2013.01.09

Оюутолгойн гэрээг би өндөг шиг өөгүй гэж хэлэхгүй

"Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүхтэй ярилцлаа.

"Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн монгол гишүүдийг хурлаа хаяж гарсан, үлдсэн гишүүдтэйгээ санал зөрсний улмаас дахиж хуралдаа ирэхгүй байх магадлалтай гэх зэрэг яриа юуны учраас гарсан юм бол?

Хурал болдгоороо л болсон.Төлөвлөсөн  асуудлын заримыг хэлэлцэж амжихгүйгээр завсарлах, ярилцаж тохироод  хойшлуулах үе хааяа гарах нь байдаг л зүйл. Саяны хурлын хувьд бид Оюутолгой төслийн 2013 оны төсөвтай холбоотой асуудлыг хэлэлцсэн юм.

Монголын талын гурван гишүүн маань төсвийн зарим зүйлтэй санал нийлээгүй учраас бид дахиж хуралдахаар болсон. Түүнээс биш тэд хурал хаяад гарсан, эсвэл  бойкот хийсэн юм байхгүй. ТУЗ эргэж цуглана, хурлаа хийж асуудлаа шийднэ. "Оюутолгой" ХХК байгуулагдаад гурван жил, ТУЗ нь ажиллаж эхлээд хоёр жил гаруйн хугацаа л болж байна. ТУЗ байгуулагдсан цагаас хойш хурлаа хийхгүй, асуудлаа хэлэлцэхгүй, шийдвэрээ гаргахгүй өнгөрүүлсэн удаа огт байхгүй.

Манай ТУЗ-ийн нэг онцлог нь дэлхийн эдийн засаг, бизнес, улс төрийн талбарт хүлээн зөвшөөрөгдсөн англи, австрали, америк, монгол гээд гадаад, дотоодын есөн гишүүнээс бүрддэг.

ТУЗ-ийн анхны бүрэлдэхүүнд АНУ-ын Массачусетс мужийн захирагчаар ажилласан хүн багтаж байсан гэхээр хэр их мэдлэг, чадвартай хүмүүсээс энэ баг бүрддэгийг ойлгож болох юм.

Бид "Оюутолгой" ХХК-д эхнээс нь сайн засаглалыг нэвтрүүлж, үйл ажиллагааг нь зөв явуулах чиглэлээр ажиллаж ирсэн.
ТУЗ дэх Монголын талын гурван гишүүн Засгийн газартай хэр ойр дөт ажилладаг бол?

Засгийн газрын байр суурийг төрийн өмчит "Эрдэнэс Оюутолгой" компани төлөөлж ажилладаг шүү дээ. Тэгэхээр ТУЗ-ийн монгол гишүүд маань энэ компаниараа дамжуулаад Засгийн газраасаа чиглэл авч, байр сууриа илэрхийлдэг. Энэ дашрамд хэлэхэд, Монголын талын гурван гишүүн Н.Багабанди, Б.Ганболд, П.Цагаан нар Монголын эрх ашгийг хамгаалах үүргээ үнэхээр сайн гүйцэтгэж байгаа. Тэд манай нийгмийн мундаг төлөөлөгчид гэдгээ мэдрүүлж чаддаг.

Монголын талын эзэмшиж буй 34 хувийг нэмэгдүүлье, төслөөс хүртэх үр ашгаа эрс өсгөе, ерөөсөө Оюутолгойн гэрээг өөрчилье гэдэг байр суурь нэлээд газар авч байна. Та эл байр суурийг хэрхэн хүлээж авдаг вэ?

34:66 хувь бол Монгол Улсын Засгийн газар, хөрөнгө оруулагчдын хооронд явуулсан хэлэлцээний дүнд 2009 оны аравдугаар сард байгуулагдсан гэрээгээр тохирсон хэмжээ. Энэ гэрээг би 100 хувь, өндөг шиг өөгүй гэж хэлэхгүй.

Эрх зүйн асар их туршлагатай, гадаадын томоохон хөрөнгө оруулагчидтай хийсэн анхны гэрээ учраас Монголын талд хожсон нь ч бий байх, хожоогүй нь ч байдаг л байх. Нэг дор бүгдийг хожно гэдэг бэрх даваа шүү дээ. Хувь хэмжээний асуудлыг Засгийн газар, салбарын яамдын зүгээс тавиад явж байгаа. Гэхдээ энэ бол "Оюутолгой" ХХК, түүний ТУЗ-ийн шийддэг зүйл биш. Энэ бол Монголын Засгийн газар, хөрөнгө оруулагчид хоорондоо тохирох асуудал.

Одоо төслийн дөнгөж эхний шат л хэрэгжиж эхэлж байна. Барилгын шат дуусч, баяжуулах үйлдвэрээ нээлээ. Зам тавьсны дараа хаахна нь хотгор, хаанаа гүдгэр юм гэдэг нь аяндаа мэдэгддэг шиг Оюутолгой төсөл ашигтай эсэхийг ёстой одоо л мэдэж авна. Оюутолгойгоосоо ганц тонн бүтээгдэхүүн аваагүй байж хувь хувьцаагаа нэмнэ, өсгөнө гэдэг бол алаагүй баавгайн арьсыг арван гурав хуваахтай адил сонсогдоод байгаа юм л даа. Олон нийтийн дунд Оюутйлгойгоос маш их хүлээлт байдгийг бид сайн мэднэ. Монголчууд 34 хувь эзэмшдэг боловч татвар, роялтийн бусад хураамжаар хөрөнгө оруулагчдын хүртдэгээс хамаагүй давуу орлого авдаг.

