Төрийн нууцын жагсаалтад өөрчлөлт оруулах төслийг дэмжив
Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр болж, төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг танилцуулав.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Д.Ганбат нар танилцуулав.
Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нэгдүгээр сарын 16, 23, 30-ны өдрүүдийн хуралдаанаараа тус тус хэлэлцжээ.
УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж байгаа асуудлаар холбогдох яам, газруудаас бүрэн мэдээлэл авах, зарим асуудлыг тодруулах шаардлагатай байна гэсэн үндэслэлээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4,6-д заасны дагуу хоёр удаа завсарлага авсан. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Н.Энхболд нар хуулийн төсөлтэй холбоотой мэдээлэл тодорхойгүй, Засгийн газраас мэдээлэл хангалтгүй өгч байгаа тул Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газраас УИХ дахь МАН-ын бүлэгт албан ёсоор мэдээлэл өгөх, Байнгын хороогоор асуудлыг цогцоор нь авч хэлэлцэх шаардлагатай гэсэн санал гаргасан байна.
Харин гишүүн М.Батчимэг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-аар шийдвэрлэсний дараа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.8-д заасны дагуу үндэсний дата төвийн болон улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, ашиглах, хадгалах журмыг 2013 оны нэгдүгээр улиралд багтаан баталж мөрдүүлэх, Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд болон Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, 2013 оны хоёр, гуравдугаар улиралд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгасан Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасны дагуу Байнгын хорооноос боловсруулан Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэсэн санал гаргасныг байнгын хорооны гишүүд хэлэлцүүлгийн үед шийдвэрлэх боломжтой гэж үзжээ.
Уг нь Засгийн газраас энэ хуулийн төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлснийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн боловч олонхийн дэмжлэг авч чадаагүй тул төсөл санаачлагчид нь буцаасан юм. Харин УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу төслийг дахин өргөн мэдүүлснээр ийнхүү хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэхээр ярилцаж байгаа юм.
Төсөл санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 46 гишүүний 34 нь буюу 73 хувь нь хэлэлцэхийг дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.
Дараа нь зарим гишүүдээс өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тамгын газрын дүрэм батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв. Төслүүдийн танилцуулгыг гишүүн А.Бакей, Төрийн байгуулалтын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ж.Батзандан нар хийлээ.
УИХ-ын гишүүн А.Бакей, Г.Батхүү, Ж.Батсуурь, Ч.Улаан нар Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тамгын газрын дүрэм батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, нэгдүгээр сарын 24-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох, Байнгын хороо, УИХ-ын гишүүдэд УИХ-ын Тамгын газрын зүгээс үзүүлэх судалгаа, шинжилгээ, лавлагааны үйлчилгээг сайжруулах, УИХ-д Өргөдлийн байнгын хороо шинээр байгуулсантай холбогдуулан тодорхой эрх зүйн зохицуулалтуудыг хуульчлах нь зүйтэй гэсэн үндэслэлээр дээрх төслүүдийг боловсруулжээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо уг хуулийн төслүүдийг нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэхэд УИХ-ын гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт, санал гаргаагүй бөгөөд гишүүдийн олонхи нь төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн Н.Батбаяр асуулт асууж, гишүүн Ц.Баярсайхан, Н.Батбаяр нар үг хэлсэн юм. Гишүүн Н.Батбаяр хуульд зохцуулах заалт байсаар байтал Үндсэн хууль зөрчсөн заалт оруулж ирж байгаа тул дэмжих боломжгүй гэлээ. Харин УИХ-ын дарга тийм зүйл байхгүй гэдгээ хэллээ.
Ингээд төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалгахад хуралдаанд оролцсон 45 гишүүний олонхи нь төслийг хэлэлцэхиийг дэмжсэнгүй.