас гарсан, харьяат болсон, харьяалал сэргээсэнтэй холбогдохоос бусад мэдээллийг төрийн нууцад зайлшгүй хамааруулахгүй аж. Мөн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд "1:100000-аас илүү нарийвчлалтай масштабын байр зүйн зураг"-ийг нууцалсан зэрэглэлээр байнга нууцлах хугацаатайгаар тус тус төрийн нууцад хамааруулсан байдаг. Энэ нь авто зам тавих, аж үйлдвэрийн цогцолбор барих зэрэг бүтээн байгуулалтын ажилд саад учруулдаг аж. Тиймээс 1:100 000-аас илүү нарийвчлалтай масштабын байр зүйн зургийг нууцын зэрэглэлээс хасахаар хуулийн төсөлд тусгажээ. Гэхдээ улсын батлан хамгаалахад онцгой ач холбогдолтой объектын байршлын зураг нууцын зэрэглэлд үлдэх юм байна.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал

Хуулийн төслийг танилцуулсны дараа гишүүд асуулт тавьж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Батлан хамгаалах яам, Тагнуулын ерөнхий газар хуулийн төсөлд ямар санал өгснийг асуув. Ч.Сайханбилэг дээрх хоёр байгууллага зарчмын хувьд дэмжсэн гэдгийг хэлж, харин Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ч.Чулуунбаатар сайдын хариултаас эсрэг зүйл ярьснаар маргаан дэгдсэн юм. Ч.Чулуунбаатар "Тагнуулын ерөнхий газраас хуулийн төслийг дэмжих    боломжгүй гэдэг санал өгсөн. Батлан хамгаалах яам ч ийм байр суурьтай байгаа. Гэтэл хуулийн төслийг оруулж байна. 1:100000 масштабтай байр зүйн зургийг нууцаас хасалгүйгээр бүтээн байгуулалтын ажлыг шийдэх боломжтой" гэлээ. Ингэж хариулсанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайд Ч.Сайханбилэг гэнэт уурлаж, "Чи Тагнуулын ерөнхий газарт ямар албан тушаал хашдаг хүн бэ. ТЕГ-ын дарга Д.Гэрэл гэдэгхүний гарын үсэгтэй албан бичигт "Зарчмын хувьд дэмжиж байна" гэж бичсэн байна. Засгийн газрын хуралдаан дээр орж ирж олон юм солиороогүй байж энд юугаа яриад байгаа юм. Аятайхан байгаарай. Засгийн газрын харьяа агентлагийн хүн ийм зүйл ярьж байгааг гайхаж байна" гэв. Гэнэт загнуулсан Ч.Чулуунбаатар "Та нар ямар соёлгүй юм бэ. Хүн загнаад байх юм" гэхээс өөрийг хэлсэнгүй. Сайд, Засгийн газрын харьяа байгууллагын тэргүүн дэд дарга хоёрын харилцааг Р.Амаржаргал гишүүн "Засгийн газрын гишүүн агентлагийн даргаа муухай дарамталдаг юм байна. Ийм байхад үнэнийг хэлэх хүн олдохгүй биз дээ" гэж дүгнэсэн юм.

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж

Р.Гончигдорж гишүүн 1:100000 масштабтай байр зүйн зургийг нууцаас гаргах асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хянуулах горимьж санал гаргалаа. Харин УИХ-ын дарга З.Энхболд "Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг шинэчлэх гэж ТЕГ арваад жил оролдоод чадаагүй. Социализмын үеийн бүх зүйлийг нууц байлгах ёстой гэсэн сэтгэлгээтэй хүмүүс энэ хуулийг шинэчилж чадахгүй байх. Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудал бол жаахан зүйл. Харин Засгийн газар Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг хэзээ шинэчлэх вэ" хэмээн асууж тодрууллаа. Ч.Сайханбилэг даргын хэлж байгаагаар Засгийн газар удахгүй дээрх хуулийн шинэчилсэн найруулгыг оруулж ирэх аж. Харин өөрчлөлт оруулах хуулийн заалтын хувьд цаг үеийн шаардлагаар яаравчлаагүй бол болохгүй байгаа аж. Иргэний мэдээлэл нууцад хамаардгаас төрийн байгууллага шуурхай үйлчилж чаддаггүй. Байр зүйн зураг нууцад хамаардгаас бүтээн байгуулалтад саад учирч байгаа гэж тэд тайлбарлав. Ингээд гишүүдийн олонхи нь Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.