Баяжуулах үйлдвэр нээлтээ хийлээ. Энэ үйлдвэр Монголын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

Оюутолгой төсөл хэрэгжиж дуусахад "Оюутолгой" уурхайн цогцолбор бий болсон байх учиртай. Энэ нь ил болон гүний уурхай, баяжуулах үйлдвэр, үйлдвэрлэлийн байгууламжууд гэсэн иж бүрэн цогцолбор байх юм. Баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор бид олборлосон хүдрээ боловсруулж, зэсийн баяжмал үйлдвэрлэн, экспортод гаргана.

Өнөөдрийг хүртэл дандаа хөрөнгө гаргаж байсан бол одооноос орлого олж эхэлнэ шүү дээ. Ийнхүү Оюутолгой төсөл анх удаа дэлхийн хамгийн сүүлийн үеийн техник технологи, тоног төхөөрөмж, хамгийн шилдэг үйлдвэрлэлийн менежментийг Монголын хөрсөнд буулгаж байгаагаараа онцлог юм.

НҮБ-ын гишүүн орнуудаас 44 улсын нарийн мэргэжилтнүүд манай инженер, техникийн ажилтнуудтай мөр зэрэгцэж, сүүлийн гурван жилийн турш өдөр шөнөгүй хөдөлмөрлөн энэ үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Оюутолгойн баяжуулах үйлдвэр ашиглаттад орсноор нэмүү өртөг нь эх орондоо үлдэх Монголын аж үйлдвэрийн үнэт зүйлсийг бий болгож, орон нутаг болон улсын төсөвт төлөгдөх татвар, хураамжийнхаа хэмжээгээр нийгэм, эдийн засагт үлэмж хувь нэмрээ оруулах болно. Түүнчлэн дэлхийд өрсөлдөх монгол инженер, техникийн ажилтан, ажилчдын цоо шинэ үеийг төрүүлж байгаагаараа онцгой гавьяатай.

Баяжмалаа аль орнуудад  худалдахаар гэрээлэв. Тээвэрлэлт нь ямар байдлаар явагдах юм?

Худалдааг өндөр ашигтай байлгахын тулд бүх талаар зардлаа хэмнэх ёстой. Уул уурхайд хамгийн их зардал тээвэрлэлтэд гардаг. Зах зээлийн хувьд хамгийн ойрхон байршилтай нь БНХАУ байна. Өмнөд хөршид баяжмалаа худалдах нь тээвэрлэлтийн зардал бага гарах ач холбогдолтойгоос гадна Хятад бол ерөөсөө дэлхийн хамгийн том хэрэглээ шүү дээ. Түүнчлэн Япон, Солонгос, Швейцарь, Австралийн зэс хайлуулах үйлдвэрүүдтэй харилцана. Одоогийн байдлаар Оюутолгойгоос БНХАУ-ын хил хүртэл автозам тавигдаж байгаа бөгөөд ирэх хавар ашиглалтад орно. Тээвэрлэлтийн тендерийг Монголын компаниудын дунд зарласан, ялагч нь хараахан тодроогүй байгаа.

Оюутолгой төслийн хүрээнд "Эрдэнэт үйлдвэр"-ийн байгуулсан шиг орон сууцны хороолол, соёл,үйлчилгээний төв бүхий орчин үеийн хот байгуулагдах уу?

Ийм том төсөл явж байгаа л бол хүний асуудлыг орхигдуулж огт болохгүй. Бид Оюутолгойд ажиллах хүмүүсээ гэр бүлтэй нь шинэ сайхан хотод амьдруулахаар

төлөвлөж байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэртэй шууд залгуулаад шинэ хот байгуулахаар судалгаа, төлөвлөлт хийсэн. Гэхдээ өнөөдөр төлөвлөөд маргааш барьчихгүй тул тодорхой хугацаа шаардагдаж таарна. Шинээр хот төлөвлөхөд байгаль орчны судалгаа, хүн амын судалгаа гээд маш их ажил ундардаг юм байна. Ойрын хоёр жилийн хугацаанд барилгын ажил нь эхлэх байх.

Хэдэн хүнтэй хот босох юм бол?

Ханбогдын хуучин иргэдийг оруулаад 15-20 мянган хүн амьдрахаар төлөвлөсөн. Энэ хотод сургууль, цэцэрлэг, эмнэлэг, театр гээд хүний хэрэгцээнд шаардлагатай бүхнийг барьж байгуулна.

Мэргэжилтэй ажилчдыг хэрхэн бэлтгэж байгаа вэ?

Хөрөнгө оруулалтын гэрээнд заагаагүй боловч "Оюутолгой" ХХК Засгийн газартай хамтран уул уурхайн салбарын мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх таван МСҮТ-ийг шинэчлэн сайжруулсны гадна, Налайх, Даланзадгад, Дарханд тус бүр нэг МСҮТ барилаа. Бид таван жилийн хугацаанд МСҮТ-үүдэд техникийн ажилчин бэлтгэхэд 146 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн.